Хэнэггүй, хариуцлагагүйн төлөөс

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилчин үүргээ гүйцэтгэж байгаад осолдож, амиа алдсан тохиолдол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд гарсан. Тухайн үед хэргийн газарт ажиллаж байсан цагдаагийнхан “Хөдөлмөр хамгааллын дүрмээ мөрдөөгүйгээс ийм осол гарлаа” хэмээн мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, гол буруутай этгээдээр аюулгүй байдлын дүрэм “шалгарсан” юм. Лаг хоргүйжүүлэхэд ашигладаг химийн бодис алдагдсаны улмаас эхлээд хоёр ажилтан хордож, хоёр метр гүн хоолойд унажээ. Нөгөө хоёр нь хамтран ажиллагсдаа аврахыг оролдсон ч харамсалтай нь өөрсдөө хийд хордон, амиа алдсаныг тухайн үед албаныхан мэдээлж байв. Гол асуудал нь тэдэнд нэгнээ аврах сэтгэлээс өөр ямар ч багаж, хэрэгсэл байсангүй. Хий алдагдаж байгааг мэдээлэх, анхааруулах төхөөрөмж битгий хэл хүнд, хортой нөхцөлд ажиллах зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, тэр бүхнийг анхааруулж, сануулах хүн ч байгаагүй бололтой юм.

Амиа алдсан дөрвөн иргэний нэг нь дээрх тохиолдлоос нэг сарын өмнө ажлаа хийж яваад мөн л осолд өртөж, харааны бэрхшээлтэй болсон байсныг байгууламжийнхан мөн мэдээлж байв. Маш хортой нөхцөлд ажилладаг тэдний аюулгүй байдлыг хамгаалах хэрэгслээр нь хангадаггүй, аргацаах төдий ажиллуулсаар иржээ. Хамгийн гол нь энэ нь жирийн, байдаг л үзэгдэл мэт болсныг тэгэхэд ажилчид нь гомдоллож байсан билээ. Үүний гороор дөрвөн хүн амиа алдаж, 10 орчим хүн химийн бодисын хордлогод орсон юм.

Удаа дараа ийм осол гарсаар байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй явсаар тартагт нь тулгасан буруутан нь хэн бэ. Ид хийж бүтээх насны дөрвөн залуу ийн амиа алдсаны төлөө хэн ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан осол гарсны дараахан хохирогчдын ар гэрийнхэнд орон сууц олгоно гэж амласан. Амлалтаа ч биелүүлж, өнгөрсөн тавдугаар сарын 30-нд нийслэлийн удирдлага амиа алдсан дөрвөн ажилчны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр талбай бүхий хоёр өрөө байрны түлхүүр өгсөн юм. Мөн “Та бүхэнтэй холбоотой байж, үр хүүхдүүдийг тань сурч хүмүүжих боломж нөхцөлөөр хангана гэсэн амлалтаа биелүүлнэ” хэмээсэн. Товчхондоо, монгол хүний амь хоёр өрөө байрны үнэтэй болж таарсан.

Түүнээс хойш эл асуудал таг чиг боллоо. “Ослын шалтгааныг дараа дэлгэрэнгүй мэдээлнэ” хэмээсэн холбогдох албаныхан нам жим. Онц ноцтой осол гарч, дөрвийн дөрвөн хүний амь эрсдэн, улс даяараа шуугьж байсан хэрнээ сар хүрэхгүй хугацааны дараа бүгд чимээгүй болов. Хэзээ ч тийм явдал болоогүй юм шиг мартлаа. Үндсэндээ энэ харамсалтай тохиолдлоос монголчууд сургамж авч, цаашид иймэрхүү асуудал гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэл тулгарахад иргэдийнхээ амийг яаж хамгаалах талаар ч ойлголт авсангүй. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа хангах гэдэг зүйл монголчуудад төдийлөн “чухал биш” хэвээрээ үлдэв. Ердөө л ийм хэрэг гарлаа хэмээн харамсаж халаглаад л өнгөрлөө.

Энэ явдлаас хойш хоёр сар хүрэхгүй хугацааны дараа дахиад л бохирын худагт хүн унаж нас барсан осол гарав. Харамсалтай нь, урьдын ослоос ажилчид нь ч, дарга нар нь ч сургамж аваагүй, аюулгүй байдлаа хангах ёстойг ердөө анхаараагүйн баталгаа нь уг осол болов. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн IV хороонд байрлах бохирын худагт хоёр хүн унаж, амиа алдсан осол өнгөрсөн зургадугаар сарын 24-нд гарсан.

Шугам сүлжээний бөглөрлийг засахаар дөрвөн метр гүн бохирын худагт ажиллаж байсан хоёр залуу шатнаас бохир ус руу унаж нас баржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн найман алба хаагчийг очиход 31, 34 настай хоёр иргэн амиа алдсан байсан гэнэ. Төв цэвэрлэх байгууламжид гарсан дээрх осолтой адилаар эхлээд нэг ажилтан худагт оронгуутаа хийд хорджээ. Нөгөөх нь түүнийг аврах гэж байгаад хоёул хордож амиа алдсан аж. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй ч урьдчилсан байдлаар ийм таамаглал гаргасан юм байна. Шалтгаан нь өнөөх л монгол хүний хэнэггүй, хайхрамжгүй байдал, нөгөө талаас аюулгүй байдлаа сайтар хангаж хэвшээгүйтэй холбоотой аж.

Гэсэн ч уг ослыг олон нийт нэг их тоосонгүй, төдийлөн харамсаж халагласангүй. Хотын удирдлага ч ар гэрийнхнийг нь хүлээн авч, орон сууц өгье ч гэсэнгүй. Ид хийж бүтээх насандаа ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан залуусын амь ямар ч үнэгүй болов, энэ удаа. Ийм тохиолдол зөвхөн энэ хоёроор тогтохгүйг олон нийт мэднэ. Жишээ нь, ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч энэ сарын 2-нд нэгэн иргэнийг аврахаар яваад голд живж амиа алдлаа. Энэ мэт осол хааяагүй гардаг ч манайхан нэг өдөр халаглачихаад маргааш нь юу болоогүй мэт мартдаг жишиг тогтжээ. Зөвхөн дарга нар ч бус, хариуцсан алба хаагчид, харьяа газар нь ч сургамж авдаггүй, аюулгүй байдлаа анхаарч, тэр ч бүү хэл иргэд ч өөрсдөө сургамж авахгүй бол монголчуудын хэнэггүй, хариуцлагагүйн төлөөсөнд хүний амь үрэгдсээр байна.

Монгол Улс цөөн хүн амтай. Нэг хүний амь ч манай улсад үнэтэй. Гэтэл хэнэггүй хариуцлагынхаа төлөөсөнд, аюулгүй байдлаа хангаагүйнхээ гороор хүнээ ингэж алдсаар л байх уу.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)