Хятадтай тэрсэлдэх бол Монголоос асуу

Америкт төвтэй Хятадын талаарх мэдээллийг олонд хүргэдэг “chinafile.com” дээр энэ сарын 2-нд нийтлэгдсэн “Хятадтай тэрсэлдэх бол Монголоос асуу” хэмээх Далай ламын манай оронд хийсэн айлчлалын талаар өгүүлсэн нийтлэлийг орчуулан хүргэе. Энэ нийтлэлд Ю.Цэдэнбал агсны талаар өгүүлсэн юм. Уг нийтлэлийг Хятдын түүх судлаач, Кардифф их сургуулийн профессор Сергей Радченко бичсэн аж. Тэрбээр өдгөө 1949 оноос хойших Хятадын түүх дээр ажиллаж буй. Сонирхуулахад, “chinafile.com” цахим хуудас нь англи хэл дээр бичигдсэн Хятадын тухай нийтлэл, мэдээ мэдээллийг хүргэдэг бөгөөд "Нью Йорк Пост" зэрэг хэд хэдэн сонинтой хамтарч ажилладаг юм.

Өнгөрсөн сарын 18-нд Далай ламыг Монголд айлчлахын өмнөх өдөр Бээжингийн зүгээс уг арга хэмжээг цуцлах, Хятадын эсрэг салан тусгаарлах үзэлтэй этгээдийг хүлээн авахгүй байхыг гурван сая хүн амтай,хөршдөө анхааруулсан юм. Түүнийг сүүлд Монголд айлчлахад хятадууд хилээ түр хугацаанд хааж, их гүрний дээрэнгүй үзэл гаргасан билээ.

Гэвч монголчууд урьдын адил энэ сануулгыг үл тоов. Тус улсын хүн амын дийлэнх хэсэг нь Буддын шашин шүтдэг, тиймээс ч уг айлчлалыг цэвэр номын зорилготой гэж тайлбар хийсэн юм. Далай ламын дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд Монголын мянга, мянган сүсэгтнүүдтэй уулзаж, тус улсын хийдэд зочлоод зогсохгүй, Хятадын буцалтгүй тусламжаар баригдсан спортын ордонд (Буянт-Ухаа) ном айлдаж, мөн Буддын шинжлэх ухааны сэдвээр олон улсын бага хуралд оролцсон юм.

Тэрбээр энэ айлчлалынхаа хүрээнд хэвлэлийн бага хуралд оролцохдоо түүний айлчлалд Хятад улс саад хийж чадахгүй гэж онцолжээ. Түүнчлэн Далай лам, Пан чин ламын дараа эрэмбэлэгддэг Жавзандамба хутагт Монголд мэндэлснийг зарласан юм. Буддын шашны тэргүүнийг Далай лам зарладаг явдалд үргэлж дургүйцдэг Бээжин үүнд ихэд хилэгнэсэн бөгөөд түүнийг айлчлалаа өндөрлөсний дараа хоёр улсын хооронд болох байсан уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Ингэснээр Монголын Засгийн газарт нэн шаардлагатай байгаа эдийн засгийн зээл тусламжийн асуудлыг хэлэлцэх боломжгүй болжээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсын эдийн засгийн өсөлт хөрш орнуудад харилцан ашигтай байх талаар нэг бус удаа ярьж байв. Тэрбээр "Нэг бүс, нэг зам" төсөл хэрэгжүүлэх, үүгээр дамжуулж бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлж, энх тайван, тогтвортой байдлыг амлаж байлаа. Гэвч Бээжин Далай ламын айлчлалын талаар Монгол улсад найрсаг бус "зан ааш" гаргасан нь тус улсын үнэн нүүр царайг илчилсэн юм.

Түүхийн хуудас сөхвөл иймэрхүү асуудлаас болж, хоёр улсын харилцаанд сэв суусан тохиолдол бий. Тодруулбал, 1959 онд Төвдөд Хятадын эсрэг бослого эхэлсний дараа тухайн үед 23 настай байсан Далай лам Энэтхэг рүү дүрвэсэн юм. Энэтхэг улс Далай ламд орогнол олгосон явдлыг Бээжин уучилсан ч Төвдөөс зугтсан Далай ламыг Хятадыг хагаран бутаргах үзэлтэй этгээд гэж үзэж байлаа. Бээжин болон Шинэ Делигийн харилцаа анхандаа тайван замаар шийдэгдэж байсан ч 1962 оноос хөрш хоёр орны харилцаанд сэв сууж, тэд Гималайн дайныг эхлүүлсэн түүхтэй.  

Уг дайнд хятадууд ялсан ч өөрсдийн үйлдсэн түрэмгий явдлаа дэлхий дахинд "зөвөөр" ойлгуулж, холбоотнуудаа ятгах, бодит байдалд тэд анх Энэтхэг рүү довтолсон ч, дайн өдөөсөн "муу залуус" нь энэтхэгчүүд болохыг холбоотнууд болон олон улсад ойлгуулах нь чухал байлаа. Энэ чухал ажлыг тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, дипломатын эцэг гэгддэг Жоу Эньлай удирдсан юм. Тэрбээр Индонез, Шри Ланка зэрэг бүс нутгийн улс орнуудад дайны талаар Хятадын үзэл бодлыг тулгах, өөрсдийн талд оруулахын тулд хэдэн долоо хоногийг зарцуулсан аж.

Жоу Эньлай, Ю,Цэдэнбал

Ийнхүү Жоу Эньлай 1962 оны арванхоёрдугаар сард энэ үзэл бодлоо Монголд тулгах анхны оролдлогоо хийсэн юм. Тухайн үеийн Монголын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалтай уулзсан баримт, бүртгэлийг Монголын Гадаад хэргийн яам хожим ил болгосон билээ.

Ю.Цэдэнбал 1962 онд БНХАУ-д гурав дахь удаагаа албан айлчлал хийсэн юм. Энэ бол түүний хувьд урд хөршид хийсэн сүүлчийн айлчлал байлаа. Хилийн гэрээнд гарын үсэг зурах, эдийн засгийн тусламж гуйхаар тус улсад зочилсон Монгол төрийн удирдагчтай уулзангуутаа Жоу Эньлай шууд Энэтхэгийн асуудлаар ярьж эхэлсэн байна. Тэрбээр Америкт худалдагдсан, Хятадын эсрэг үзэлтэй энэтхэгчүүдийг буруутгасан өнгө аястай ярьж эхлэхэд Ю.Цэдэнбал хоёр орны хооронд сэв суусан явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Харин Жоу Эньлай "Энэ асуудалд харамсаж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ, би сайн ойлгосонгүй" гэж уулзалтын протоколд тэмдэглэгдсэн аж.

1962-12-25 Бээжин

Ийм үед төвийг сахих нь бараг боломжгүй зүйл байлаа. Гэвч Ю.Цэдэнбал ёсорхсонгүй. барууны үзэл суртлыг дагаж байгаа гэх шалтгаанаар Гималайн газар нутгийг хүчээр булааж, Энэтхэгтэй сөргөөцөлдөж болохгүй, ийм нөхцөлд тэдэнд тусалж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Энэ үеэр Жоугийн нүүрэнд уур хилэнгийн оч гялалзаж байсныг хурлын протоколд дурдсан юм.

Ийнхүү тэдний яриа "хүйтэн" эхэлсний дараа ч байдал дээрдсэнгүй. Ю.Цэдэнбал Жоугаас Монголд ажиллаж буй хятад ажилчдын талаар туслалцаа хүссэн байна. Тухайн үед Монголд амьдарч байсан хятад ажилчид ажил хаялт зарлаж, тэрс үйлдэл гаргаж байсан тул Ю.Цэдэнбал тэдэнд биеэ хэрхэн авч явахыг Бээжин зөвлөж, ажиллах хүч нэмэгдүүлэх шаардлагатай талаар ярьжээ. Хариуд нь Жоу Хятадын улс төрийн байр суурийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа нь үүсээд буй хятад ажилчдын асуудалтай холбохыг оролдсон юм.

Уулзалтын талаарх Монголын талын эх сурвалжид өгүүлснээр бол хоёр тал үргэлжлүүлэн маргалдсан бөгөөд бухимдалдаа шатсан Жоу Эньлай суудал дээрээсээ үсэрч боссон тухай дурджээ. Энэ үеэр Ю.Цэдэнбал "Уурлах хэрэггүй" хэмээгээд тайван ярилцахыг хүссэн боловч Жоу өөрт нь зааж, сургалаа хэмээн бүр их бухимджээ. Энэ үеэр Хятад дахь Монголын элчин сайд Дондогийн Цэвэгмид хоёр төрийн тэргүүнийг бие биенээ цохиод авах нь хэмээн бодсон талаар хожим ярьжээ.

Энэ бүхний дараа хоёр улсын харилцаа эрс муудаж, Жоу Эньлай ч Ю.Цэдэнбал ч тэр дахин уулзаагүй юм. Хятад улс энэ явдлаас хойш эдийн засгийн тусламжаа зогсоож, 1964 онд бүх ажилчдаа татаж авсан юм. Харин Монгол Улс ЗХУ-ын хамгаалалтад орж, оросууд өөрийн армийг тус улсад илгээв. Энэ түүх 1991 он үргэлжилсэн юм.

Ю.Цэдэнбал үүнээс хойш Хятадын дээрэнгүй үзлийг үргэлж шүүмжлэх болсон төдийгүй түүнийг төр удирдаж байх үед буюу 1979 оны зургадугаар сард Далай лам Монголд анх удаа айлчилсан юм.

Жоу Эньлайны энэхүү үр дүнгүй ажиллагааны ард юу байсан бэ, Хятадын их удирдагч Мао Зедуны үзлийг дагаж, мөрдөхийг хөрш улс орнуудад тулгаж байсан юм. Тэр үед Жоу Эньлан улсынхаа үзэл баримтлалыг Монголоор дэмжүүлэх хүсэлтэй байсан боловч бүтээгүй. 1960-аад оны үед Монгол Улсын байдал Хятадынхтай эн зэрэгцэхгүй ч тэд Бээжингийн эсрэг сөрж, зогссон билээ.

Мао шиг хатуу үзэл бодолтой, дарангуйллын "үрийг" эх орондоо авчирсан удирдагчийн эсрэг Ю.Цэдэнбал шиг төвийг сахих нь бараг боломжгүй зүйлд тооцогдож байв. Мао олон улсын хэмжээнд ганц л хэмжүүртэй байсан бөгөөд нэг бол түүнтэй хамт байх эсвэл эсрэг байх тухай юм.

Өнөөгийн Хятад улс 1960 оны Хятадтай харьцуулахад хэд дахин хүчирхэг болсон. Гэвч хөрш зэргэлдээ орнуудад тавьж буй тэдний шаардлага, үл хүндэтгэсэн байдалтай байдаг. Бээжин бусдын итгэлийг олохыг хүсвэл улс төрийн хатуу бодлогоосоо татгалзах хэрэгтэй юм. Далай ламын айлчлалтай холбоотой асуудлаар Монгол Улсын УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, бусад улс төрчид олон нийтийн хэрэгслээр ёжилсон тайлбар хийсэн юм.

Хэрвээ Хятад улс бүс нутгийнхны итгэлийг олох хүсэлтэй байгаа бол эрх тэгш байдлыг хангах талаар зөвхөн ярих бус үйлдлээрээ үзүүлэх ёстой. Тэд өөрсдийн үзэл бодлоо тулгахын тулд бусдын бодлогыг үл хүндэтгэж, өөрсдийн үзэл бодлоо тулгах ёстой гэсэн үг биш.

Жоу Эньлай бол дипломатуудын хувьд үлгэр жишээ болсон хүн нэгэн. Харамсалтай нь, тэр Далай ламын нэгэн үнэ цэнэтэй сургаалаас суралцах хэрэгтэй байлаа. Далай лам “Жинхэнэ баатар өөрийн уур хилэн, үзэн ядалтыг дарж чаддаг” хэмээн хэлсэн удаатай.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)