Хэмжээгүй эрхт МЯНГАТУУД

Атаархсандаа ч биш, мянгат малчдыг ямар их хувь заяатай хүмүүс вэ гэж бодох болов. Чадал нь хүрвэл Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган мал өсгөж үржүүлсэн ч тэдний дур.

Өвсний сөлтэйг, усны ойрыг дагаж, үнэгүй бэлчээрээс сорчлон нүүдэллэх бүрэн эрх тэдэнд бий. Байгалийн бэлчээрийг өөрсдийн дураар хайр гамгүй ашигласныхаа төлөөсөнд ямар нэгэн татвар, шимтгэл, түрээсийн төлбөр төлөхгүй.

Тэгсэн хэрнээ төрөөс олгодог урамшуулал, дэмжлэг гэхээр уургын морь шиг ухасхийдэг манай мянгатууд үнэхээр жаргасан улс. Ингээд хэлэхээр “Бид ариун цагаан хөдөлмөрөөрөө мянгат малчин болсон юм шүү” хэмээн ихэд дургүйцэх вий.

Та бүхний хөдөлмөр зүтгэл байлгүй яах вэ. Гэхдээ яг үнэндээ та нар шиг дархан эрхтэй, даварсан малчид дэлхийн аль ч улсад байдаггүй.

“Малчин өрхийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна”, “Малчдад малынх нь арьс шир, ноосны урамшуулалд өгнө гэж төсөвт мөнгө суулгана”, “Малчны зээл хамгийн хямд хүүтэй байна”, “Малчдын төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж тооцно”, “Малчдад өвс, тэжээл хямдралтай үнээр олгоно” гээд малчид руу чиглэсэн төр, засгийн бодлого л үеийн үед тогтвортой, илүү өргөн хүрээнд далайцтай хэрэгжиж байжээ.

Ингэхэд Монголд ер нь малчдаас өөр хүн байдаг юм болов уу. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл гэж жилд 12-хон мянган төгрөг төлөхдөө хүртэл хэтэрхий хойрго загнадаг тэдэнд л сумын эмнэлгийн түргэний машин хамаг түлш шатахуунаа зарцуулдаг шүү дээ.

Хэмжээгүй эрхт нүүдэлчдийн ахуй амьдрал зах зээлийн нийгэмтэй нэг л авцалдаж өгөхгүй байгааг өнөөгийн манай бэлчээрийн доройтол, эко системийн тэнцвэрт байдал алдагдсанаас харж болно.

Манай улсын хамгийн олон мянгат малчинтай аймгууд болох Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймагт 100 га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрчихсэн. Тиймээс байгаль орчин, бэлчээр сүйтгэгчдийн толгойг илж, улам ч өөгшүүлэн дэмждэг улсад амьдарч байгаадаа баярла.

Монгол Улсын хэмжээнд өдгөө 150 гаруй мянган малчин өрх байгаагийн 3.2 хувь буюу 6808 нь 1000-аас дээш толгой малтай гэсэн статистик бий. Мянгат малчид дотроо бас эрэмбэ дараатай гэж байгаа.

Өөрөөр хэлбэл, 1000-1499 толгой малтай 5620 өрхийг бусад нь жижиг гарынхан гэж “өхөөрдөнө”. Харин 1500-2000 малтай 816 айлыг бол арай ч тэгэхгүй. Гэхдээ л 2000-аас дээш толгой малтай 372 малчин өрхийн дэргэд тэд яалт ч үгүй нэг шат доогуур үнэлэгдэх нь дамжиггүй. Гэвч энэ тийм ч чухал асуудал биш.

Манайд байгаа 6800 гаруй мянгат малчид (тэдний дунд 3000 малтай өрх ч цөөнгүй) улсад, орон нутагтаа юу хийж бүтээсэн бэ гэдэг л юу юунаас чухал. 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотоо есөн дүүрэгтэй нь оролцуулаад тооцоход нэг газарт дор хаяж 18 мянгат малчин ногдоно.

Эндээс харвал тухайн орон нутагт овоо дориун хаялгатай байж болохоор. Гэвч маньд, манай улсад тэдний өмч хөрөнгө ямар ч хүртээлгүй. Малчдын улсдаа өгдөг байсан цорын ганц орлого болох малын хөлийн татварыг тэдэнд хайртай улстөрчид аль эрт болиулчихсан.

Өнгөрсөн жил малын хөлийн татвартай болох тухай хуулийн заалт яригдаж байхад Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат “Малчдын 40 хувь нь малын хөлийн татвар төлөхөөр байгаа. Энэ нь малынхаа ашиг шимээр амьжиргаагаа дөнгөж залгуулж буй өрхүүдэд хамаагүй.

Харин 1000, 2000 толгой малтай иргэдийг мал аж ахуйгаас илүү их ашиг олох бололцоотой гэж үзээд тэр хөрөнгөнд нь ногдуулж буй татвар юм. Тэгээд ч 1000 малтай өрх байгалийн ашиг шимийг илүү их хүртэх нь мэдээж” хэмээж байв. Ийм л байх ёстой шүү дээ.

Даанч манай улстөрчид мал, малчин хоёрыг хамгийн их тахин шүтдэг учраас чадахгүй л дээ. Дээрх хуулийн заалтыг зоригтойхон баталчихсан бол 6800 гаруй мянгат малчдаас багагүй мөнгийг тухайн орон нутагт нь “наах” байлаа.

Нүүдлийн мал аж ахуйтай Монгол Улс анх удаа Бэлчээрийн тухай хуультай болох гээд бүхэл бүтэн 10 гаруй жилийг ардаа үдэж буй нь мөн л хэмжээгүй эрхт малчдын хүсэл таашаалд нийцүүлэхийн тулд билээ.

Одоо бүр татвар төлөгчдийн мөнгөөр улсын нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг малчдад үнэгүй олгох юм гэнэ. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж, Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолын дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, суманд 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй өгөх тухай хэлэлцэв.

Тэгээд болоогүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг ч малчдад 50 хувь хямдруулж олгох бөгөөд тэдгээрийг зориулалтын бусаар зарцуулах, дамлан худалдахаас урьдчилан сэргийлж, хяналт тавихыг дарга даамлууд нэгэндээ даалгаж байна.

Мөн сүрхий еэ. “Манайх хэцүүдлээ”, “Манайд өвөлжилт хүндэрлээ” хэмээн малчид уйлан донгодсон юм байх. Бичин жилийн зудны сургаар малчид маань төр засаг, түмэн олноо сая нэг санасан бололтой.

Манайхан л болсон хойно үнэгүй юманд нугасгүй. 50, 100 малаар амьдралаа залгуулж буй малчидтайгаа зэрэгцээд нөгөө мянгатуудын хэд нь энэхүү бичин жилийн бэлэгт хамрагдах гэж зүтгэхийг таашгүй.

“Ирэх жилийн нөөцөө энэ мөнгөөр бэлд дээ” гээд улсын өвс, тэжээлийг худалдаад авчих хоншоортой зан манай мянгатуудад ядаж байдаггүй л байх даа.

2015 оны мал тооллогын дүнгээс харахад 500-гаас дээш малтай өрхийн тоо 26.7 хувиар өссөн байна лээ. Бэлчээр талхлан сүйтгэгчдийн дийлэнх нь мэдээж манай орны хамгийн шим сөлтэй өвс тэжээлтэй төв болон зүүн аймагт тоологдсон байх юм.

1985 онд манай орны ойт хээрийн бүс буюу хангайд нийт малын 20 гаруй хувь нь байсан бол одоо бараг 80 орчим хувь нь энд бэлчээрлэж байна. Говийн бүс нутагт тухайн үед нийт малын 41 хувь бэлчээрлэж байсан бол өдгөө 20 орчим хувь болж эрс буурсан нь байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн зохистой бодлого төр, засгаас хэрэгжүүлэхгүй орхигдуулсны уршиг.

Гэтэл говийн бүсийн бэлчээр нь нийт нутгийн 45 хувийг эзэлдэг асар том орон зай” хэмээн гавьяат зоотехникч Д.Жадамба ярьсан. Үхэр өсгөж үржүүлэхэд хамгийн тохиромжтой газарт хэдэн зуу, мянган хонь, ямаагаа тууж очоод бэлчээр сүйтгэдэг малчдад татвар, торгууль ногдуулах нь байтугай ноос, ноолуурын урамшуулал өгч, дээрээс нь “Мянгат малчин” хэмээн өргөмжилж байдаг тохуутай төр, засагтай билээ, бид.

Тэгээд бас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн орнуудын чуулга уулзалтаас дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүрэг амлалт авсан гээд байгаа шүү.

Малын тоо толгой хэт өсөх нь, ялангуяа бэлчээрийн эко системийн тогтолцоог алдагдуулах нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг учраас байгалийн өвс ургамлын нөөцөө зөв ашиглахад одооноос анхаарахгүй бол дэлхий нийтийн өмнө нүүрээ улалзуулна гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлж байна.

Тиймээс мянгат малчдыг хүн ардын өмнө биш юм гэхэд хүж дэлхий, байгаль эхийнхээ өмнө ухамсартай, хариуцлагатай байхыг сануулж, тодорхой дэг журамд оруулах цаг нь болсон.

Улсын сайн малчин болоход хэчнээн хүн малжуулж, цалинжуулсан, малынхаа чанар, үүлдэр угсааг хэрхэн сайжруулсан, нийгэм олон нийтийн сайн үйлсэд хэр идэвхтэй оролцож дэмждэг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, эсэх гэх мэт цөөнгүй шалгуур тавьдаг.

Гэтэл яагаад ч юм манай мянгатуудыг тийм даваа, гүвээ “давуулж” үйлийг нь үздэггүй аж. Хоёр, гурван мянган малтай бийлэгжүү малчин сумынхаа сургуулийн ойд ганц хоёр бодоор өргөл барих үгүй нь тухайн хүний дурын асуудал.

Бас ойр хавийнхаа хамгийн ядуу зүдүү нэгнийг малжуулсан нэртэй хэдэн төлөг, борлонгоор хуурч “зарцалдгаа” ажлын байр бий болгосон мэтээр сайрхахаас өөр мянгатуудын гавьяа үнэндээ алга.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)