Хятадын орон сууцын зах зээл сэргэв

БНХАУ-д цар тахлын улмаас эрс уналтад орсон орон сууцын зах зээл нь сэргэж эхэлсэн тухай “Capital economics” компаниас мэдээлжээ. Өнгөрсөн сарын эхний 17 хоногт 30 том хотод нь худалдан авалтын 39 400 гэрээ байгуулсан нь өмнөх сарынхаасаа бараг найм дахин өндөр үзүүлэлт аж. Тухайлбал, тус улсын санхүүгийн томоохон төв Шанхай хотод өнгөрсөн сарын 9-нөөс хойш 1370 гэрээ байгуулсан байна. Цар тахлын оргил болсон нэгдүгээр сард эл хотод ердөө 62 орон сууц борлуулжээ.

Хятадаас ялгаатай нь Сингапурт үл хөдлөх хөрөнгийн зах зээл цар тахалтай холбоотой хямралын үеийн турш тогтвортой байв. Тодруулбал, хоёрдугаар сард 1460 орон сууц борлуулсан нь жилийн өмнөхөөс 37 хувиар илүү үзүүлэлт аж. “Азид болж буй үйл явдлаас үзвэл халдварын шинэ тохиолдол буурмагц үл хөдлөх хөрөнгийн зах зээл харьцангуй түргэн идэвхжих хандлага ажиглагдлаа” гэж “Knight Frank” компанийн гадаадын үл хөдлөх хөрөнгө хариуцсан захирал Марина Шалаева тайлбарлав. Хятадын үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой салбарууд эдийн засгийнх нь 25 хувийг эзэлдгээс үзвэл эл салбар сэргэж байна. Энэ нь тус улс эдийн засгийн идэвхтэй өсөлт рүү эргэн ороход гол үүрэг гүйцэтгэх нь гэж тэрбээр хэлжээ.

Хятад улс өнгөрсөн оны сүүлчээр патентын хүсэлтийн тоогоор анх удаа АНУ-ыг гүйцсэн тухай Швейцарын Женев хотод төвтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдэгдэлд дурдсан байна. Патентын хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд БНХАУ өнгөрсөн онд 58 990 хүсэлт илгээснээр уг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч байсан АНУ-ын байр суурийг эзэллээ. Өнгөрсөн онд АНУ 57 840 хүсэлт гаргасан гэнэ. АНУ уг гэрээнд 1978 онд нэгдсэнээсээ хойш патентын хүсэлтийн тоогоор тасралтгүй тэргүүлэгч байв.

“Хятадын патентын хүсэлтийн тоо ийн хурдацтай нэмэгдэж байгаа нь Азийн орнуудын инновацын чиглэл урт хугацааны ахиц дэвшилтэй байгааг харуулж байна. Одоогоор Патентын хамтын ажиллагааны тухай гэрээний хүрээнд гаргасан хүсэлтийн тал гаруй хувийг нь Азиас ирүүлж байна. БНХАУ 1999 онд 276 ширхэг патентын хүсэлт гаргаж байсан бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ тоо 200 дахин нэмэгджээ” гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирал Фрэнсис Харри мэдэгдлээ.

Өнгөрсөн онд Олон улсын оюуны өмчийн байгууллагын патентын тогтолцоонд ерөнхийдөө ахиц дэвшил гарчээ. Тодруулбал, патентын хүсэлтийн тоо 5.2 хувиар нэмэгдэж, 265 800-д хүрсэн байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмчийн салбарын бодлогыг хариуцаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллээр хангах ажиллагаа явуулдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)