ХЯНАЛТААСАА АЛДЧИХГҮЙ Л ЮМ САН ДАА

Дэлхий нийтийг түгшүүрт автуулаад байгаа “Цагаан үхэл”-д дурлагсдын тоо гуравхан сая хүнтэй манай оронд жилээс жилд нэмэгдсээр байна. Манай улсын хүн амын олонх нь хүүхэд залуус гэсэн статистик байдаг. Ийм байтал хар тамхины хэрэгт холбогдогчид бас л охид, залуус байгаа нь аюулын харанга дэлдэж эхэлснийг илтгэж буй.

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болд гуравдугаар сарын 30-нд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийхдээ “2016 оны эхний гурван сард бүртгэгдсэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон 46 хүний найм нь эмэгтэй. Гэмт хэрэгт холбогдогчдын 40-50 гаруй хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олонх нь 18-35 насны залуус, дийлэнх хэсэг нь бүрэн дунд, дээд боловсролтой хүмүүс байна” гэсэн.

Тэгэхээр Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус мансууруулах бодисоос хараат болоход тун ойрхон байна гэдэгтэй олон хүн санал нийлэх нь гарцаагүй. Эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлсэн залуусын мэдүүлгийг шүүх хурлын үед сонсож, шийтгэх тогтоолтой нь танилцаж байхад олонх нь бие биедээ уруу татагдаж хэрэглэсэн, тэгээд гарч чадахгүй байна гэх мэтээр мэдүүлсэн байдаг. Тэгэхээр мансууруулах бодисоос хамааралтай болж буй залууст хяналт тавьж, түүнийг эмчлэх, эдгэрүүлэх, донтолтын эмгэгээс холдуулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага гарч ирээд буй юм.

ХУУЛЬ ТОГТООГЧ, ШҮҮХИЙНХЭН ХАР ТАМХИЧДЫГ ЭВИЙЛЭХЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол орон хар тамхитай холбоотой асуудал дээр хатуу чанга орон байх болно. Ийм үйлдэл хийж байгаа этгээдүүдтэй бид хатуу тэмцэнэ. Энд өршөөл байж болохгүй. Цаашид Эрүүгийн хуульд өршөөлд хамрагддаггүй тийм заалт оруулна. Хар тамхитай орооцолдсон бол ямар нэгэн энэрэл байхгүй. Хар тамхины гэмт хэрэгтэн заавал баригдана. Чи бол үхэл тээсэн, хар мөртэй явж байгаа этгээд.

Тийм учраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, орооцолдсон этгээдийг бид олох л болно, чамтай заавал хариуцлага тооцно. Нэг өдөр өөрийн чинь толгой дээр “хуулийн заазуур” ирэх болно” хэмээн 2012 онд мэдэгдэж байв. Түүнээс хойш хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй хийх тэмцэл сайжирсан уу гэвэл үгүй гэж хэлэх хүн олон. Яагаад гэхээр энэ төрлийн хэрэгтэй зөвхөн цагдаагийн байгууллага дангаараа тэмцэж буйгаас үр дүн гарахгүй, харин ч улам бүр дордож, үүнд холбогдож буй залуусын тоо ил, далд хэлбэрээр, геометр прогрессоор өсөж байна.

Уг нь Ерөнхийлөгч маань дөрвөн жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцох талаар мэдэгдсээр байтал шүүх ч, хууль тогтоогчид ч хар тамхи хэрэглэгч, борлуулагч, хил дамжуулан тээвэрлэгчдийн толгойг илсээр байгаа нь хачирхалтай. Хууль тогтоогчид өнгөрсөн оны долдугаар сард анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан.

Уг хуульд Эрүүгийн хуульд заасан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн (Эрүүгийн хуулийн 188.1, 188.2, 188.3 дахь заалт), хар тамхи, мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан, борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, хэрэглэсэн, илгээсэн (дээрх хуулийн 192.1, 192.2) гэх заалтуудыг Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулсан байгаа юм. Үүнээс үзэхэд хууль тогтоогчид санаатай, санаандгүйг нь мэдэхгүй ч ямар нэг байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой “нөхдийг” эвийлэн хайрлаж байгаа нь илэрхий.

Шүүх хууль тогтоогчдын баталсан хуулийг хэрэглэдэг болохоор яалт ч үгүй Өршөөлийн хуулийг нь хэрэглэж байна. Тэгэхдээ монгол залуусыг “цагаан тахал”-д донтуулж байгаа хүмүүсийг өршөөснийг яалтай билээ. Тухайлбал, хилээр удаа дараа мансууруулах бодис оруулж ирж, “Мөсний хатан хаан” С.Баярмаа гэгчид авчирдаг байсан Х.Мөнх-Эрдэнийн үйлдэл баримтаар хангалттай нотлогдсон ч өршөөсөн гэх хамгийн ойрхны жишээ байна. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Өршөөлийн хуулийг ашиглан шүүх хар тамхи хил давуулагчдыг өршөөсөн нь энэ. Уг хууль батлагдаагүй байхад шүүгчид өөрсдийн үзэмжээр, хилээр мансууруулах бодис оруулж ирсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь ч бий. Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдүүдийн хилээр орж гарсан тамхи, дардас нь хангалттай нотлох баримт болчихоод байхад шүүгч “Хилээр хар тамхи оруулж ирсэн нь нотлогдохгүй байна” гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хэд хэдэн тохиолдол байдгийг прокурорууд хэлдэг юм.

Нэгэн хэрэг дээр жишээ авъя. Өнгөрсөн сарын 15-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Бямбаа, Б.Одхүү, Э.Эрдэнэбаяр, С.Мөнхбат, Ё.Батцэнгэл нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Дээрх хүмүүс нь 2014- 2015 онд “мөс” хэрэглэсэн, хууль бусаар олж авсан, борлуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Мөнхбат нь 2015 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар орж ирсэн Н.Болдбаатараар дамжуулан “мөс” гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн, Б.Түвшинтэй бүлэглэн БНХАУ-ын нутагт уг бодисыг хууль бусаар олж авсан хэмээн шалгуулсан юм.

Шүүх уг хэргийг хэлэлцээд Б.Түвшинтэй бүлэглэн Хятадад хар тамхи олж авсан гэх хэргийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.2-т заасан “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэх заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгожээ. Гэрчийн мэдүүлэг, тус улсад орж гарсан тамга тэмдэг гэх мэт нотлох баримт байсаар атал шүүх ийм маягаар хар тамхины наймаачдад ял завшуулан эвийлж байгаа нь ирээдүй хойчоо боддоггүйн илрэл бус уу.

Уг нь Ерөнхийлөгчийн хэлсэн шиг хар тамхичдад хатуу хариуцлага тооцмоор байвал мансууруулах бодис худалдахдаа ашигладаг байж болзошгүй “Мерседес бенз”-ийг нь улсын орлого болговол ухамсар, сэтгэхүйд нь нөлөөлөхгүй байсан гэж үү.

Анхан шатны шүүхээс А.Бямбаа, Б.Одхүү, С.Мөнхбат нарт 13 жил зургаан сар, Э.Эрдэнэбаяр, Ё.Батцэнгэл нарт 11 жил хоёр сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгэсэн нь хэдийгээр хөнгөн ял бус. Гэхдээ л эдийн засгийн шийтгэл давхар ногдуулсан бол цаашид хар тамхины наймаа хийж, “хуга, нуга” ашиг олох гэсэн санаатай залууст нэгийг бодуулж, хоёрыг ухааруулах байсан нь лавтай.

ХИЛЭЭР ХАР ТАМХИ ОРУУЛАГЧДЫН ЗОЛИОС БОЛОХООС БОЛГООМЖИЛ

Цагдаагийн байгууллагынхан хэдийгээр дангаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа ч гэсэн хар тамхичид, тэдний холбоо сүлбээг сайтар судалчихаад байгаа гэсэн. Гэмт хэрэгтнүүд ч цагдаагийнхнаас илүү нарийн арга хэрэглэж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.

Гэмт этгээдүүд, тэдний гар хөл болж наймаанд нь явдаг хүмүүс өөрсдөө хил давж, клиентээсээ (харилцагчдаасаа) хар тамхиа авчихаад хил гарах гэж буй хэн нэгнийг харж байгаад “Жаахан юм аваад явчихаач. Улаанбаатарт очиход, хил гарангуут чинь нэг хүн тосоод авчихна” хэмээн 400-500 юань өгч хил нэвтрүүлэх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хил давахаас нь өмнө мөнгийг нь өгчихөөд хилээр гараад удаагүй 20-30 минутын дараа, эсвэл Улаанбаатар төмөр замын төв буудалд галт тэрэг зогсмогц бараа өгсөн хүн өөрөө юм уу, өөр хэн нэгнийг явуулж дайвар ачаагаа авдаг гэнэ.

Ийм маягаар “мөс” хилээр орж ирсээр, хүүхэд залуусын гол хэрэглээ болсоор байгаа аж. Монголд “мөс” хийдэггүй, тийм зүйл хийх лаборатори хараахан үгүй учир өмнөд хөршөөс оруулж ирж байгааг хууль хяналтын байгууллагынхан хүлээн зөвшөөрөөд буй. “Мөс”-ний хор хөнөөлийн талаар эцэг эхчүүд ч, хүүхэд залуусын дунд ч мэдээлэл хомс буй нь харамсалтай. Мансуурч “Дээшээ тэнгэрт нис нис…” гэж дуулахаа л урьтал болгохоос бус, биед нь ямар хохирол учруулж буйг тэр бүр мэдэхгүй.

Хар тамхийг олон улсад байгалийн болон нийлэгжүүлсэн хэмээн ангилдаг. Манай залуусын сүүлийн үед нэн ихээр донтох болсон “мөс” (ICE) нь нийлэгжүүлэх аргаар хоёр болон түүнээс дээш тооны химийн бодис ашиглан урвалд оруулан метамфетамины төрлийн мансууруулах бодис гаргаж авдаг юм байна. Метамфетамины агууламж нэг хэсэг тураах эмийн бүрэлдэхүүн хэсэг болж байж.

Тухайн үедээ ийм агууламжтай эм нь дуршил төрүүлдэг болох нь тогтоогдож, улмаар хар тамхины төрөл гэдгийг НҮБ-ын конвенцоор хүлээн зөвшөөрөөд байгаа. Зөвхөн “мөс” гэлтгүй, манай залуусын ихээр хэрэглэдэг LSD, гашиш буюу шавар, олсны төрлийн ургамал болох каннабис зэрэг бүх л мансууруулах бодис нь хүний биеийн гол эд, эрхтнийг хордуулж, бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, оюун ухаан, тамир тэнхээг муутгадаг. Түүгээр ч зогсохгүй ДОХ, элэгний өвчлөл зэрэг онц аюултай өвчин тархах үндэс болдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөөд байна. Цаашлаад олон гэмт хэргийн үндэс суурь болдог гэдэг нь ч нотлогдоод буй билээ.

Ийм аюул хөнөөлтэй бодистой хатуухан тэмцэл өрнүүлэхгүй бол ирээдүй хойчис маань “цагаан тахал”-ын давалгаанд хөлөө алдах л гээд байна. Нэгэнт хэрэглэгч болчихсон, донтсон нөхдийг нь ялгаад албадан эмчилгээний төв байгуулан түүндээ зургаан сараас найман жил хүртэл хугацаагаар эмчилсэн нь илүү үр дүнтэй мэт. Гэтэл өнөөдөр манайд хэрэгжиж буй болон есдүгээр сарын 1-нээс хэрэгжих Эрүүгийн хуульд барьж хорих, эсвэл гэрийн хорионд байлгах заалт оруулжээ.

Баривчилгаанаас суллагдсан залуус дахиад л мансууруулах бодист донтдогийг хип хоп хамтлагийн залуусын хэргүүд тод жишээ болон харуулж буй. Гэрийн хорионд байлгавал утсаар, цахим шуудангаар хэн нэгэнд захиж авчруулаад хэрэглэнэ. Гадаадаас илгээмж, захидлаар “марк” хэлбэрт оруулсан мансууруулах бодис авчруулан хэрэглэж чадаж байгаа залуус гэрийн хориог өлхөн хуурчихна биз. Энэ мэт арга ядсан арга хэрэглэснээс зургаан сараас найман жил хүртэл хугацаагаар албадан эмчилбэл үр дүн гарах болов уу.

Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)