ХЭДС-гийн хурал нэг ч удаа болоогүй атал 3.9 тэрбумын санхүүжилт олгожээ

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал (ХНХ)-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй зэрэгцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг “ангийн” нөхөд нь хэлэлцсэн билээ. Түүнийг албан тушаалаа өгснөөс хойш холбогдсон эрүүгийн хэргийг нь хэн ч тоохоо больсон нь магадгүй зөвхөн суудлыг нь авах гэсэн хэн нэгний санаархал байв уу гэлтэй. Нэг хэсэг нь түүнийг УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү агсны үхэлд буруутай хэмээн үзсэн. Шалгалтын явцад түүнийг худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн талийгаачийн амиа алдсан шалтгааныг шалгаж буй мөрдөн байцаагч яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Эдгээр хэрэгт нь холбогдуулж улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад хүргүүлснийг уншигчид санаж буй нь лавтай.

Өдгөө Н.Номтойбаяр болон яллагдагчаар татагдсан бусад холбогдогчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй юм. Удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа илэрхийлж, НПГ-ын хяналтад хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс хойш сураг алдрах шахаад буй энэ хэргийн явцын талаар эх сурвалжуудаас мэдээлэл тодруулснаа хүргэе. Уг нь энэ хэргийг өнгөрсөн өвөл шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлж байсан ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр ажлын хэсэгт буцаасан билээ.

САЙДЫН ТУШААЛЫГ ГАЗРЫН ДАРГА НАР НЬ БУРУУГААР АШИГЛАВ УУ

Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэж яллагдагчаар тооцоод буй. Тодруулбал, тус зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, түүнийхээ дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваад үүрэг болгон, төсөл сонгон шалгаруулж, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихыг тушаасан аж.

Энэ тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга нь А/88 дугаар тушаал гарган төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулжээ.

Тухайн үед ч, одоо ч хүчин төгөлдөр мөрдөж буй, Засгийн газар 2016 оны тавдугаар сарын 23-нд баталсан 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх бөгөөд зорилтот бүлгүүдийн онцлогт тохируулж эргэн төлөлтийн хэмжээг 50-иас дээш хувь байхаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хүрээнд тогтоон хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүнийг зөрчиж, нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг 200 сая төгрөгөөр тогтоосон аж. Улмаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр А/133, А/172 тоот тушаал батлан 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг найман иргэн, 21 аж ахуйн нэгжид хууль бус сонгон шалгаруулалтаар олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Түүнтэй хамт ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал, Хяналт, мониторингийн газрын мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хэд хэдэн хүнийг яллагдагчаар тооцоод буй билээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг буруутгаж буй гол үндэслэл нь ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн үйлдэл аж. Энэ тухай нэг холбогдогч нь “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал гэж болж байгаагүй. Уг нь 111 материал ирүүлснээс нэр бүхий 21 аж ахуйн нэгж, найман иргэний төслийг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Б.Шижиржаргал нар үүрэг өгсний дагуу сонгон шалгаруулсан болгож, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, материал бүрдүүлж гишүүдээр 2017 оны зургадугаар сарын сүүлчээс эхлэн гарын үсэг зуруулсан” хэмээн мэдүүлсэн байна.

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Б.Шижиржаргал нар тус ажлын хэсэгт багтсан зарим ажилтнаа өрөөндөө дуудаж, “Ажлын хэсгийг хуралдуулаад байх шаардлагагүй” гээд сонгон шалгаруулах ёстой хэмээн 21 компани, найман иргэний төслийн нэрийг өгч, сонгон шалгаруулсан байдлаар хурлын тэмдэглэл бичээд ажлын хэсгийн гишүүдээр гарын үсэг зуруулахыг даалгасан аж.

“АРД НЬ УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД НАР БАЙГАА ТУЛ ЯМАР Ч АСУУДАЛ ГАРАХГҮЙ”

Түүгээр зогсохгүй ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагч Б.Шижиржаргал нар ажлын хэсгийн ажилтнаа дуудаж, “Яамнаас ирсэн шийдвэр тул яаралтай биелүүл” гээд УИХ-ын гишүүд, сайд нарын нэрийн жагсаалт харуулаад, “Ард нь УИХ-ын гишүүд, сайд нар байгаа тул ямар ч асуудал гарахгүй” гэжээ. Тэдгээрийн дунд Хууль зүй, дотоод хэргийн сайд, ХНХ-ын сайд зэрэг өндөр албан тушаалтны нэрс байсан аж. Тэр 21 аж ахуйн нэгж, найман иргэний төслийн ард УИХ-ын хэн гэдэг гишүүн, аль салбарын сайд байгааг ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар нэгбүрчлэн бичиж өгсөн юм байх. Түүгээр ч зогсохгүй нэг бус төслийн ард ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас гадна ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар байж болзошгүй талаар гэрчүүд мэдүүлж.

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт багтсан зарим гишүүн нь ХХҮЕГ-ын дэд дарга Б.Шижиржаргалаас “Ажлын хэсэг хуралдахгүй юм уу” гэж асууж ч байж. Хариуд нь мань дарга “Хүлээж бай, дээрээс чиглэл өгнө” хэмээсэн байна. Түүнээс хойш ажлын хэсэг хуралдаагүй байхад нарийн бичгийн дарга Н.Баттөгс нь хуралдсан мэтээр гарын үсэг зуруулж явахад дэд даргаасаа “Гарын үсэг зурж болох юм уу” хэмээн асуусан ажилтан ч бий аж. 2017 оны наймдугаар сард ийнхүү гарын үсэг зуруулахдаа Б.Шижиржаргал нь “Санаа зоволтгүй, дээрээс шийдвэртэй, зүгээр л гарын үсгээ зур” хэмээсэн байна.

2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоолоор баталсан, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах хурал огт болоогүй байхад ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал тэргүүтэй хүмүүсийн даалгавраар 2017 оны дөрөвдүгээр сарын 27, тавдугаар сарын 29, долдугаар сарын 17, есдүгээр сарын 27-нд ажлын хэсэг хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан мэтээр гарын үсэг зуруулсан нь мөрдөн шалгах явцад тодорхой болжээ. Хуудуутай материалд зарим албан хаагч гарын үсэг зурахаас татгалзаж, ажлын хэсгийн нарийн бичгийн даргыг явуулсан гэдэг. Өөр нэг хэсэг нь 2-3 тэмдэглэлд гарын үсэг зурсан ч дараагийнхад өөр хүн өмнөөс нь зурсан тохиолдол ч тодорхой болсон аж.

ХУУЛЬ ЗӨРЧИЖ БУЙГ САНУУЛСАН ШААРДЛАГА САНГИЙН ЯАМНААС ӨГЧЭЭ

Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ХНХ-ын сайдын тушаал нь хууль, журам зөрчиж буйг сануулсан албан шаардлага Сангийн яамнаас хүргүүлж байжээ. Уг шаардлагад “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд таван сая хүртэл төгрөг байх” гэснийг зөрчсөн байна хэмээжээ. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт багтсан, ХХҮЕГ-т ажиллаж байсан нэгэн хүн “Таван саяас дээш төгрөгөөр 21 аж ахуйн нэгж, найман иргэнийг санхүүжүүлсэн нь хууль, тогтоомж зөрчиж байна гэж Б.Шижиржаргал даргад сануулж байсан ч тоогоогүй. ХЭДС-гийн мөнгө бол улсын төсвийн хөрөнгө. Төсвийн тухай хуульд төсвийн хөрөнгийг барьцаалах, зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглодог атал тухайн төслүүдэд барьцаагүй, хүүгүй зээл олгосон нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл” хэмээн өгүүлсэн юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)