Хятадын “сэргээш” нүүрсний үнийг өсгөж магадгүй

Нүүрсний экспорт буурч, үнэ хямдарсан мэдээ дуулгахад таагүй байна. “Хар алт”-ны экспорт Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөх, өсгөх томоохон хөшүүрэг болсон учраас тэр. Нүүрс, зэсийн ханш өндөр байвал эдийн засаг өсдөг, хямдарвал хүндэрдэг “жамтай” болсон. Манай улс энэ оны эхний 11 сард нүүрсний экспортоос 2.9 тэрбум ам.долларын орлого олсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн нүүрс экспортлогч компаниуд оны эхний есөн сарын байдлаар улсын төсөвт 900 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан дуулгасан. Экспортын 40, төсвийн орлогын 10 гаруй хувийг бүрдүүлдэг гэхээр нүүрсний экспорт, үнэ анхаарал татахгүй байхын аргагүй.

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс ачсан 300 машин өмнөд хөрш рүү нэвтэрч байгаа гэнэ. Тэгвэл Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 200 машин гарч буй аж. Тэгэхээр манай улс өдөрт 500 орчим машин нүүрс экспортолж байна гэсэн үг. Хэвийн үед манайхаас нүүрс тээврийн 1500 орчим машин өмнөд хөршийн хилийг давдаг байжээ. Нүүрсний экспорт ийн буурсан нь хятадууд нүүрс татан авахаа багасгаснаас шалтгаалсан гэнэ. Өмнөд хөршийнхөн сүүлийн жилүүдэд худалдан авах нүүрсэндээ квот тогтоодог болсон. Тодруулбал, Австралиас төд, Монголоос тэдэн тонн нүүрс худалдаж авна гэдэг болсон хэрэг. Квот нь дууссан учраас тэд нүүрс худалдаж авахаа багасгаж таарна.

Нүүрсний экспорт буурснаас шалтгаалан зарим уурхай үйл ажиллагаагаа хумьсан талаар ярих болсон. “Монгол нүүрс ассоциац”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Нүүрсний экспорт багассантай холбоотойгоор олон компани ажилчдынхаа заримыг амраасан. Хятадын Цагаан сарыг дуустал буюу хоёрдугаар сар хүртэл нүүрсний экспорт сэргэхгүй байх” гэв. Тэрбээр нэмж “Манай улс аравдугаар сарын эцсийн байдлаар 33 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээлэл бий. Энэ онд өнгөрсөн жилийнхээ хэмжээнд буюу 36 сая тонн нүүрс экспортлох болов уу хэмээн таамаглаж байна” гэж ярилаа. Хятадын Цагаан сарын дараа яагаад нүүрсний экспорт сэргэх вэ.

Цагаан сараа өргөн тэмдэглэсэн хятадууд үйлдвэрлэлээ идэвхжүүлдэг уламжлалтай. Мөн энэ үед Засгийн газар нь нүүрс худалдан авах квотоо зарладаг. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүддээ аль улсаас хэдэн тонн нүүрс худалдаж авах вэ гэдэг эрхийг нь өгдөг юм. Квотоо зарласны дараа нүүрсний импорт сэргэдэг, мөн үнэ ханшид хөдөлгөөн ордог байдал сүүлийн жилүүдэд тогтсон. Энэ онд нүүрсний үнэ өсөх үү, эсвэл уруудах уу.

Хятадын зах зээлд өнгөрсөн тавдугаар сараас хойш нүүрсний үнэ аажмаар унаж эхэлжээ. Монголоос худалдан авч буй тонн нүүрсний дундаж үнэ одоогоор 160 орчим юаниар буураад буйг салбарынхан дуулгав. Харин угаасан нүүрсний ханш харьцангуй бага дүнгээр хямдарсан гэнэ. Тодруулбал, угаасан нүүрсний үнэ 40 юаниар “гулсжээ”. Энэ нь нүүрсээ цаашид үнэд хүргэж борлуулахын тулд боловсруулах шаардлагатайг харууллаа гэж салбарынхан үзэж байв. Нүүрсээ угааж борлуулахаас гадна төмөр замаар тээвэрлэвэл эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл нэг тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд 10 ам.доллар хэмнэх тооцоо гаргаад буй.

Тонн түүхий нүүрсний үнэ ойролцоогоор 20 ам.доллароор хямдарчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай нүүрсний зах зээлийн бодит үнэ уурхайн ам дээр 58 ам.долларт хүрсэн. Гэхдээ бид гэрээний дагуу 71 ам.доллароор нүүрсээ борлуулж байгаа. Хятадын тал нүүрс худалдаж авах квотоо зарласны дараа үнэ өснө гэсэн хүлээлттэй байна” гэж ярив. Тэрбээр “Австралийн компаниуд угаасан их хэмжээний нүүрсээ хямд үнээр худалдаж авахыг санал болгосон нь, мөн манай нүүрстэй эрчим хүчний нүүрс холин эцсийн хэрэглэгчдэд чанарыг нь бууруулж хүргэж буй нь үнэ хямдрах шалтгаан болсон” гэж тайлбарлалаа. Австралид өнгөрсөн 4-5 дугаар сард ихээхэн хэмжээний газар нутаг хамарсан түймэр гарсан. Үүнээс шалтгаалан нүүрсний экспорт нь түр саатсан юм. Гэтэл тэд “шарх”-аа нөхөхөөр өмнөд хөршид их хэмжээний нүүрсийг хямд үнээр нийлүүлсэн нь бидэнд сөргөөр нөлөөлжээ.

“Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Хятадууд худалдааны дайнаас шалтгаалан саарч буй эдийн засгийн өсөлтөө дэмжих төлөвлөгөө хэрэгжүүлэхээ хэд хоногийн өмнө мэдэгдлээ. Мэдэгдэл нь зэсийн ханш өсөхөд нөлөөлсөн. Гэхдээ төлөвлөгөөгөө хэзээ зарлах, ямар салбарыг дэмжих нь тодорхойгүй байна. Хэрэв дэд бүтцийн төслүүдээ дэмжвэл нүүрсний үнэ өснө” гэж ярив. Хятадууд эдийн засгаа өсгөхийн тулд улсынхаа сангаас хөрөнгө гаргаж, зарим салбараа дэмждэг. Өөрөөр хэлбэл, эдийн засагтаа “сэргээш” хэрэглэж, өсөлтийг нь тогтворжуулдаг юм. Дэлхийн эдийн засаг 2009 онд хямрахад улсынхаа сангаас 700 тэрбум ам.доллар гаргаж, дэд бүтцийн төслүүдээ дэмжиж байв. Үүний үр дүнд дэлхийн зах зээлд зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ огцом өссөн. Энэ нь манай улсыг эдийн засгийн хямралаас хурдан гарахад нөлөөлж байв. Ийм төлөвлөгөө хэрэгжүүлбэл манай эдийн засагт ч дэмжлэг болох нь дамжиггүй. Нүүрсний биш юм гэхэд зэсийн үнэ өснө.

Манай улсын нүүрсний хамгийн том тоглогч “Эрдэнэс Тавантолгой” компани одоогоор 15 сая тонн нүүрс экспортолжээ. Б.Ганхуяг захирал “Хэдийгээр экспорт буурсан ч манай компани төлөвлөгөөгөө биелүүлчихнэ. Тиймээс бидний хувьд санаа зовох зүйлгүй” гэсэн юм. Энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар Ховдын Хөшөөтийн уурхайг эзэмшдэг “Мон Эн Ко” болон “Өсөх зоос” компани экспортын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Харин “Тавантолгой” компани экспортын төлөвлөгөөнийхөө 33, МАК 45 хувийг биелүүлсэн нь хангалтгүй үзүүлэлт болжээ (Инфографикаас харна уу). Бусад нь төлөвлөгөөнийхөө 80-90 орчим хувийг биелүүлэх бололтой. Юутай ч Засгийн газрын 42 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсвийн төлөвлөлт энэ жил биелэхгүй нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)