Хятадад баян хоосны ялгаа их байна

     Хятадад 1978 оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлээс хойш тус улсад баян хоосны ялгаа эрс ихэссэн байна. Тус улсын Үндэсний статистикийн газрын мэдээгээр хот суурин газрын иргэдийн жилийн орлого 17.175 юань хүрсэн бол хөдөөд энэ тоо гурав дахин бага буюу 5153 юань байгаа аж. Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Иан Ие “Хятадын хүн амын талаас илүү хувь нь хөдөө, хязгаар нутагт суудаг. Гэтэл тэдний олж байгаа орлого үндэсний нийт баялгын ердөө 12 хувьтай тэнцэж байна. Тэдэнтэй харьцуулахад төрийн мэдлийн үйдвэрийн менежерүүд ой тойнд оромгүй хөлс авдаг” гэжээ. 
Зөрүүг багасгахаар Хятадын Засгийн газар хөдөө нутагт эмнэлгийн үйлчилгээг хүргэх, ажлын байр буй болгохоор дэд бүтцийн олон төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тус улсын Ерөнхий сайд Вэн Зяабао өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ “Нийгмийн байлаг цөөн хэдэн хүний гарт төвлөрч байгаа бол шударга бус хэрэг болно. Ийм нөхцөлд нийгэм хямралд автаж, тогтвогүй байдал үүсэх аюултай ” гэжээ.
Улс орны хөгжлийн бодлого хөдөөг бус хотыг чиглэж байгаа тохиолдолд баян хоосны ялгаа арилахгүй, энэ хэвээрээ хадгалагдах болно хэмээн болгоомжилж байгаагаа Хятадын судлаачид хэлснийг China Daily иш татав.
 О.Тогоо


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)