Хэлбэр төдий хямдрал

Манай улсад хүнснээс бусад борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн зарим нь ашиг олдоггүй, иргэдэд “зүгээр” шахам өгч байна уу гэлтэй бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг “зад” хямдруулдаг. Эл хямдрал нь бараг жилийн дөрвөн улирал үргэлжилдэг бөгөөд агуулах чөлөөлөх болон задгай талбайн “зангарагтай” худалдаа, хар, улаан баасан гаргийн хямдрал зэрэг сүрдэм нэртэйг нь яана. Ялангуяа баяр ёслолын өдрүүдээр аль ч дэлгүүр, үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлсэн багадаа л 50 хувийн хямдралтай хувцас, гутал, эдлэл худалдан авч болохоор харагдана. Хотын төвд байрлалтай “Мөнгөн завъяа” алт, үнэт эдлэлийн дэлгүүрт орлоо. 

Худалдагчид нь “Юу сонирхож байна, манайх 50-70 хувийн хямдралтай байгаа шүү” гэж байна. 320 000 төгрөгийн үнэ наасан алтан бөгжийг 170 000, 1.2 саяын мөнгөн аягыг 600 000-аар борлуулах гэнэ. Ер нь тус дэлгүүрийн бүх лангуун дээрх эдлэлийн ханш “хөөсрүүлсэн” үнэ бөгөөд даруй 70 хүртэлх хувиар буулгахаа ам уралдан хэлж байна. Хэзээнээс хямдрал зарласныг нь асуувал лангуу түрээслэгч нэгэн “Байнгын хямдралтай л даа” хэмээн дурамжхан хариулав. “Мөнгөн завъяа”-гаас холгүйхэн бэлэн хувцасны олон дэлгүүр бий. Тэдгээр нь бараг бүгд гаднаа “Sale” гэсэн бичиг наажээ. Хямдрал 70 хувь гэсэн бичгийг гадаа үүд, дотор ханандаа хаа сайгүй өлгөсөн нэг дэлгүүрийг сонгон оров. Бараг бүх гутал, өвлийн хүрэм нь нэг саяас дээш төгрөгийн үнэтэй байсан бөгөөд одоо 400 000-300 000-аар худалдан авах боломж бүрдүүлсэн гэнэ. 

Мөн зарагдалгүй удан, өнгө нь бүрсийж, өлөн хир суусан гэж болохуйц нимгэн цамц, өмднүүдийг нэг сагсанд хийн “Super sale” 60 000 төгрөг гэж бичжээ. Эл дэлгүүр он солигдох дөхсөнтэй холбогдуулан ийнхүү хямдрал зарласнаа тайлбарлав. Цаашилбал, “Агуулах чөлөөлөх хямдрал зарласан тул хоёрыг авбал нэг үнэгүй буюу 100 000 төгрөгт гурван гутал өгнө” гэсэн үйлчлүүлэгчдэд маш ашигтай байж болох сурталчилгаа сонслоо. Тус дэлгүүрээр ороход мөн л хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн өвлийн гутлаа хямдралтай үнээр борлуулж эхэлснээ дуулгав. Харин уг гутлуудын анхны үнэ хэд байсан, хэдэн төгрөгөөр хямдруулсныг тайлбарласангүй. Бас бэлэн хувцасны дэлгүүрээс дурын гурван өөр хувцас авбал урамшуулал болгон авсан гурвынхаа аль нэгээс өөр өнгө, загвартайг дахин сонгож болно гэх урамшуулалтай “таарав”. Гурван хувцас авчихаад хамгийн үнэтэй, гоёмсогтой нь адилхан нэгийг ахин авах гэтэл:

-Авсан гурвынхаа хамгийн хямд үнэтэй бараанаас нь сонгоно уу

-Дурын гурван хувцас худалдан аваад алинаас нь ч хамаагүй ахин нэгийг сонгож болно гэсэн байна шүү дээ

-Үгүй ээ заавал хямд үнэтэйгээс авах ёстой...

Ийм байдлыг хямдрал гэж нэрийдэхээсээ илүүтэй, чанар муутай хоёр бүтээгдэхүүнийг борлуулах бяцхан заль гэж ойлгоход буруудахгүй болов уу. Өөрийнхөө явах замд ойрхон байрлалтай, цөөн дэлгүүрээр ороход л дээрх хямдрал, урамшууллаар “нүдэж” байна. Ер нь нийслэлд барааныхаа үнийг хямдруулж борлуулдаггүй дэлгүүр олдохгүй гэвэл буруудахгүй аж. Түүнчлэн манайд томоохонд тооцогддог үзэсгэлэн худалдааны танхимд өвлийн хувцас, эдлэлийн “бодит” хямдралтай худалдааг өнгөрсөн сард зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд борлуулж буй бүтээгдэхүүн зах зээлийн үнээс 50 хүртэлх хувийн хямдралтай гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан юм. Гэтэл 50 хувийн хямдрал бүү хэл, зарим дэлгүүрийн үнээс ч өндөр өртгөөр бараагаа борлуулсан аж. Тодруулбал, бидний нэрлэж заншсан годон гутал зах зээлд 700 000-1 100 000 төгрөгийн үнээр зарагдаж байгаа бол дээрх үзэсгэлэнд 800 000-1 300 000 төгрөгийн үнэтэй байжээ. Мөн өвлийн хүрэм, ноолууран эдлэлийн үнийг бууруулсан гэж байсан ч бодитоор огт хямдраагүйг хэлэх хүн олон байна. Ер нь энд тэнд зохион байгуулдаг үзэсгэлэн, худалдааны давуу тал нь хямд үнийг санал болгодогт биш, борлуулагч, үйлдвэрлэгчид нэг танхимд цуглаж, иргэдийн сонголт хийх боломжийг л нэмэгдүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

...Мөн байнгын хямдралтай байдаг газруудад хэн итгэх вэ дээ. Ер нь бараа, бүтээгдэхүүнийх анхны үнэ төдөн төгрөг, одоо тэд болсон гэдгийг хэн нотлох юм бэ, шалгадаг байгууллага байна уу...

“Номин” сүлжээ дэлгүүрүүд хямдрал зарлаж иргэдээ баярлуулах нь цөөнгүй. Барааных нь шошго дээр ихээс багассан олон үнэ нааж, урамшуулж буйгаа нотолдог. Гэтэл цөөнгүй иргэн тухайн барааны үнийг буулгаагүй, анхны өртгийг нь өсгөөд, хямдруулсан хэмээн нэрлэж байна гэж бухимддаг. Бидний нэрлэж заншсанаар III, IV хорооллын “Номин” их дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн С.Алтанцэцэг 6900 төгрөг гэсэн шошготой гоёлын бөгж барингаа “Эдний бараг бүх тасаг хямдрал зарлажээ. Гэтэл энэ бөгжийг худалдан авах гэтэл 11 900 төгрөг төлөх ёстой гэнэ. Яагаад ийм байгааг асуухад, “Буруу үнэ наачихжээ” гэж байна. Энэ мэтчилэн кассанд бичүүлэхээр очиход өөр дүн гараад байдаг” хэмээн ярив. Харин худалдагч нь “Зарим барааны үнэ солигдох нь байдаг шүү дээ. Кассын машинд уншуулж байж л зөв үнэ гарна” гэв. Тэгвэл яагаад цөөнгүй барааны үнэ бичсэн дүнгээсээ зөрж, кассын машинаар уншуулахад их болоод байгааг лавлахад тэрбээр хариулахыг хүссэнгүй. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэн Ч.Эрдэнэтөгс “Манай улсад дэлгүүрүүд хямдрал зарладаг гэдэг нь худлаа. Ялангуяа үндэсний үйлдвэрлэгчид хэзээ ч бүтээгдэхүүнээ хямдруулдаггүй, харин ч жил ирэх бүр нэмдэг. Мөн байнгын хямдралтай байдаг газруудад хэн итгэх вэ дээ. Ер нь бараа, бүтээгдэхүүнийх анхны үнэ төдөн төгрөг, одоо тэд болсон гэдгийг хэн нотлох юм бэ, шалгадаг байгууллага байна уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор буюу бараа бүтээгдэхүүний үнийг бодитоор хямдруулсан, эсэх, урамшууллыг үнэн зөв явуулдагт хяналт тавьдаг байгууллага нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус газрын мэргэжилтэн Б.Мөнхсолонго “Иргэд зарим дэлгүүр, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний үнийн хямдрал, урамшуулалд сэтгэл дундуур, итгэлгүй байдаг нь үнэн. Гэхдээ ярьж, шүүмжилдгээс манайд өргөдөл гаргаж, асуудал дэвшүүлдэггүй. Хэрэв дэлгүүрүүд хямдрал зарлалаа гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн талаар гомдол ирвэл бид шалгах, магадлах эрхтэй. Одоогоор ийм төрлийн шалгалт хийгээгүй. Аж ахуйн нэгжүүд зах зээлд шударга өрсөлдөж байна уу, бүтээгдэхүүнийх нь хямдрал бодитой, эсэхийг мэдэх зорилгоор өнгөрсөн даваа гаргаас хойш томоохон супермаркет, их дэлгүүрүүдэд шалгалт хийж байна. Үр дүнг нь шинэ он гарахаас өмнө танилцуулна” гэв.

Үүнээс гадна бялдаржуулах, иог, бясалгалын төвүүд үйлчилгээндээ хямдрал зарладаг. Нийслэлд олон салбартай нэгэн фитнес клубт нэг сар хичээллэхэд хямдралтай үнээр 60 000-70 000 төгрөг. Гэхдээ эл дүнг жилийн дөрвөн улиралд үйлчлүүлэгчдэд санал болгон, шинэ жил, наадам, Цагаан сарын баярын үеийн урамшуулал гэдэг. Үргэлж хямдралтай байдаг тул бид “бодит” өртгөөс нь хямд үнээр үйлчлүүлэх завшаан эдэлж буйгаа ойлгоход бэрх. Эдгээрээс харахад иргэд дэлгүүрүүдийн борлуулж буй бүтээгдэхүүний үнийг хямдруулсан гэдэгт төдийлөн итгэдэггүй аж. Нөгөөтээгүүр аж ахуйн нэгжүүд бодит хямдрал үзүүлдэг, эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв хямдрал, урамшууллыг хуурамчаар зохион байгуулсныг нотлон, санал гомдол гаргах бол ШӨХТГ-т хандаж болох юм билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)