Хэнтийн сурагчид “Өнөөдөр” сонины редакцтай танилцлаа

Төрийн шагналт, яруу найрагч Ренчингийн Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн Нийтийн номын сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр II” төслийнхөн хамтран тус аймгийн сурагчдыг Улаанбаатар хотын соёл, урлагийн зарим газартай танилцуулах аялал зохион байгууллаа. Нийтийн номын сангийн дэргэдэх “Дөлгөөн хэрлэн” болон Хэнтий аймгийн лаборатори I сургуулийн “Өсвөрийн сэтгүүлч” клубийн 9-12 дугаар ангийн 22 сурагч өчигдөр манай сонины редакцад зочлов.

Сурагчдыг удирдан зохион байгуулж, эл аялалд оролцуулж буй Хэнтий аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхимын номын санч Ж.Соёлсүрэн “Аялалд аймгийн төвийнхөөс гадна алслагдсан сумдын сурагчдыг түлхүү хамруулахыг зорьсон. Манай номын сан өнгөрсөн аравдугаар сард Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойг угтан “Сэрүүн Галттай сэтгэлд ойр” уран илтгэлийн уралдааныг зохион байгуулсан юм. Уг тэмцээнд байр эзэлсэн сурагчдаас гадна, ярих, бичих сонирхолтой хүүхдүүдийг аялалд хамрууллаа. Бид Үндэсний номын сан, “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевиз, СУИС-аар аялах төлөвлөгөөтэй” гэв. Сурагчид сонины редакцтай зүгээр ч нэг танилцаад зогсохгүй авьяасаа үзүүлэн, дуулж, бүжиглэн, хөгжимдөж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн тэмцээнд оролцсон хүүхдүүд бичсэн илтгэлээ сэтгүүлчдэд сонирхуулж заавар, зөвлөгөө авлаа.

Аялалд оролцож буй “Тэжүүжин” цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Анударь “Бид өчигдөр (арванхоёрдугаар сарын 2) Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Үндэсний номын сантай танилцсан. Олон ховор ном үзэхийн зэрэгцээ хуучны эд зүйлсийг ч сонирхлоо. “Өнөөдөр” сонины редакцтай танилцах сонирхолтой байв. Өдөр тутмын сонины шат дамжлагыг харж, танилцах нь сэтгүүлч мэргэжлийг сонирхдог, ярьж, бичих авьяастай сурагчдад дэмжлэг боллоо. Биднийг найрсгаар хүлээн авсанд маш их баярлаж байна” гэлээ. Сурагчид редакцын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ мэдээ бэлтгэсэн юм. Энэ талаар Хэнтий аймгийн лаборатори I сургуулийн 11б ангийн сурагч, “Өсвөрийн сэтгүүлч” клубийн ахлагч Б.Гоомарал “Манай клубийг өнгөрсөн нэгдүгээр сард “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Бор-Өндөр II” төслийн хүрээнд байгуулсан. Одоогоор 9-11 дүгээр ангийн 12 гишүүнтэй. Манай аймгийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох “Хэнтийн мэдээ” агентлагийн сэтгүүлчид биднийг сургаж, хөгжүүлдэг. Сэтгүүлч болох сонирхолтой хүүхдүүд аймаг, сум, сургуульдаа болсон үйл явдлын мэдээг бичиж сонин, сайт, телевизээр гаргах боломжтой. Энэ удаа аялалд явсан мэдээгээ бэлтгэж байна” гэлээ.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)