Хятадуудыг Монголд гэмт бүлэглэл байгуулсан буруутай гэж дүгнэлээ

Монгол Улсад гэмт бүлэглэл байгуулж, мөнгө угаах, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байсан, БНХАУ-ын 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны даваа гаргаас эхлэн ажлын долоон өдөр хэлэлцсэний эцэст өчигдөр шийтгэх тогтоолоо танилцууллаа. НПГ-аас Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиaсэнг, Ниу Жихэнг, Ю Жи, Жау Донлинг Пан Жин, Лю Жунвэй, Ян Гуй, Бай Жунлиан, Ли Янг, Лю Чианг гэсэн 15 хүнийг Эрүүгийн хуулийн 26.1-4.1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдсан”, 18.6-3 дахь хэсгийн “Мөнгө угаах”, 20.3-1 дэх хэсэг дэх “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн”, 17.3-3.1, 17.3-3.3 дахь хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Манай ЭЦА, тагнуулын байгууллагын ажилтнууд хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ.

Энэ олон тооны хятад иргэн “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес болон аравдугаар сараас хойш сууж байсан бөгөөд дээрх нэр дурдсан 15 хүн зохион байгуулан манай улсад ирэн, гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм. Энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь ч батлагдсан. Улмаар цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан утасны олон дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа.

Олон хоног үргэлжилсэн эл хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр үүрэн холбооны “Скайтел”, “Жи-Мобайл”, “Скаймедиа” компанийн хуулийн зөвлөх оролцсон юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис, НПГ-ын хяналтын прокурор Э.Бадрал, Х.Еркебулан, Ц.Гансүлд, шүүгдэгч 15 хүн, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас өмнөд хөршийн иргэдийг залилах, мөнгө угаах, гэмт бүлэглэл байгуулах хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ. Улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд 22.40 цагт манай сонины дугаар шилжихэд шийтгэх тогтоолоо танилцуулаагүй байлаа.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)