ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа- 2050”-ийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлээд хийв. Н.Учрал гишүүн “Оюуны өмчийг хараат бус кодлогдсон технологийн дагуу бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэн, оюуны өмчийн зуучлан зөвлөх үйлчилгээ, арилжааг хөгжүүлнэ” гэх заалт нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингээд уг хуулийн төслийн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Түүнчлэн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбатаар ахлуулж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан зэрэг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах үүрэг хүлээх аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг өнгөрсөн сараас хойш авч буй бөгөөд энэ сарын 15- нд дуусгах ёстой. Харин сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулж, УИХ-д танилцуулахаар ажиллаж буйг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тэмдэглэв.

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОЛИХ НЬ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаар хэлэлцэв. Нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг санхүүжүүлэх боломжтойгоо Францын Засгийн газар мэдэгдсэн юм. Тодруулбал, 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.0076 хувийн хүүтэйгээр тооцож, 40 жилийн хугацаанд төлж дуусгах юм байна. Ямар судалгаа, шаардлагад үндэслэн ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар лавласан. “Нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч явдаг бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй” гэж нийслэлийн ЗДТГ-ынхан үзсэнийг ажлын хэсгийн гишүүд уламжлав. Ингээд санал хурааж, санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ. Энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм.

Үүнээс гадна Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэв. Энэ албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг нь өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн аж. Үүнийг хэлэлцээд чөлөөлөхийг дэмжив. Түүний оронд МУИС, Люксембургийн их сургуульд бакалавр, магистр зэрэг хамгаалсан, Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал, Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Улмаар түүнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив. Мөн тус банкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. АНУ-ын Арканзасын болон Британийн Оксфордын их сургуульд бакалавр, магистр зэрэг хамгаалсан, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаад харилцааны яаманд сайдын туслахаар ажилласан туршлагатай, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг уг албан тушаалд томилуулах саналтайгаа Монголбанкны ерөнхийлөгч танилцууллаа. Энэ саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

ЕСӨН БАЙРШЛЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТӨСЛИЙГ ДЭМЖИВ

Дараа нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050”-ийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүнийг баталбал байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий есөн байршлыг улсын тусгай хамгаалалтад авах боломж бүрдэх аж. Мөн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ. Уг төсөлд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийн Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж, улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)