Хятадын 100 сая гаруй оюутан, сурагч хичээлдээ явлаа

Хязгаарлах арга хэмжээг сулруулснаар Хятадын 100 сая гаруй оюутан, сурагч буюу нийт суралцагчдын 40 орчим хувь нь хичээлдээ явж эхэлсэн байна. Харин Нийслэл Бээжин, цар тахлын голомтод тооцогдож байсан Хубэй болон ОХУ-тай хил залгаа орших Хар мөрөн мужид хөл хориог сулруулаагүй гэнэ.

Энэтхэгийн мужуудаас халдвар хамгийн их илэрсэн Махараштра мужийн Засгийн газар 35 мянган хоригдлоосоо хөнгөн ялтай 17 мянгыг нь суллах болжээ.

Шинэ Зеландад өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд тогтоосон онцгой байдлын дэглэмээ цуцалж, шилжилтийн үе эхэлснийг зарласан байна. Энэ нь халдварын хоёр дахь түвшин рүү шилжихтэй холбоотой аж. Эл үеийг 90 хоног үргэлжилнэ гэж тооцжээ.

АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм БНХАУ-ыг цар тахал дэгдэхэд хүргэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй, хамтарч ажиллахгүй бол тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг Конгресстоо өргөн барина гэв. Хөрөнгө царцаах, нэвтрэхийг хориглох, виз цуцлах, Америкийн санхүүгийн байгууллагаас Хятадын аж ахуйн нэгжүүдэд зээл, даатгал олгохыг хориглох, тус улсын компаниудад үнэт цаасаа Америкийн биржүүдэд байршуулахгүй байх хориг арга хэмжээ авахаар уг баримт бичигт тусгажээ. Мөн тэрбээр вирус амьтнаас хүнд халдсан байж болзошгүй далайн бүтээгдэхүүний бүх захыг хаах, цар тахал дэгдсэнээс хойш Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчилсан идэвхтнүүдийг суллахыг Хятадын эрх баригчдаас шаардсан байна. Үүнээс өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Лэ Юйчин NBC телевизэд ярилцлага өгөхдөө “Бээжин коронавирусийн талаар ямар нэг мэдээлэл нуугаагүй” хэмээн тэмдэглэжээ. “Зарим улстөрч вирустэй холбоотой нөхцөл байдлыг Хятад улсын эсрэг гүтгэлгэд ашиглаж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)