Хятадын электрон бараануудад тагнуулын "чип" суурилуулсан байжээ

Хятадад үйлдвэрлэгдсэн электрон бараануудад тагнуулын мэдээлэл дамжуулагч чип суурилуулсан байсныг ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн талаар "Россия Сегодня" агентлаг уламжиллаа.

Тодруулбал, Санкт-Петербург хотын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан Хятадын гар утас, индүү, ус буцалгагч зэрэг электрон бараануудаас хурууны хумсны хэмжээтэй жижиг "чип" илэрсэн байна. 

Тус тагнуулын чип нь хамгаалалтгүй Wi-Fi сүлжээнд шууд холбогдож, гар утас, компьютерын мэдээллийг дамжуулах, үүгээр ч зогсохгүй тодорхой орон зайд хүмүүсийн харилцан яриаг чагнах зориулалттай гэж Оросын шинжээчид үзжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан хил гаалийн хяналтыг чангатгаж, дэлгүүрүүдээр шалгалт явуулж эхэлжээ. Тус улсын хувьд Хятадын электрон бараануудыг өргөнөөр импортлогч орон учир бараануудын алинд нь чип суулгасан байгааг тогтооход хүндрэлтэй байгаа аж.

Ташрамд дурдахад, өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Худалдааны яам Хятадын “Хуавэй” компани болон түүнтэй холбоотой хуулийн этгээдүүдийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэж үзэн хар жагсаалтад оруулсан нь дээрх үйл явдалтай холбоотой байж магадгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)