Хэдхэн минут үргэлжилсэн ус ихтэй бороо үерийн гамшиг тарив

Нийслэлд өчигдөр үдэш 10 гаруй минутын турш орсон ус ихтэй борооны улмаас үер бууж, нийслэлийн ОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн харьяа ангиудын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 21.00 цагийн үед шилжлээ. Үер Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдэд хохирол учруулсан байж болзошгүй тухай мэдээлэл ирж байгаа юм.

Тус дүүргийн нутаг, Бээжин, Токио, Эрхүүгийн гудамжны уулзвар буюу үүдээ дөнгөж нээсэн “Имарт” дэлгүүрийн хойд талд суудлын автомашины хамар дээгүүр үерийн ус хальснаас цөөнгүй машин унтарч зогссон нь олон нийтийн сүлжээгээр өчигдөр орой цацагдсан.

Онцгой байдлын байгууллага руу 21.00 цагийн үеэс эхлэн XIII хороололд орон сууцны подваль, гарааш хэсэг рүү ус орсон, Улиастайн айлууд усанд автсан тухай дуудлага олон ирэх болсон талаар нийслэлийн ОБГ-ын албаны эх сурвалж хэлээд “Хэдхэн минутын хугацаанд үер буучихлаа шүү дээ. Ямар хор хохирол учруулсан тухай мэдээллийг одоогоор нэгтгэх боломжгүй” хэмээн тайлбарласан юм.

Энэ борооны улмаас Улаанбаатарын замын хөдөлгөөнийг зохицуулж байдаг гэрэл дохионууд ажиллагаагүй болсон бөгөөд яг хэчнээн уулзвар зохицуулалтгүй болсон талаар ЗЦГ-ын Жижүүрийн шуурхай удирдлагын төв болон Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийнхнөөс лавлахад “Тасганы овооны уулзвараас эхлээд Хүнсний-1, МУИС, Цаг уур, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хойд уулзвар гээд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх олон гэрэл дохиоажиллахгүй байгаа тухай мэдээлэл хөдөлгөөн зохицуулж буй алба хаагчдаас ирүүлж байна. Нарийвчилсан тоон мэдээлэл одоогоор гаргах боломжгүй нь. Засвар хийж эхэлсэн” гэв.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хороонд үер, уснаас болоод цахилгаан тасарчээ. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт шинээр тавьсан зарим замын хучилт үерийн усанд хуулран урсаж байв.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийнхөнтэй 22.00 цагт холбогдон авсан мэдээллээр нийслэлийн таван газарт үер буусан аж. Тодруулбал, “Тэнгис” кинотеатр орчим, “Чингис хаан” зочид буудлын хойд хэсэг, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Шархад, Дарь-Эх орчимд үер буусан мэдээлэл байна. Найман хэсгийн гэрэл дохио ажиллахгүй болсноос гадна цөөнгүй газрын цахилгаан тасарсан гэнэ.

“Бохир соруулах машинуудыг хуваарилан үер буусан газрууд руу илгээлээ. Энхтайваны өргөн чөлөөний замыг түр хугацаагаар хаасан. Учир нь суудлын автомашинууд усан дунд унтарч, Яаралтай тусламжийн, Онцгой байдлын, Цагдаагийн машинуудад саад болж болзошгүй учраас ийм арга хэмжээ аваад байна. Цаг орчмын дараа хөдөлгөөн хэвийн болох байх” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)