ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг тогтлоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 10 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, бодлогын баримт бичгүүдийн холбогдох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан харилцааг нэгтгэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Шүүгчдийн зөвлөлийг хоёр жил тутамд ажиллуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгох зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсгээр нэмсэн Шүүхийн сахилгын хороо, түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг тодорхой болгон тусгажээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг төсөлд тусгасны зэрэгцээ шүүгчид хүлээлгэх хариуцлага, үүнд шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчлийг тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процесс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгажээ. Мөн Шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, шүүхийн төсвийг бууруулахгүй байх, шүүхийн судалгаа, шинжилгээ, сургалтын асуудал хариуцах чиг үүрэг бүхий Судалгаа, сургалтын хүрээлэнтэй холбоотой зохицуулалтуудыг тусгажээ.

Төслөөр шүүгчид тавих болзол шаардлагыг өндөрсгөж, шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэйгөөр шүүгчийг шилжүүлэн томилох, албан тушаалаасөө өөрчлөгдсөн шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт, шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах зохицуулалтыг тусгасан болохыг Ц.Нямдорж сайд танилцуулсан юм.  

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч хараат бус болон хариуцлагатай байх эрх зүйн орчин улам боловсронгуй болж, улмаар иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрх улам бүр баталгаажна хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүх, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Засгийн газрын гишүүд болон эрдэмтэн, судлаачаас холбогдох саналуудыг авч тусгасан гэлээ. Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар хуулийн төслийг үзэл баримтлал, танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр байршуулсан бөгөөд үүний дагуу ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 10 гаруй саналыг төсөлд тусгасан байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ш.Раднаасэд, Ж.Батзандан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг сонгох, нэр дэвшүүлэн томилох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлагыг тодорхой болгон тусгасан болохыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны зөвлөх О.Зандраа тайлбарласан. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд шүүхээс сонгох таван гишүүдийг Шүүгчдийн зөвлөлөөс нууцаар санал хураан сонгох, бусад таван гишүүдийн тухайд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос гурвыг, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэйгээр зохих журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж томилохоор төсөлд тусгасан гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Шүүгчдийн зөвлөлөөс сонгон шалгаруулж сонгож, томилохоор, ингэхдээ Шүүгчдийн зөвлөлөөс сонгогдсон 3 шүүгч болон Хууль зүйн байнгын хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс томилогдсон тус бүр 1 гишүүн орон тооны, бусад 5 гишүүд нь орон тооны бус байхаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг орон тооны гишүүдээс нууц санал хураалтаар гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгохоор, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой байх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллуулах, бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүд нь шүүгчээр таваас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүд нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, улс төрийн намын удирдах албан тушаал сүүлийн 5 жил хашиж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байхаар тус тус тавих шаардлагыг тодорхойлжээ. Мөн тэрбээр Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хорооны талаарх зохицуулалтууд болон шүүх хуралдааны тодорхой үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахтай холбоотой асуултуудад тайлбар мэдээлэл өгсөн.

 

Гишүүд үргэлжлүүлэн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлснээр шударга нийгмийг бүрдүүлэх ёстой гэдгийг О.Батнасан гишүүн хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэдгийг Ш.Раднаасэд гишүүн тэмдэглээд, үүнийг төслөөр нарийвчлан зааж оруулсан байгааг хэлж байв. Эрх зүйт төрийн суурь болох энэ төслийг төгс боловсронгуй хууль болгох замаар олон асуудлыг цэгцлэх боломжтой гээд “Сайн хуулийн зэрэгцээ ёс зүйн асуудал тун чухал” гэдэг байр суурийг Д.Ганболд гишүүн илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Хуралдаанаар үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 23 өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг бие даасан, хараат бус явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс ангид байх үндэсний тогтолцоог бүрдүүлж, эрх зүйн орчныг тодорхойлсон бөгөөд түүнчлэн Комиссын гишүүдийн тоог 5 болгох, жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар тусгасан.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д “Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн байнгын хороо батална” хэмээн заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа. Төсөлд сонгон шалгаруулалт явуулах үе шат, зарыг нийтэд мэдээлэх, холбогдох ажлын хэсэг байгуулах, нэр дэвших хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, оролцогчийн талаарх мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнийг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв. Мөн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нэр дэвшигч тус бүрийг ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар хуваарилан, холбогдох бүх мэдээллийг судлуулах бөгөөд мэдээлэлд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулж, ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулах юм байна. Түүнчлэн нэр дэвшигчийн анкетын загварыг тусгайлан боловсруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батзандан, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Нямдорж нар асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлгээс санал болгосон нэг, нэг төлөөлөл, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны нэг төлөөлөл, ХЗДХЯ, ШЕЗ, ТАЗ тус бүрээс нэг төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр үндэсний болон олон улсын хэмжээнд 5-аас доошгүй жил идэвхтэй ажиллаж байгаа форум, сүлжээ, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Хуульчдын холбоо тус бүрээс санал болгосон нэг төлөөллийн бүрэлдэхүүнтэй буюу нийт есөн гишүүнтэй Ажлын хэсэг эрхлэн гүйцэтгэх юм байна. Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн тодруулсны дагуу Комисс таван гишүүнтэй байх бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүнд нэр дэвшигч нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн байхаар тусгасны дагуу журмын төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарлав.

Журмын төсөл дэх Комиссын гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэсэн нь “хууль зүйн өндөр мэдлэг, чадвартай, хараат бус, төсвийг сахиж ажиллах чадвар, өндөр ёс зүйтэй” хэмээн тайлбарлагдсан байгааг Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарлав.

“Хууль зүйн өндөр мэргэшилтэй” гэдэг шаардлагаас үүдэн сонгон шалгаруулалтын хүрээ хумигдах учраас “хууль зүйн дээд боловсролтой” гэж өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хэлж байв.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааны талаар тусгай зохицуулалт тусгаж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуульчилсан байдаг тул энэ дагуу “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг тусад нь боловсруулсан. Төсөл дэх зохицуулалтууд холбогдох хуульд нийцсэн гэдгийг Байнгын хорооны дарга болон Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас тайлбарласан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан саналыг төсөлд тусган, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний олонх нь “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай”, “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолуудыг тус тус батлахыг дэмжлээ. Ингэснээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах болон Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам батлагдав.

ХЭҮК-ын гишүүнийн сонгон шалгаруулалтыг зарлах, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 04.15-05.15-ны өдрөөр тогтоолоо

Эдгээр журам батлагдсантай холбоотойгоор “Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх хугацааг тогтоох тухай” Байнгын хорооны төслийг хэлэлцэж, энэ талаар Х.Нямбаатар гишүүн танилцууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2 дахь заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоохоор заажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан сонгон шалгаруулалтыг аль болох богино хугацаанд, хуульд нийцүүлэн зохион байгуулах саналыг гаргасан. Хугацаатай холбоотой зохицуулалтууд холбогдох хуульд тодорхой байгаа талаар Байнгын хорооны дарга тайлбар хэлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)