Хэнтийн нөхөн сонгуульд дөрвөн нам оролцох боломжгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийж, Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд явуулна. Тиймээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас 27-д нь зөвлөмж хүргүүлснийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан онцолсон. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас уг шаардлагыг хангаагүй гурван намд зөвлөмж хүргүүлээгүй юм байна. Тодруулбал, хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд гэрчилгээг нь олгосон Гэр хороолол хөгжлийн нам болон Их эв нам, Ард түмний олонхын засаглал нам нөхөн сонгуульд оролцохгүй нь. Түүнчлэн ИЗНН 2016 оны сонгуулийн санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлээгүй учир энэ удаагийнхад оролцуулахгүй юм байна. Мөн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1 гэхэд СЕХ-нд ирүүлэх нь. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-нд мэдээллээ хүргүүлэх гэнэ.

42 дугаар тойргийн нутаг дэвсгэр нь аймгийн төв буюу Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумыг хамарч буй. Өмнө нь байгуулсан Сонгуулийн хороо нь үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ахалж байгаа аж.

Тус тойрогт нийт 17 450 сонгогч санал өгөх боломжтой бөгөөд тэдгээрийн 50+1 хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх юм. “Ирц бүрдэх, эсэхэд тэгтлээ санаа зовохгүй байна. 2016 оны ээлжит сонгуулиар тус тойрогт сонгогчдын ирц 80 хувьтай байсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Ирц бүрдүүлэхэд анхаарч сонгуулийн хэсгийн хороод ажиллана” хэмээн СЕХ-ныхон хэлж байсан юм.

Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоног үргэлжлэн дуусах ёстой. Улмаар санал хураалтаас 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулна. Харин сурталчилгаа 18 хоног үргэлжлэх юм. Түүнчлэн нөхөн сонгууль явуулахад улсын төсвөөс зарцуулах 287.6 сая төгрөгөөс 246.1 саяыг нь СЕХ, 32 саяыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруйг нь цагдаагийн байгууллага зарцуулах юм байна. 21 хэсэгт санал хураалт явуулах бөгөөд 500 орчим хүн ажиллахаар тооцжээ. Сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор Батлан хамгаалах яам, ШШГЕГ, ЦЕГ, УБОӨЕГ, ТЕГ, ҮАГ гэх мэт төрийн байгууллагад албан бичиг хүргүүлжээ. Үндэсний аудитын газар санал хураалт явуулахаас 120 хоногийн өмнө сонгуульд оролцох нам болон нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 1-нээс өмнө үүнийг тодорхой болгох нь.

Уг сонгуулийг өнгөрсөн аравдугаар сард товлоод байхад МАХН-аас тус намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэр дэвшинэ хэмээн таамаглаж байсан. Мэдээллийн үеэр “МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжтой юу” гэх сэтгүүлчийн асуултад Ц.Болдсайхан “Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн дагуу нэр дэвших эрх нь нээлттэй” хэмээн хариулсан. Мөн “Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хязгаарлах вэ” гэхэд “Нөхөн сонгууль явуулахтай холбоотойгоор баталсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй байна. Энэ хугацаа дуусаж, тогтоол нь хүчин төгөлдөр болсноос хойш гурав хоногийн дотор УБОӨЕГ-т манайхаас холбогдох мэдээллийг хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байгууллагаас сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр ил болгоно” хэмээлээ. Ташрамд дурдахад, тэд сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж буй аж.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэх, стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар ярилцсан байна. Үүний хүрээнд улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулах, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар онцолжээ. Мөн Монгол, Солонгосын харилцааг эдийн засгийн талбарт өргөжүүлэх, бүс нутгийн түвшинд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах талаар болон иргэдийн солилцоо, консулын зарим асуудлаар ярилцав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)