Хятадын эрмэлзлийн эсрэг Америкийн стратеги хэдийн суларчээ

Дэлхийн геополитикийн хүндийн төв Ази руу шилжсэн нь Энэтхэг, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа олон улсын талаарх Америкийн байрь суурийн хувьд олон ургальч үзэл, дүрэм журамтай байх нь нэн чухал болж буй. Тиймээс худалдааны саадгүй урсгалтай, хуулиа дээдлэх зарчимтай, үндэстний тусгаар тогтнол, одоо байгаа хил хязгаарт хүндэтгэлтэй ханддаг тус бүс нутгийн чөлөөтэй, нээлттэй байх үзэл баримтлалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэмжсэн нь хоёр жилийн өмнө сайн мэдээ болсон юм. Гэвч АНУ эл үзэл баримтлалаа амьдралд хэрэгжүүлэхгүй, харин ч Азид Хятадын түрэмгийлэл саадгүй газар авах боломжийг үнэн хэрэгтээ олгож байна. Үүний уршгийг хэтрүүлэхгүйгээр авч үзэх аргагүй.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн тунхагласан Ази руу эргэлт хийх бодлогыг бодвол Д.Трампын дэвшүүлсэн Энэтхэг, Номхон далайн чөлөөтэй, нээлттэй бүс нутгийн үзэл баримтлал нь стратегийн жин даах, улс төрийн тодорхой хандлага боловсруулахад хүргээгүй. Харин ч эсрэгээр, Хятад улс дүрэм зөрчиж, бусдын стратегийн газар нутаг дахь хяналтаа өргөжүүлж, ялангуяа Өмнөд Хятадын тэнгист хиймэл арлууд байгуулж, цэрэгжүүлж байхад АНУ хөндлөнгөөс зүгээр харсаар байна. Тэнгисийн худалдааны энэ чухал зурвасын геополитикийн газрын зургийг өөрчилж байгаа Хятадад олон улсаас ямар ч нөлөө үзүүлсэнгүй.

Мэдээжийн хэрэг, Хятадын үйлдэлд, тухайлбал, Вьетнамын эдийн засгийн онцгой бүсэд эхлүүлсэн нефть, хийн төслүүдэд Хятад улс хөндлөнгөөс саад болж буйд түгшиж байгаагаа АНУ удаа дараа илэрхийлсэн. Тодруулбал, Өмнөд Хятадын тэнгисийн чөлөөт хөдөлгөөнийг хамгаалах ажиллагаагаа идэвхжүүлж, тус бүс нутгийн ардчилсан томоохон гурван улс болох Австрали, Энэтхэг, Японтой хамтран Энэтхэг, Номхон далайн чөлөөтэй, нээлттэй, нэгдмэл бүс нутгийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудлаар дөрвөн талын зөвлөлдөөн зохион байгуулжээ. Хэдийгээр эл дөрвөлд цэргийн эвсэл байгуулах төлөвлөгөө байхгүй ч тэнгисийн стратегийн хамтын ажиллагааны ирээдүйтэй нэгдэл байгуулах боломжтой. Асуудлаа илүү өндөр буюу Гадаад хэргийн сайд нарын түвшинд зөвлөлдөх болжээ.

Гэсэн ч эл дөрвөл эвсэх баталгаа байхгүй. “Хятадыг байх ёстой газар нь л тогтоон барина” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн хэлснээс өөр тавьсан зорилго байхгүй. Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх Америкийн стратеги ч бүхэлдээ ийм асуудалтай. Тус бүс нутагт ардчилсан дүрэм журам тогтоохыг Д.Трампын засаг захиргаа хүсэж байгаа ч үүнийгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байна. Эл асуудлаар хариулт олохыг оролдохын оронд тус засаг захиргаа стратегийн асуудлыг хойш тавьж, саяхан Бангкокт болсон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад бага тушаалын төлөөлөгч оролцуулан, хоёр талын худалдааны хэлэлцээнд анхаарлаа хандуулжээ.

Ийм хандлага нь Шинжааны уйгуруудын талаар хүний эрх ноцтой зөрчиж буй зэрэг Хятадын улс төрийн харгис бусад шийдвэрийн талаар ярихгүйгээр тус улсын нутаг дэвсгэрийн асуудлаар хориг саад тавихад ямар ч тус болохгүй нь тодорхой. Хятадын Засгийн газар засан хүмүүжүүлэх газрууддаа уйгурууд голдуу нэг сая гаруй мусульман шашинтныг хорьж буй тухай мэдээ бий. Энэ нь дэлхийн II дайнаас хойш шашин шүтлэгийн улмаас хүмүүсийг хамгийн олноор нь хорьж буй тохиолдол.

Америкийн хоёр намын комисс хориг арга хэмжээ авахыг өнгөрсөн онд зөвлөсөн ч Д.Трампын засаг захиргаа тэдгээр хорих газартай холбоотой байгууллага, түшмэдэд сая л экспорт, визийн хязгаар тогтоожээ. Ийм шийдвэр гаргасныг Хятадын тал эрс эсэргүүцэж, Шинжаанд явуулж буй ажиллагаа нь хэт давруу үзэл, терроризмын үндсийг таслах учиртай хэмээн нотолсон байна. Ташрамд дурдахад, АНУ-аас авсан харьцангуй аядуу арга хэмжээ Хятадыг тогтоон барих нь юу л бол.

Үүний сацуу Америкийн засаг захиргаа өнгөрсөн онд баталсан “Тайвань руу зорчих тухай”, “Төвөд рүү харилцан зорчих тухай” хуулийг хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандаж байна. Хятадын улам бүдүүлэг болж буй зөрчил, “Нэг улс, хоёр систем” зарчмын хүрээнд баталгаа өгч буй эрхийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан хэдэн сар үргэлжилж буй Хонконгийн ард түмэнд тус болох учиртай хуулиудыг хоёр нам дэмжиж байгаа.

Худалдааны онцгой статусыг нь зөвтгөхийн тулд Хонконгийн өөртөө засах эрхийг жил бүр нотлохыг Төрийн нарийн бичгийн даргаасаа шаардахаар заасан шинэ хуулиудыг АНУ баталбал хариу арга хэмжээ авахаа Хятад улс амлажээ. Тодруулбал, Хятадыг хатгахыг оролдсон хэнбугайг ч өршөөхгүй, тийм оролдлогыг дэмжсэн гадаадын аливаа хүчнийг манай ард түмэн хоосон мөрөөдөгч хэмээн үзнэ гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин анхааруулсан байна.

Зөрчлийг нь шийтгэхгүй, жилээс жилд үндэс суурь нь бэхэжсэн ийм ойлголтыг дан эдийн засгийн аргаар өөрчлөх аргагүй. Гэвч чухам эдийн засгийн хөшүүрэг л Д.Трампын хэрэглэх дуртай зэвсэг юм.

Америкийн хориг арга хэмжээ болон татвар Хятадын эдийн засгийн удаашралд нэрмээс болж, олон улсад санхүүжилт хийх боломжийг сулруулсан. Гэхдээ Хятадын талаар бодитой амжилтад хүрэхийн тулд нэмээд стратегийн алхмууд хийх шаардлагатай. Эдгээр нь Хятадын ч, Америкийн бүс нутгийн холбоотнуудын ч хувьд тодорхой дохио болох аж.

Ийм дохио маш чухал. Яагаад гэвэл Энэтхэг, Номхон далайн чөлөөтэй, нээлттэй бүс нутгийн тулгуур баганын үүрэг гүйцэтгэх ёстой хэмээж буй дөрвөн улс АНУ-д гол найдлагаа тавьсан. Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй Япон Улс эл үзэл баримтлалыг санаачилсан бөгөөд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт зориулсан улс төрийн хөтөлбөрөөсөө “стратеги” гэдэг үгийг чимээгүй арилгажээ. Австрали Хятадтай иж бүрэн стратегийн түншлэл байгуулсан. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ченнаид Си Зиньпинийг хүлээн авсан билээ.

Хятадын эсрэг жинтэй тоглогч болохоос АНУ зайлсхийхийн хэрээр Си Зиньпинд өөрийн санааг хэрэгжүүлэх стратегийн илүү орон зай бий болж, тэрбээр Америкийн эдийн засгийн, эсвэл өөр ямар нэг дарамтад өртөх магадлал багасаж байна. Үйл явдлыг ийн өрнүүлэхгүйн тулд АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх статус-квогоо өөрчлөх гэсэн Хятадын оролдлогыг сөрөх нарийн төлөвлөгөө боловсруулах зэргээр Энэтхэг, Номхон далайн бодлогоо стратегийн ач холбогдолтой болгох ёстой.

Хэрэв Америкийн нефтийн “Exx¬on mobil” компани Вьетнамын хийн томоохон төслөөс гарвал Өмнөд Хятадын тэнгис дэх эрчим хүчний ямар ч компанийг тус бүс нутгаас гаргах Хятадын эрмэлзлийг харгалзан үзвэл дээрх зорилт илүү чухал болно.

Д.Трамп нэг удаа Өмнөд Хятадын тэнгисийн талаар Б.Обамагийн баримталж байсан стратегийг бүтэхгүй гэж байв. Гэтэл өдгөө Хятадын газар нутгаа тэлэх гэсэн эрмэлзэлд Д.Трампын хандах хандлага хэдийн сул дорой харагдаж байна. Хятадын түрэмгийлэл газар авахын хэрээр эл бүтэлгүй байдал нүүрлэх нь бүр тодорхой болж, илүү их хохирол учруулахаар буй гэж Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели дэх Улс төрийн судалгааны төвийн стратегийн судалгааны профессор, Герман нийслэл Берлин дэх Роберт Бошийн академийн гишүүн Брама Челлани бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)