Хэрлэн гол ширгэхэд байгалийн хүчин зүйл нөлөөлсөн гэв

Хэрлэн гол ширгэж, ус нь ихээхэн бохирдсоноос загас, жараахай үй олноор үхэж буй тухай мэдээлэл хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд түгсэн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг, Зүүн дөрөө гэдэг газарт тариалан эрхэлдэг “Дорнод гурил” компани голын усыг боож, далан барьсан нь ийм байдалд хүргэсэн хэмээн мэдээлж байв.

Дорнод аймгийн БОАЖГ, ЦУОШГ болон Хэрлэн голын сав газрын захиргааныхан иргэдийн мэдээллийн мөрөөр шалгаад тус компанийнхан усалгааны талбайгаа тэтгэх зорилгоор голыг боосон байсныг тогтоож, зөрчлийг арилгуулжээ. Түүнчлэн цаг агаарын нөхцөл ч Хэрлэн гол ширгэхэд нөлөөлсөн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна. “Хэрлэн голын эх Хан Хэнтийн байгалийн цогцолборт газарт олон хоног түймэр дэгдэж, өмнөхөөс хэт халуун, гантай зун болж байгаа нь Хэнтийн нуруунаас эхтэй голуудын урсац багасахад нөлөөлсөн.

Мөн хуурайшилтын нөлөөгөөр усны түвшин, урсац багасан, температур нэмэгдсэнээс их хэмжээний замаг үүсэж, хүчилтөрөгч хомсодсон. Энэ нь загас, жараахай олноор хорогдох шалтгаан боллоо” хэмээн Дорнод аймгийн ЦУОШГ-ын мэргэжилтнүүд ярив. Харин “Дорнод гурил” компанийнхан “Хэт халж, бороо оролгүй удсанаас Хэрлэн, түүнээс салаалсан гол, горхины ус татарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн атал манай компанийг буруутгаж, ташаа мэдээлэл түгээж байна.

Аймгийн төвөөс 130 км зайтай Хөлөнбуйр, Хэнтийн зүүн захын сум болох Баян-Овоод ч голын ус татарч, ундаалах аргагүй болсон гэж нутгийн иргэд ярьж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ. Хэрлэн гол нь борооны усаар голдуу тэжээгддэг бөгөөд цаг уурын ажиглалтын мэдээгээр жил ирэх тусам урсгал нь багасаж байгаа гэнэ.

Үүнтэй холбогдуулан голын ус хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах ажлын хэсгийг Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсгийн гишүүн, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтэн Батдорж “Бид голын эхээс шалгаж, дөрөв дэх өдрөө Төв аймгийн Мөнгөнморьтод ирлээ. Гол дагуух газрууд ихээхэн хуурайшилттай байна. Удахгүй шалгалтын дүнг тайлагнаж, ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)