Хэлмэрчид нь хятадуудад үйлчлэхээс татгалзлаа

Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан билээ. Хятадууд “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь нэгэн орон сууцыг хөлслөн өнгөрсөн оны ес, аравдугаар сараас хойш сууж байсан юм. Монголд үлдээн шалгасан хятад иргэдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлээд байгаа талаар бид долдугаар сарын сүүлчээр мэдээлсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, БНХАУ-ын иргэн Шу Хуйхан, Еэ Чинхуй, Нарсу, Хуанг Шинбин, Хуанг Яаошэнг, Лианг Жүфэнг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг наймдугаар сарын 31 буюу өнгөрсөн даваа гарагт товлосон байсан юм. Дээрх хүмүүс Сүхбаатар дүүргийн нутаг дахь, “Юнион бюлдинг” цогцолборын 3, 4, 6, 7, 12 дугаар давхар дахь өрөөнүүдийг түрээслэн өндөр хүчин чадалтай цахим төхөөрөмж, компьютер, гар утас ашиглан бусдыг залилж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдсон. Ингээд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээн, “МТ4” хэмээх өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн.

Тэдэнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3- 3.3 дахь хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж бусдыг залилан мэхэлсэн”, 18.6-2.2-т заасан “Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 20.3-1 дэх хэсгийн “Зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, элссэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын үеэр шүүгдэгчдийн хэлмэрч нь тэдэнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, өөр орчуулагч авах хүсэлт гаргасан тул хурлыг хойшлуулжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)