Хятадад коронавирусийн халдвар эрс багасчээ

Эрүүл мэндийн яамны байранд албаныхан ээлжит хэвлэлийн хурлаа хийж, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөө өглөөний байдлаар олон улсад коронавирусийн халдвартай хүний тоо 80809 байна. Хятадаас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гарчээ. 

Одоогоор Өмнөд Солонгос, Итали, Иран зэрэг орнуудад нөхцөл байдал хүнд байна. Алжир, Хорват зэрэг орнуудад шинээр бүртгэгдсэн. 

Хятадад өнөөдөр нийтдээ 406 шинэ тохиолдол бүртгэгдсэний 401 зөвхөн Хубэй мужид байна. Харин бусад мужуудад таван тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт болж байгаа юм. БНХАУ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эхнээсээ үр дүнгээ өгч байна гэж дүгнэжээ.

АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс тус улсад халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн мэдэгджээ. 

Өнөө өглөө Италийн Милан хотод загварын шоунд оролцоод ирсэн зургаан монгол иргэн, хоёр итали иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Улсын хэмжээнд нийт 61 иргэнийг тусгаарлаж хяналтанд оруулаад байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)