Хятадууд NBA-д дарамт үзүүлэв

БНХАУ-ын төрийн өмчит телевизийн CCTV суваг болон тус улсад NBA-ийн тоглолтыг онлайнаар үзүүлэх албан ёсны эрх эзэмшдэг “Tencent” компани тус лигийн улирлын өмнөх тоглолтуудыг дамжуулахаа түр хугацаагаар зогсоов.

“Хьюстон рокитс” багийн ерөнхий менежер Д.Мори твиттертээ Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжсэн утгатай жиргээ оруулсан нь үүний шалтгаан болжээ. Д.Мори удалгүй эл жиргээгээ устгаж, уучлалт гуйсан юм. NBA-ийн комиссар А.Силвер энэ талаар “Д.Мори өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж хэлсэн ч CCTV суваг түүнтэй санал нийлэхгүй гэж мэдэгджээ.

“Д.Мориг үг хэлэх эрхтэй гэж эрхэм А.Силверийн мэдэгдсэнийг бид эрс эсэргүүцэж байна. Үндэсний тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдлын эсрэг аливаа мэдэгдэл нь үг хэлэх эрх чөлөөтэй огт хамааралгүй” гэж тус сувгаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн CCTV цаашид “NBA-тай байгуулсан хамтын ажиллагааг” үнэлж дүгнэх бодолтой байгаа гэж мэдэгдсэн аж. Мөн Шанхай хотод “Нетс”, “Лейкерс” багийн оролцох байсан “NBA cares” арга хэмжээг тус улсын эрх баригчид өнгөрсөн мягмар гарагт цуцлав. NBA-ийн хувьд БНХАУ хамгийн олон үзэгчтэй, тун том зах зээл билээ.

Бэлтгэсэн: Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)