Хэрэглэгчгүй станц ажиллуулж, хүний аминд хүрсэн хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ

Сүхбаатар дүүргийн XI хороо, Алтайн 28 дугаар гудамж дахь дэлбэрсэн дэд станц


Сүхбаатар дүүргийн XI хороо, Алтайн 28 дугаар гудамж буюу 32-ын тойрог орчимд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд цахилгаан хуваарилах дэд станц дэлбэрч, 25 настай бүсгүй, бага насны хоёр хүү түлэгдсэн ноцтой осол гарсан. Тэднийг ГССҮТ-д хэвтүүлэн эмчилсэн ч эмэгтэй нь мэс заслын шархаа даалгүй нас барсан юм.

Энэ харамсалтай явдлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй ч тухайн дэд станцын хаалга яагаад онгорхой байсан, ашиглагч нь ямар байгууллага болох, харуул, хамгаалалт байсан, эсэх, хоёр хүүхэд болон талийгаач эмэгтэй яагаад тийш орох болов гэсэн олон асуулт бүрхэг хэвээр байна. Ажилдаа явсан хойгуур хүү нь түлэгдэж, хүнд гэмтсэн учрыг тодруулахаар найман настай хүү А-ийн ээж Д.Шүрэнчимэг хөл хүрэх газраа явсан ч тусыг ололгүй өдий хүрчээ.

Тухайн үед болсон явдлын талаар товч сийрүүлье. Тавдугаар сарын 25-ны баасан гарагийн 16.40 цагт Д.Шүрэнчимэгийн ээж түүн рүү залгаж, ийм хэцүү явдал болсныг анх дуулгаад “Гэмтлийн эмнэлэгт яаралтай оч, хүүхдийг чинь аваад явлаа” гэжээ. Хүүгээ хараад цочирдсон тэрбээр болсон явдлын талаар асуухад “Тэр эгч түлхүүр тавья” гэж дуудаад тийшээ орсон. Дөнгөж ортол гал гарч, бид шатсан” гэж хэлжээ.

Хүүгийн хэлсэн “тэр эгч” гэдэг нь 25 настай талийгаач эмэгтэй юм. Тэрбээр хөдөөнөөс ирээд хоёр хонож байсан бөгөөд дөрвөн настай хүүг харж байсан гэнэ. Дөрвөн настай хүүгийн аав “Манайх тэр дэд станцын дэргэд амьдардаг юм. Станцыг ашиглалтад оруулаагүй ч цахилгаанд холбосон учраас л хүмүүс гэмтсэн” гэж ярьсан байдаг. Талийгаач эмэгтэйг сэтгэцийн бага зэргийн өөрчлөлттэй байсныг зарим эх сурвалж хэлэв.

Тэр эмэгтэйн сэтгэц эрүүл, эсэхээс илүү онцгой объект болох цахилгаан хуваарилах станцын хаалга яагаад нээлттэй байв, түлхүүр тавихаар орсон гэсэн нь ямар учиртай болох, хэрэв түлхүүр нь тухайн эмэгтэйд байсан бол хэн түүнд өгсөн, нэг хүн амиа алдаж, хоёр хүүхэд, тэдний гэр бүлийнхэн эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээр хохирсон явдалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг л чухал.

Манай улсад хариуцлагагүй байдал газар авч, үүний балгаар олон хүн амиа алдаж байна. Үүний бодит жишээ нь дээрх осол. Ямар учиртай станцыг хэн барив, хэн хүлээж авав, одоо хэний харьяанд байна зэрэг эл үйл явдлыг тойрсон олон асуудлыг бид тодруулахыг зорьсон юм.

ӨНГӨРСӨН ОНЫ СҮҮЛЧЭЭР ӨНДӨР ХҮЧДЭЛ ЗАЛГАСАН

Бидний очсон эхний газар бол “Мон энержи консалт” ХХК. Осол гарсан дэд станцыг тус компанийнхан барьж гүйцэтгэжээ. 1994 онд байгуулагдсан уг компани түлш, эрчим хүч, барилга, хот байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг арвин туршлагатай аж. Харамсалтай нь, биднийг очиход тус компанийн захирал болон хариуцсан хүмүүс нь бүгд гадуур ажилтай таарав.

Маргааш нь тус компанийн захирал Б.Өрнөхбаяртай өрөөнийх нь утсаар холбогдсон юм. Тэрбээр “Манай компани Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын тендерт ялж, 2016-2017 онд дөрвөн дэд станц барьсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл осол гарсан гээд цагдаагийн байгууллагаас биднийг дуудан байцаалт авч байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас барилгын гүйцэтгэлийн үлдэгдэл мөнгө болох 400 сая төгрөгийг олгоогүй. Ослын дүгнэлт гарахаар мөнгө шилжүүлнэ гэсэн. Дөрвөн станцад өнгөрсөн оны сүүлчээр бүгдэд нь өндөр хүчдэл өгсөн. Бид зөвхөн засвар, үйлчилгээний ажил л хариуцаж байгаа. Хүчдэл залгасан асуудлыг ашиглагч компани болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК л мэдэх байх” гэв. Тус компанийнхан хүүгийн ээжид тусламж болгон нэг сая төгрөг хандивласан аж.

Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэлмаа “Тус станцыг Улсын комисс хүлээн авсан ч манай компани эзэмшигч нь биш. Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргасны дараа л бид хүлээн авдаг. Ийм хүсэлт гаргаагүй учраас төрийн өмчийн эзэмшлийн станц биш гэсэн үг. Хэрэглэгч нэг ч аж ахуйн нэгж, айл өрхөд тус станцаас цахилгаан түгээхээр холбоогүй” гэлээ.

Түлэгдсэн найман настай хүү ээжийнхээ хамт. ГССҮТ 2018.05.25 (Ар гэрийн зөвшөөрлөөр зургийг нийтлэв)

НӨӨЦ СТАНЦ УЧРААС ТЭЖЭЭЛЭЭР ХАНГАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН

Шинэ орон сууцуудыг цахилгаанаар хангах үүрэгтэй тэдгээр дэд станцыг 2017 оны зургадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах гэрээтэй байж. Ингээд өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Улсын комисс хүлээн авчээ. Осол гарсан “КТП-04”-ийг нөөц буюу дараагийн барилгуудын цахилгаан хуваарилахад ашиглах учраас ямар нэгэн байдлаар тэжээлээр хангах шаардлагагүй байсан” гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хууль, дотоод хяналтын албаны дарга С.Цэрэнсодном хэлсэн.

Тэрбээр “Цахилгаан түгээх сүлжээ компанид албан хүсэлт тавьж байж, хүчдэл залгах эрхийг нь нээдэг. Манай газрын зүгээс хүсэлт тавиагүй. Өөрөөр хэлбэл, ашиглах, тэжээлтэй холбох хүсэлтийг захиалагчийн зүгээс тавиагүй гэсэн үг. Гэтэл тус дэд станц яагаад цахилгаантай байсныг холбогдох байгууллагууд шалгаж байна. Гүйцэтгэгч компани хүсэлт тавьж, ажиллуулсан гэсэн таамаг мэдээлэл бий.

Барилгын тухай хуульд заасанчлан “Барилгын эрүүл ахуй, нөхцөл, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилга угсралттай холбоотой хүн гэмтэх, эд хөрөнгө эвдрэх зэргийг бүрэн хангах, зэргэлдээ амьдрах иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйг хичээнэ” гэж гүйцэтгэгчийн эрх, үүрэгт тусгасан.

Тухайн барилга баригдаж, хүлээж авах Улсын комиссын акт баталгаажсан ч гүйцэтгэсэн компани нэг жилийн хугацаанд станцын ажлыг жигдрүүлэхэд оролцох үүрэгтэй. “Ослын улмаас түлэгдсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж ярилцах ёстой” гэж тухайн компанийн удирдлагад бид албан ёсоор хэлсэн” гэлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тухайн байгууламжийг норм, стандартын дагуу гүйцэтгэсэн үү гэдгийг шалган, асуудалгүй бол санхүүжилтийг нь олгодог аж. “Мон энержи консалт” компанитай байгуулсан гэрээний дагуу улсын болон нийслэлийн төсөвт хэчнээн төгрөг төсөвлөсөн байна тэр хүрээнд санхүүжилтийг нь олгож буйг ч хэлэв. Дөрвөн дэд станц барихад 1.9 тэрбум төсөвлөжээ.

АМИНД АЮУЛТАЙ ОБЪЕКТ ЯАГААД ЦООЖГҮЙ БАЙВ

Осол гарсан станц нь нөөц буюу хэрэглэгчгүй байсан учир хүчдэл залгаагүй бол хүмүүс цахилгаанд цохиулж, амиа алдаж, гэмтэхгүй байсан нь тодорхой. Тус станц нь давхар хаалгатай, дотроо тусгаарлах самбартай учраас хүүхэд онгойлгож хүчрэхгүйг өөр эх сурвалж хэлэв. Хүн оронгуут л дэлбэрчихгүй, түгжээг нь дарж байж хаалгыг онгойлгон, хянах самбарыг нээж, цахилгааны утсанд хүрснээр л гал гарах аюул үүсэх гэнэ. Хүчдэл залгалаа гэхэд хүний аминд халтайг нь мэдсээр байж хариуцсан хүмүүс нь яагаад цоожилж, харуул, хамгаалалт гаргасангүй вэ.

Д.Шүрэнчимэгтэй холбогдон хүүгийнх нь биеийн байдлыг тодруулахад “Хүү бид хоёр өнгөрсөн баасан гарагт СЭМҮТ-ийн хүүхдийн тасагт хэвтсэн. Хүү минь шөнө унтахгүй, байнга уйлагнаад, айдастай хэвээрээ л байна. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон байна гээд энд хэвтүүллээ. Түлэнхийн зовиур нь арай багассан. Хүзүү нь гүн түлэгдсэн, дотроос нь мах ургаж байгаа учраас мэс засал хийх, эсэхийг харж байж шийднэ гэсэн.

Эм, тариагаа гурван цагийн зайтай хэрэглэж байгаа. Сорвины болон чийгшүүлэх тос ээлжлэн түрхдэг. Нэг нь 50 мянган төгрөгийн үнэтэй ч долоо хонохгүй дуусах юм. Мөн аминдэм, унтуулах эм хэрэглэдэг. Хүүг минь анх 18 хувийн, 3А зэргийн түлэгдэлтэй байна гэсэн. Гэтэл шүүх эмнэлгээс 10 хувийн түлэгдэлтэй, хөнгөн зэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан” гэв.

Тэрбээр хүүгээ асраад ажил хийж чадахгүй байгаа учир эм, тарианых нь мөнгийг арай л гэж олж буйгаа учирласан. Гэнэтийн ослоор түлэгдэн, өвчиндөө шаналж буй А гурав, долоон настай хоёр дүүтэй. Тэднийг эмээ нь харж байгаа гэнэ.

“Мон энержи консалт” компани болон нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан тушаалтнууд асуудлыг өөрсдөөсөө холдуулсан ч эцсийн байдлаар хэн буруутайг шүүх, цагдаагийн байгууллагынхан шударгаар тогтооно гэж найдъя. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Хариуцсан байцаагчтай нь холбогдсон ч “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин найман настай хүү А-ийн өмгөөлөгч Ш.Буянжаргал “Хүүгийн бие тааруу байгаа. Нүүр, хоолой, дотор эрхтэн нь түлэгдсэн. Тэр станц руу 25 настай эмэгтэй дагуулж орж, дараа нь миний үйлчлүүлэгч хүү, тэгээд дөрвөн настай хүүхэд орсон гэсэн. Эхэлж орсон эмэгтэй гүн түлэгдэж, дараа нь А хүнд, түүний хойно явсан дөрвөн настай хүүхэд арай хөнгөн түлэгдсэн юм билээ.

Гэтэл шүүх эмнэлэг гэмтлийн зэргийг хөнгөн гэж гаргасан. Үүнд бид гомдол гарган, дахин шинжилгээ хийлгэхээр хандаад байна. “Хүүгийн сэтгэцэд өөрчлөлт орсон. Сургуульд сурах боломжгүй, нэг жил эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж эмч нар хэллээ. Мөрдөн байцаалтын явцад эзэн холбогдогчийг олж тогтоогоогүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа гацаад байна.

Прокурорт шилжүүлсэн ч энэ хэргийн талаар дахин судлах, эсэхийг л хэлэлцэх бололтой. Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн хөдөө байдаг учраас гомдол гаргаж хөөцөлдөж чадахгүй байх шиг. Мөн түлэгдсэн дөрвөн настай хүүгийн аав, ээж ч чимээгүй байгаа учраас энэ хэрэг дарагдаж байна” гэлээ.

Эл хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)