Хэвлэлийн эрх чөлөөнөөс хариуцлагыг онцлов

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дэх хариуцлагатай холбоотой 19 дүгээр зүйлийг онцгойлон хэлэлцэв. Ерөнхийлөгчийн санаачилсан уг төсөлд хуулиа зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагад 50-100 сая төгрөгийн торгууль ногдуулах заалт байсан юм. Ажлын хэсгээс үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн өөрчлөх санал оруулсан байна. 1998 онд баталсан хууль тунхагийн чанартай байсан, тэгээд ч тэр үеэс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас уг хуулийг дэлгэрүүлж, зохицуулагдаагүй орхигдсон олон зүйлийг тусгах ёстой гэж үзсэн. Гишүүдийн зүгээс хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд оноох хариуцлагыг чангалах олон санал гаргав. Тухайлбал, Ц.Оюунбаатар гишүүн “Удаа дараа уг хуулийг зөрчвөл… гэсэн хэсгийг давтан болгох, ноцтой зөрчил гэсэн үгийг хор уршиг” гэж өөрчлөх санал гаргасан. Тухайн байгууллага хуулиа 10 удаа зөрчвөл тэр тоолонд яг адилхан торгуулийн ял оноосноор үр дүнд хүрэхгүй гэж тэр үзсэн аж.

Гишүүн Д.Лүндээжанцан “Хохирлын хэмжээг тооцож байж ноцтой хэрэг мөн үү, биш үү гэдгийг тогтоох ёстой. Гэвч ямар хэргийг ноцтой гэх вэ гэдэг дээр Дээд шүүхээс тайлбар авах хэрэгтэй болно” гэлээ. Эцэст нь санал хураахад уг саналыг дэмжсэнгүй. Гишүүн З.Баянсэлэнгэ “Хэрэв сэтгүүлч болон байгууллага хуулиа гурваас дээш удаа зөрчвөл тухайн мэргэжлээр болон чиглэлээр ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасах” гэсэн санал оруулжээ. Зөвхөн байгууллагатай нь холбоотой ийм зохицуулалт байж болно, сэтгүүлчийг оруулах нь өрөөсгөл гэх мэтээр тал талаас ирсэн няцаалтын дараа тэр уг саналаа татав. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд “хаалтын гэрээ” хийснээр хууль бус явдлыг хаацайлж буй хэрэг хэмээн энэ үеэр ярьсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Уг нь ийм тохиолдолд хариуцлага тооцох хууль одоо бий, гэвч үйлчилдэггүй. Захиалгат сэтгүүл зүйн эсрэг тэмцэх заалтыг оруулах ёстой” гэж байлаа. Сэтгүүлч, эсвэл байгууллагатай нь холбоотой хариуцлагын асуудлыг сөхөх үед Хэвлэл мэдээллийн хэрэгслийн, Өргөн нэвтрүүлгийн, Контентийн гэх мэт хуулийг цогцоор нь шийдэх ёстой гэсэн саналыг цөөнгүй хүн хэлсэн. Д.Лүндээжанцан гишүүн “Эхлээд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг баталсан нь дээр. Тэгэхгүй бол цогцоор нь оруулж ирэхийг хүлээсээр аль ч үгүй болж мэднэ” хэмээн сануулсан юм. Ийнхүү санал солилцоод тус Байнгын хорооноос дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Энэ сэдвээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын байр суурийг сонирхов. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд оролцсон юм.

-Сэтгүүлчдийн редакцаас хараат бус байх заалтыг төсөл санаачлагч нь татсан. Үүнийг гишүүд “Төслийн гол амин сүнс нь үгүй болчихлоо” гэж үзсэн л дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэл энэ талаар ямар байр суурьтай байсан бэ?

-Сэтгүүлчид хараат бусаар ажиллах ёстой. Гэвч уг заалттай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Бид ардчиллын соёлд хараахан бүрэн суралцаагүй байна. Багц хуулийг баталсны дараа хөрөнгө оруулагч, эзэд, сэтгүүлчдийн эрх, үүрэг илүү тодорхой болно. 15 жилийн дараа л бид Хэвлэлийн эрх чөл өөний хуулийг илүү өргөн хүрээ хамруулж, дэлгэрүүлэх талаар ярилцаж байна. Онцлог салбар учир хууль эрх зүйн зохицуулалтыг нарийн тооцож гаргах ёстой.

-Уг төсөлд хэвлэлийн эрх чөлөөг хангалттай тусгаж чадсан уу?

-Харьцангуй дэвшилттэй, илүү өргөн агуулгатай хууль. Иргэдийг мэдээллээр хангах сэтг үүлчийн эрхийг баталгаажуулсан. Гэхдээ сэтгүүл зүйтэй холбоотой бүх асуудлыг энэ хууль руу чихэх боломжгүй. Энэ бол суурь хууль. Бусад асуудлыг салбар хуулиудад тусгаач гэсэн саналтай байна. Багцаар батална гэж буй нь буруу. Бидний мэдээлэл олж авах, түгээх эрхээр иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулдаг учир суурь хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Салбартай холбоотой хуулийг дараа нь ярилцаж болно.

-Хариуцлагатай холбоотой заалтыг өнөөдөр онцлон хэлэлцлээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуульд зөвхөн байгууллагын, эсвэл сэтгүүлчийн асуудлыг оруулна гэх мэтээр гишүүд маргаж байна л даа.

-Байгууллагатай тооцох хариуцлагыг хуульчилчих юм бол цаашаа сэтгүүлчтэйгээ тооцох хариуцлага нь тодорхой болно. Гэхдээ энэ асуудлыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар биш, өөр хуулиар зохицуулна. Хувь сэтгүүлчийн ёс зүйг Хэвлэлийн зөвлөлөөр ярилцана. Ийм зөвлөл байгуулах талаар олон жил ярьсан, энэ төсөлд үүнийг тусгасан байгаа.

С.ТУУЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)