Хэнтийгээс 204 бод хулгайлсан бүлэг этгээдийг илрүүллээ

Хэнтий аймгийн нутгаас удаа дараа мал болон эд зүйл хулгайлж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн бүлгийг тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Т.Лхагвадорж “Аймгийн хэмжээнд энэ он гарсаар гэмт хэргийн гаралт буурч, илрүүлэлт өссөн. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 146 холбогдогчтой 205 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 гэмт хэрэг буюу 24 хувиар буурсан үзүүлэлт. Мөн гэмт хэргийн илрүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.4 хувиар өсөж, улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон үйлдэгдээд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан гэмт хэргүүдийг илрүүлэхэд түлхүү анхаарч ажилласны дүнд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран 2017 оноос энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 24 удаагийн үйлдлээр иргэдийн 204 бодыг хулгайлсан хүмүүс, ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын хамтаар Дэлгэрхаан сумд нэг шөнийн дотор найман айлаас хулгай хийж, их хэмжээний хохирол учруулсан, Биндэрт хүрэн баавгай хууль бусаар агнасан бүлэг хүн, Баянхутагаас иргэдийн олон тооны бод мал хулгайлсан, Батноров сумын нутгаас 47 адуу хулгайлж нядалсан зэрэг хэргийг илрүүлэн шалгаж байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)