Хэлдэг гурав, хийдэг ганц

-Манайхны багшийн удам надаар тасрах нь ээ.

-Яагаад тэр вэ, багшийн мэргэжил бахархам, сайхан шүү дээ.

-Ихэнхдээ үүрээр гараад, үдэш гэртээ ирдэг болохоор хүүхдүүд “Багшийн ажил үнэхээр хэцүү” гэж, миний мэргэжлээс залхсан.

Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг танилтайгаа ийн хуучлав. Өглөөнөөс орой хүртэл түмний хүүхдийн сайн сайхны төлөө ажилладаг хэрнээ өчүүхэн цалин авдаг нь үнэн л дээ, Монголын багш нар. Ачаалал ихтэй ажлаасаа болоод ар гэртээ анхаарал халамж тавьж чаддаггүй гэх юм билээ. Багшийн дундаж цалин 700 000 төгрөг бөгөөд энэ нь дэлхийн жишгээс хэд дахин бага үнэлэмж. Тиймээс багш нар ажлын ачаалалтайгаа тэнцэх цалин авахаар хэдэнтээ тэмцсэн. Багшийн ажлын байрны тодорхойлолтод өдөрт найм, долоо хоногт 40 цаг ажиллахаар тусгасан. Гэсэн ч үнэн хэрэгтээ багш нар өдөрт 11-14 цаг ажилладаг. Хүүхдүүдэд хичээл заахаас гадна тухайн хичээлээ бэлтгэх, заах аргын нэгдлийн ажилд оролцох, анги танхимаа тохижуулах, олимпиадад бэлдэх, судалгаа хийх, ангийн болон хувийн хэрэг хөтлөх, сурагчдын даалгавар шалгах, шалгалтын материал засах, хурал уулзалтад явах гээд бөөн ажил тэдний толгой дээр “овоордог”. 

Тиймээс “Багш хариуцлагагүй”, “Багш хүүхэдтэй тулж ажилладаггүй”, “Багш миний хүүхдэд анхаарсангүй” хэмээдэг зарим эцэг, эх гоншигнохоо түр азнаад багштай хамтарч ажиллах гээд үзээрэй. Хүүхдийн тань сурлага, хүмүүжил сайжрах ч юм бил үү. Хэт их ачааллаас болоод багш нар үндсэн хичээлээ ч олигтой зааж чадахгүйд хүрсэн гэвэл итгэх үү. БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгээс үндэсний хэмжээнд түүврийн аргаар судалгаа хийж, 70 багшаас санал асуулга авчээ. Үүний үр дүнд багш нар үндсэн хичээлээс гадуур 400 гаруй ажил хийж байгааг тогтоосон байна. Эдгээрийн дийлэнхийг бичиг цаасны ажил эзэлдэг аж. Жишээ нь, хотын сургуулиуд хүүхэд олонтой. Нэг ангид 30-35 хүүхэд ногдох ёстой атал 50-60-уулаа шахцалдаж суух нь энүүхэнд. Эдгээр хүүхдэд шалгалтын сэдэв бэлтгэх, дүнг нь засах, олимпиадад бэлдүүлэх, дахиад уралдааны дүн засах зэргээр цаастай зууралдсаар өдрийг бардаг. Харин хөдөөгийн сургуулиудад сурагч цөөн. 


Гэхдээ тэнд багш нар Засаг даргын мөрийн хөтөлбөр гаргах, түүнийх нь хэрэгжилтийг дүгнэх, хурлын протокол хөтлөх, сумд болсон аливаа уралдаан, тэмцээнийг шүүх зэрэг бусад ажилд ч дайчлагддаг байна. Уг нь багшийн ажлын байрны тодорхойлолтод дээрх зүйлсийг заагаагүй учраас “Би хийхгүй” гэх эрх нь бүрэн бий. Харамсалтай нь, хөдөөд ажлын байр хомс учраас “Ингээд хэлчихвэл ажлаасаа халагдана” гэж айхдаа ам нээдэггүй гэх. Уг нь багшийн ажлын 85 хувь нь хүүхдийг сургахад 15 хувь нь бусад зүйлд зарцуулагдах учиртай. Гэтэл өдгөө энэ харьцаа өөрчлөгдөж, багш хичээл заахдаа 40 хүрэхгүй хувийг зарцуулж байна. Харин бичиг цаасны бусад ажилд 60 гаруй хувийг нь үрж буй. Сурагчдад зарцуулах цагаас хумслаад бичиг цаас боловсруулдгаас болж зөвхөн багш нар хохирохгүй Монголын ирээдүй хохирч буй дүр зураг харагдаж байна. 

Зарим хүн “Ажил ихтэй багш мэргэжилдээ өсөж, дэвжиж байна” хэмээн бодож магад. Үгүй гэж хариулъя. Энэ их бичиг цаасны ажил хийлээ гээд багшид “хожоо” гарахгүй. Өөрөө хөгжихгүй хэрнээ өрөөлийг ч хөгжүүлэхгүй бичиг цаасны ажлаас багшийг аврах цаг хэдийн болжээ. Ялангуяа багшийн гүйцэтгэх ажил хөдөлмөртэй холбоотой, 2007 онд гаргасан журмаа эргэж харах шаардлага тулгарчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Сангийн сайдын хамтарсан уг тушаал үүргээ гүйцэтгэж чадахаа больсныг багш нар байнга шүүмжилдэг. Тиймээс БСШУСЯ-наас багшийн ачааллыг багасгахаар судалж байна. Улмаар шинэ журам гаргах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн зарим гишүүн багшийн ачааллыг багасгахын тулд сургуулийн удирдлага зөв менежмент хийх ёстойг онцолсон. Багшийг сургалтаас гадуур ажилд томилдог, болсон болоогүй бичиг цаасаар дардаг гол “хэрэгтэн” нь сургуулийн удирдлага учраас тэр гэнэ. 

Сургуулийн захирлууд “Тэнд очиж ямаа самна”, “Энд ирж гүү саа”, “Цаашаа очоод унгас сав”, “Наашаа ирээд тугал ивэлгэ” гэдгээ л больчихвол багшийн ачаалал аяндаа буурна хэмээн тэд үзэж буй. Ажлынхаа дороос өндийхгүй суусаар өдөр өнгөрдөг тул бичиг цаасаа тэврээд гэр рүүгээ ирдэг тухайгаа зарим багш ярьсан. Зарим нь өнөөдрийн ажлаа дуусгаагүй байж маргаашийнхыг бодсоор сэтгэл зүйн дарамтад ордог гэнэ. Эцэг, эхчүүд “Чи миний хүүхдийг сургах үүрэгтэй” гэж дарамтална. Сумын удирдлага “Багш нар орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт оролцох ёстой” гэж үүрэгдэнэ. Сургуулийн захирал “Олимпиад, уралдаанд алгасахгүй оролцож амжилт гаргах ёстой” гэж шахна. Товчхондоо бол хэлдэг гурав, хийдэг ганцын үлгэр шиг л бүх ачаалал багш дээр ирдэг болжээ, өнөө цагт. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс боломж олгож, сургаад ч багш нар хөгжиж чадахгүй байгаа сурагтай. Ялангуяа алслагдсан учраас хөдөөгийн багш нар сургалтад тэр бүр хамрагдаж чадахгүй байна. Харин хотын багш нар сурагчдын дэвтэр засаж, дагалдах бичиг баримтаа боловсруулсаар байгаад сургалтдаа сууж амждаггүй, арай гэж амжуулчихаад очихоор өнөөх үйл ажиллагаа нь дуусаж байдаг гэсэн онигоо ч багш нарын дунд “явна”.

Олон улсын багш нарын ачаалал ямар байдгийг сонирхъё. ОХУ-ын багш нарын ажлын ачаалал манай багш нарынхаас гурав дахин бага аж. Тэд хүүхдийн сурлага, хүмүүжилд анхаардгаас бус, бичиг цаастай зууралддаггүй. Өөрөөр хэлбэл, багшийн үйл ажиллагааг хичээл заах, суралцагчидтай ажиллах, сургалтад бэлтгэх, сурган хүмүүжүүлэх зохион байгуулалтын ажлаар тодорхойлсон байна. Өөр нэмэлт ажил хийдэггүй. БНСУ-д багшийг хөгжүүлэх олон талт төлөвлөгөөтэй. Уг төлөвлөгөөнд нэгдүгээрт, багшийг хөгжүүлэх нийгмийн уур амьсгал бүрдүүлэх, хоёрдугаарт багшид хандах хандлага болон тэдний ажлын нөхцөл байдлыг сайжруулах, гуравдугаарт багшийн нэр хүндийг дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тэндхийн багш нар хэзээ ч сургалтаас гадуур ажилд дайчлагддаггүй. Багшийн нэр хүндийг үргэлж тэргүүнд тавьдаг. Япон улс багш нараа үргэлж хөгжүүлдэг бөгөөд эцэг, эхчүүд багшийн хөгжлийг дээд зэргээр дэмждэг гэх. Колумб, Чили, Мексик зэрэг улсын багш нарын ачаалал их. Гэхдээ тэд манайхантай адил бичиг цаастай бус, хүүхэдтэй “зууралддаг”-аараа ялгаатай. Харин манай багш нар хэчнээн махарч зүтгэлээ ч сурагчдынх нь сурлагын чанарт өөрчлөлт гарахгүй шахам байгаа нь харамсалтай. Сүүлийн үед багш нар магистр, докторын зэрэг горилох нь ихэсжээ. Тэд тодорхой сэдэв судалж, түүнийгээ хамгаалдаг. Харамсалтай нь, багш нарын судалсан сэдэв нийгэмд үр өгөөжөө өгөхгүй, мартагдаж, орхигдсоор байгааг Монголын багш нарын холбооныхон шүүмжилсэн.

Боловсролын салбарын хөгжлийн тулгамдсан асуудал нь боловсролын үнэлгээ. Үнэлгээ муу учраас багшийн нэр хүнд хийгээд ажил мэргэжлийн үнэлэмж нийгэмд навс уначихсан. Гүйцэтгэж буй ажил, ажлын үнэлэмж хоёр нь газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа нь үүнийг гэрчилнэ. Энэ нь багшийн үйл ажиллагааг үнэлж, зөв дүгнэлт өгч чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, багшийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх аргачлал, баримтлах чиглэл, журам зэрэг нь өнөөгийн шаардлагыг бүрэн хангахгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)