Хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр дахин гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурал өнгөрсөн баасан гарагт болж, эдийн засгийн хүндрэлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийн, хугацааг нь сунгах арга хэмжээг энэ оныг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Төвбанкны Мөнгөний бодлогын хорооныхон өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хэрэглээний зээлийн хугацааг нэг удаа 12 хүртэлх сараар хойшлуулах боломжийг зээлдэгчдэд олгосон юм. Дээрх нь өмнөх шийдвэрийн үргэлжлэл аж. Мөнгөний бодлогын хорооноос дахин шийдвэр гаргаснаар 12-оос бага сараар зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа сунгасан бол гүйцээх боломж олгож байгаа гэнэ. Мөн санхүүгийн хүндрэлд орсон бол 12 хүртэлх сараар зээлийн хугацаагаа сунгах боломжийг урьдын адил олгож буйг дуулгав. Хугацааг сунгах шийдвэр гаргаснаар 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна. Эл шийдвэр нь цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган, эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно гэж Төвбанкныхан үзэж байна. Тэдний тооцоогоор 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын сөрөг нөлөөнд орсон аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)