Хэвлүүхэн гурав

хүмүүс

Гэр бүлийн сэдэвтэй олон ангит киноны гол дүрийн хоёр охины нэгнийх нь дүрийг бүтээж буй Ц.Номинжигүүртэй танилцахыг хүссэн юм. Дэлгэцийн од болохоос нь өмнө түрүүлж мэдээлэх гэснийх л дээ. Бага насны хүүхэдтэй ярилцаж, санаа бодлыг нь олон нийтэд хүргэхийн тулд ээж, ааваас нь зөвшөөрөл авах нь зүй. Охины гэрт очих гэж байтал кино багийн ахлагч дуудсан тул зам тосож болзлоо.

Ц.Номинжигүүр Сонгинохайрхан дүүргийн нутаг, Нарангийн гол дахь эмээгийндээ ээж, эгчтэйгээ хамт амьдардаг. Эмээ нь тэнд ганцаараа суудаг тул бүгд хань болдог. Ээжийнх нь нэр Б.Батцэцэг, хүнсний технологич мэргэжилтэй. ШУТИС төгсөөд Сүүний үйлдвэрт жил гаруй ажилласан ч технологич болтол мөдгүй мэт санагдахаар нь өөр ажилд шилжсэн байна. Тэрбээр “ДЦС-2”-т 11 дэх жилдээ ажиллаж буй. 

Хань нь зуурдаар нас барахад ээлжийн ажилтай залуу бүсгүйн амьдралд шийдвэл зохих олон асуудал тулгарчээ. Ээж нь тэрсхэн төрсөн зээ охидоо хараад байж дөнгөнө гэсэн ч, барахгүй шинжтэй болоод ирэхээр нь Батцэцэг том охиноо нэг ой, есөн сартайд нь, харин багыгаа хоёр ой хүргээд 24 цагийн цэцэрлэгт өгсөн юм билээ.

Өсөж дэвжин, сурлага, хүмүүжил сайтай сурагчид болсон охид нь өнөөдөр ээж, эмээ хоёрынхоо бахархал. Охид Сонгинохайрхан дүүрэг дэх нийслэлийн лаборатори “Ирээдүй” цогцолборт сурдаг. Том охин Б.Мөнгөнжигүүр I ахлах сургуулийн 7-гийн “д”, харин дүү Ц.Номинжигүүр II бага сургуулийн 5-ын “д” ангид сурдаг. Тэд эмээгийнхээ гэрээс сургууль хүртэл автобусаар явдаг. Орой хичээл тарах үед унаанд хүн ихтэй нь амаргүй. Нэг удаа эгч, дүү хоёр хулгайчийг үйлдэл дээр нь баривчилсан байна. Долоо, наймдугаар ангид сурдаг гэхээр насны охин дүүгийнх нь цүнхийг онгойлгон монгол хэл, математикийн номыг нь аваад, өөрийнхөө цүнхэнд хийх гэж байхад эгч нь харж таараад, “Дүүгийн номыг авсан байна, өг” гэж л дээ. 

Тэгэхэд өнөөх буруу гарын охин “Миний дүүгийн ном, аваачиж өгөх гэж байна” гэж хэнэг ч үгүй хариулж гэнэ. Тэгэхээр нь Б.Мөнгөнжигүүр “Та хар л даа. Ном дээр Ц.Номинжигүүр гэсэн нэр байгаа. Дүүгийн дэвтэр энэ байна, нэрийг нь хар. Таарч байгаа биз дээ. Ном өг” гэж тулгахад хулгайч эрхбиш тавиад хурдхан буугаад оджээ. Түүнээс хойш охид ихэд болгоомжтой зорчдог болсон гэнэ. Хожим өнөөх ном авах гэдэг охинтой дахин таарахад бушуухан өөр тийш хараад зөрсөн аж. 

Асуулт тавихад тэр дор нь хариулдаг, хэл ярианы хөгжил сайтай эгч, дүүс хэвлүүхэн гэж. Багад нь хэн ингэж сайтар хүмүүжүүлж, төлөвшүүлснийг сонирхож лавлахад ээж нь “Цэцэрлэгийн орчин нөлөөлсөн байх. Сонгинохайрхан дүүргийн 24 цагийн 106 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Зөвхөн амралтын өдрүүдэд л гэртээ авчирдаг журамтай. Цэцэрлэг олон хүүхэдтэй байх тусам жаалууд бие даахаар илүү байдаг юм болов уу. Багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломжгүй. Туниа муутай хэддээ илүү анхаарах үед бусад нь багш, асрагч нараа харж, үг хэл, үйлдлээс нь суралцаж, хоорондоо ярилцан, өдөр хоног өнгөрөөх явцад их, бага ямар ч асуудал тохиолдсон өөрөө шийдвэрлэж сурдаг юм болов уу гэж бодсон. Жишээ нь, би том охиндоо хоол хийхийг ер зааж байгаагүй. Нэг мэдэхэд л өөрөө хоол хийдэг болсон байсан. Эмээ нь, эсвэл намайг хоол хийхийг хараад сурсан бололтой. Үүнтэй адил бага охиндоо би үсэг зааж, хичээлийг нь давтуулж байгаагүй. Охин эгч нь хичээлээ давтаж байхад хараад сурчихсан. Харин том охиныхоо хичээлийг бол давтуулдаг байсан” хэмээн ярилаа.

Охидын эмээ Ч.Чанцалмаа өдгөө 75-тай. Эмэгтэйчүүдийн хорих ангид хянагч, мөн Онцгой байдлын албанд, олны ярьдгаар “Гал команд”-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Ном, сонин унших дуртай. Ер нь эднийхэн гэр бүлээрээ номд дуртай. Охид хамгийн сүүлд Жюль Верний “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” зохиолыг дамжуулж уншиж дуусгасан. Б.Батцэцэг охидтойгоо есдүгээр ангид ортол нь фэйсбүүк хэрэглүүлэхгүй гэж тохирчээ. Ээжийн хэлсэн болгон хууль учраас охид яг л дагаж мөрддөг. Гэр бүлээрээ хөгжимд дуртай. Тэр бүр хөнгөн хөгжим гээд байдаггүй ч реппер Gee-гийн шүтэн бишрэгчид болж гүйцсэн гэнэ. Амьдралын тухай, шүүмжилбэл зохих зүйлсийн тухай хип хоп маягаар, тун энгийнээр, хүүрнэх мэт дуулдаг, мөн гэр бүлдээ халамжтай хүн болохоор дууг нь сонсох дуртай гэсэн.

Охид гэртээ дор бүрнээ ажилтай байдаг аж. Гэрээ долоо хоногийн гурав, гурван өдрөөр цэвэрлээд, ням гарагт хамтарч их цэвэрлэгээ хийдэг. Хоолоо ээлжилж хийнэ. Эгч нь ямар ч хоолыг дажгүй хийдэг бол дүү нь будаатай хуурга, цуйванд сайн. Цуйван хийхдээ хэн, хэн нь гурилаа зуурч тусад нь жигнэх арга барилтай. Амттай бөгөөд найдвартай.

Б.Мөнгөнжигүүр хуучнаар бол онц, сайн суралцдаг. Энэ тухай тэрбээр өдөртөө авах дүнгээ авдаг гэж тайлбарлалаа. Дүрслэх урлаг, үндэсний бичиг, монгол хэл, математикийн хичээлдээ дуртай. Зураг зурах хоббитой. Ялангуяа харж хуулбарлаж зурах дуртай. Гэсэн ч сургуулийн хэмжээнд зохион байгуулдаг зургийн уралдаанд оролцдоггүй. Гоё зурдаг найзуудаа гүйцэхгүй байх гэж боддог. Тэрбээр ангидаа гурван найзтайгаа илүү дотно. “Ангийн багшаа танилцуулаач” гэхэд зургадугаар ангиас дааж авсан багшийн нэр Чулуун-Эрдэнэ. Жирэмсний амралттай байгаа тул одоо Эрдэнэцэцэг багш хариуцаж байгаа” гэж товч, оновчтой хэлэв.

Охин ээжийнхээ оёж өгсөн хоёр банзлыг ээлжилж өмсдөг. Худалдаанаас авсан сурагчийн дүрэмт хувцасны банзал хэтэрхий оодон байсан гэнэ. Б.Мөнгөнжигүүрт хүмүүс тусалсны төлөө, эсвэл баярлуулсны хариуд талархлаа илэрхийлэх нь гоё санагддаг. Дөрөвдүгээр ангиасаа хоол хийж эхэлсэн бөгөөд өдгөө ойр зуурын солонгос хоол ч боломжийн хийдэг аж. Хааяа халуун ногоо ихтэй хоол хийхээрээ эмээ нь дуртай байх болов уу, яах бол гэж боддог аж. Эмээ нь дуртайяа идээд “Баярлалаа” гэхээр сэтгэл нь ханаад явчихдаг гэсэн. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг нь асуухад тэрбээр “Хэлэхгүй. Биелэхээ больчихно” гэв.

Ц.Номинжигүүр ангийн дарга. Энэ албанд нэгдүгээр ангиасаа зүтгэж буй. Ангийнхан нь түүнийг “Та” гэж хүндэтгэн дууддаг. Анги нь 47 сурагчтай. Тэрбээр сургуулиа ихэд сайшааж ярьж байна билээ. Орчин нь цэвэр, гоё гэсэн. Хүүхдүүд хог хаясан ч цэвэрлэгч эгч хамаад авчихдаг. Зарим хүүхэд хог огт хаядаггүй, нэг хэсэг нь хэлэхээр хаяхаа больдог, үлдсэн нь хэлээд ч нэмэргүй байдаг гэнэ. Багш, сурагчдын харилцаа, хэн хэнийх нь аливаад хандах хандлага сайн гэж ярьж байна. Хичээлээ ойлгоод, хийх зүйлээ хурдан хийгээд, авах дүнгээ авчихдаг гэлээ. Сүүлийн үеийн үнэлгээ, дүн иймэрхүү болсон бололтой. Ангийн багшийнх нь нэр С.Долгормаа. Охин дуулдаг, ардын бүжиг бүжиглэдэг. Мэргэжлийн тухай бодож байгаагүй ч кинонд тоглож эхэлснээс хойш “Жүжигчин болдог ч юм бил үү” гэж бодох болсон аж. Түүнээс кинонд тоглох болсон түүхээ сонирхуулахыг хүсэхэд ”Хоёр охинтой эхнэр, нөхөр хоёрын эгэл жирийн хэрнээ ээдрээтэй амьдралын тухай киноны охидын дүрд тоглох хүүхдүүдийг шалгаруулалтаар сонгоно гэсэн зар байхыг хамаатны эгч хараад намайг шалгуулаач гэж ээжид хэлсэн байсан. Тэгээд л би ахтайгаа очиж, шалгаруулалтад ортол тэнцсэн гэсэн хариу нэлээд хэд хоногийн дараа аваад, одоо зураг авалтад ороод явж байна” гэсэн юм. Сонирхол татаад явчихлаа. Охин кинонд айлын том, “эрхийн тэнэгдүү” охины дүрд тоглож байгаа аж. Харин дүү нь ухаантай, хэрсүү гэнэ. Ц.Номинжигүүрээс киноны агуулга, үйл явдлаас хальтхан ярьж өгөөч гэхэд “Аав, ээж, хоёр охины тухай кино л доо. Эхнэр, нөхөр хоёр тус тусдаа амьдардаг. Аав нь өөр эмэгтэйтэй болсон. Тэр эмэгтэй нь хүүхэдтэй. Гэр бүлийн хоёрын хүүхдүүд нь ээжтэйгээ хамт байдаг юм. Нэг удаа охид ээжээсээ зөвшөөрөл авалгүй аавтайгаа уулзахаар ажил руу нь очдог. Уулздаг. Ээж нь ходоодны хорт хавдартай. Ээж нь санаа зовсон харцаар хардаг. Төгсгөлд нь ээж нь үхэх байх” гэв. Үүнээс илүү ойлгомжтой ярих гэж байх уу.

Телевизийн 24 ангитай киноны зураг авалт дөнгөж эхэлж байхад гол дүрийн жүжигчнийг нь “олзолж” ярилцаж байгаа тул бүтээлийн нэр, байгууллагын тухай бичсэнгүй. Дахиад л охиноос кино зохиолын хэсгээс ярьж өгөхийг хүсэхэд шалгаруулалтад ороход уншуулсан харилцан яриаг л хэлье гэв. “Ээж ээ, аав хэзээ ирэх юм бэ. Аав, та хоёр хамт амьдрахаа больж байгаа юм уу. Би аавыгаа өрөвдөөд байх юм. Та хоёрыг би хамт байгаасай гэж бодож байна. Би аавтайгаа уулзаад буцаад танд хайртай болооч ээ гэж гуйдаг юм уу. Миний үгэнд ордог шүү дээ” хэмээн уншиж гэх үү, ярьж сонирхуулав. Мөн ам чангатай, хэрсүү хүүхэд ээ.

Б.Батцэцэг “Ээжийнхээ хашаанд чацарганын хэдэн мод тарихаас өөрөөр тохижуулж амжихгүй байна. Би орон сууцад амьдрахыг төдийлөн хүсдэггүй. Охидынхоо ирээдүйг бодож л байр гэдэг. Гэр хороололд бие засах газар, утаа хоёр хэцүү болохоос хашаанд яаж л бол яаж амьдрах бололцоотой шүү дээ” гэсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)