Хэнтийн нөхөн сонгуулийг хоёр дахиа хойшлуулах нь

Лав л ирэх сарын 30-нд Хэнтий аймагт нөхөн сонгуулийн санал хураалт болохгүй нь. Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцэд хандсан иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг энэ сарын 27-нд товлочихож. Уг нь ирэх 28-наас нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, бие даан өрсөлдөх хүмүүс тодорхой болох байв. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт эл нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа зарласан нь энэ бөгөөд өмнөхийг нь Цэцийн шийдвэрээр хойшлуулсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Өмнө нь ч, одоо ч Цэцэд хандсан иргэдийн үндэслэл нь тун төстэй тул ямар шийдвэр гаргах нь үндсэндээ тодорхой болов уу.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөс илрүүлсэн албан ёсны мэдээнд дурдсанаар, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай 2018 оны 49, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 2019 оны 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12.1, 12.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн зарим заалтад нийцсэн, эсэхийг энэ удаа хэлэлцэнэ. Тодруулбал, Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн шийдвэр болох 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг иргэн Д.Ганхуяг гаргасан бол 22 дугаар тогтоол болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт “Эцэг хууль”-тай харшилдаж буй талаар иргэд хоёр тусдаа хандсан хэрэг.

Энд дээр дурдсан бүх үндэслэлийг дурдахаа больё. Өмнө нь Цэцийн хэлэлцэн шийдвэрлэсэнтэй төстэй учраас Сонгуулийн тухай хуулийн 12.1, 12.3 дахь хэсгийг онцолъё. Сонгуулийн тухай хуулийн 12.1-т “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй”, 12.3-т “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна” гэх заалт бий. Эдгээр нь дөрвөн жил тутам явуулдаг ээлжит сонгуулийг зохицуулсан заалт болохоос нөхөн сонгуультай холбоотой харилцааг үүгээр хуульчлах ёсгүй гэж мэдээлэл гаргасан иргэн үзэж буй юм билээ.

Тэгвэл өмнө нь мэдээлэл гаргасан иргэн С.Мөнхцэцэг “Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуулийг дөрвөн жил тутам явуулахаар хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших, эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг ханган оролцох боломжтой байдаг. Харин нөхөн сонгуулийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн, эгүүлэн татсан, нас барсан тохиолдолд явуулдаг бөгөөд урьдчилан тааж мэдэх ямар ч боломжгүй. Энэ удаа нөхөн сонгууль зарлахад төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй, хийдэл үүссэн байна” хэмээн хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн алба болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна” гэсэн нь ээлжит сонгуулийн харилцааг л зохицуулахаас нөхөн сонгуульд хамаагүй хэмээсэн үндэслэл байв. 

Үүнийг нь ч Цэц хүлээн зөвшөөрч, Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байна гэж үзсэн тул холбогдох заалтыг түдгэлзүүлж, өнгөрсөн оны аравдугаар сард санал хураалтыг нь товлоод байсан нөхөн сонгуулийг хойшлуулсан. Гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй ч Цэц их суудлын хуралдаанаараа ч байр сууриа өөрчлөөгүй юм. Улмаар энэ оны нэгдүгээр сард УИХ Сонгуулийн тухай хуулийн 125.5-ыг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” хэмээн өөрчлөн баталсан билээ.

Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд хэрхэн оролцох вэ гэдгийг нь хуульчлаагүй байхад сонгууль зарлаж сонгогдох эрхийг нь зөрчсөнтэй адил улс төрийн нам, эвслийн сонгуульд оролцохыг нь ч хязгаарлалаа гэж шийдвэрлэх үндэслэл харагдаж байгаа юм. Учир нь Цэц шийдвэр гаргахдаа өмнөх төсөөтэй асуудлуудад хэрхэн хандаж байснаа харгалздаг. Тиймээс л Хэнтийн нөхөн сонгуулийг хоёр дахиа хойшлуулах нь хэмээж буй нь энэ.

Харин уг сонгуулийг гурав дахь удаагаа зарлах уу. Ер нь 2020 оны ээлжит сонгуулиас өмнө Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын төлөөллийг төрд сонгож чадах уу. Хуульд заасанчлан нөхөн сонгуулийг зургаа болон аравдугаар сард буюу жилд хоёр удаа улс даяар нэг өдөр зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, 2020 оноос өмнө, ирэх аравдугаар сард л санал хураалт явуулах боломжтой. Ингэхийн тулд сонгуулийг тун удахгүй товлон зарлах учиртай. Тухайлбал, УИХ өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоол баталж байсан бөгөөд санал хураалтыг мөн оны аравдугаар сарын 7-нд явуулахаар баталж байсан юм. Гэвч ирэх даваа гарагт Цэц хуралдаж шийдвэр гаргалаа ч түүнийг нь УИХ тэр даруй хэлэлцэх, эсэх нь эргэлзээтэй.

Жишээ нь, Цэц эл асуудалтай холбоотойгоор Үндсэн хууль зөрчсөн гэх эхний дүгнэлтээ өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд гаргаж байсан ч бараг таван сарын дараа буюу энэ оны нэгдүгээр сард УИХ сая хуулиа зассан байдаг. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөх, эсэх, цаашлаад их суудлын хуралдаан болох уу, улмаар УИХ зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж батлах уу гээд цаг алдах шалтгаан цөөнгүй. Нөгөө талаас өнгөрсөн оны аравдугаар сард болох байсан санал хураалтыг Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлуулсан нь эрх баригчдын захиалгат шийдвэр гэж хардах нь бий. Өмнө нь мэдээлэл гаргасан иргэн С.Мөнхцэцэгийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолоочийн төрсөн эгч болох талаар тухайн үед мэдээлж байв. Тиймээс ч энэ удаа Цэцэд үүсгэсэн маргааныг ч Хэнтийн нөхөн сонгуулийг хойшлуулж, хийлгэхгүй байх зорилготой байж болзошгүй гэж үзэх хүн мундахгүй байна. Тухайлбал, Цэц дээрх асуудлаар маргаан үүсгэж хуралдсанаар нөхөн сонгуулийг дахин хойшлуулахуйц шийдвэр гаргаж болзошгүй хэмээн хардаж буйгаа АН-ынхан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)