ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Хоршооны хөгжлийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалт нэмэгдэнэ

ХХААХҮЯ, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, хоршоодын холбоод, хоршоог дэмжигч байгууллагуудтай  хамтран “Үндэсний хоршоологчдын V чуулган”-ыг “Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд  өнөөдөр /2017.02.01/ зохион байгууллаа. Чуулга уулзалтад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн, Монголын Хоршоодын Үндэсний Нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд,  KXX-ны  “Инвест ко-оп” хөтөлбөрийн Монголын талыг хариуцсан менежер Катрин Кларк болон нийслэл, хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчид оролцлоо.

“Үндэсний хоршоологчдын V чуулган”-ыг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр “Манай улсад зах зээлийн үеийн хоршооллын хөдөлгөөн, хоршооны мөн чанар, үнэт зүйлс болон үндсэн зарчим нь өмнөх тогтолцооны үеэс эрс өөрчлөгдөн, ард иргэдийн өөрсдийнх нь хэрэгцээ сонирхолд тулгуурласан сайн дурын үндсэн дээр олон улсын нийтлэг жишгийн дагуу 20 гаруй жил хөгжиж байна. Хөрөнгө хөдөлмөрөөрөө хоршиж, хамтарч үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөх, илүү их баялаг бүтээх бололцоо олгож, ажлын байр нэмэгдүүлэх, хомсдлыг даван туулах зэргээр нийгэм эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.  Төр засгаас хоршооллыг олон улсын түгээмэл зарчимд нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөтөлбөр гаргаж дэмжлэг үзүүлэх, гадаад орон, олон улсын байгууллагын зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг хоршоодод чиглүүлэх бодлого барин ажилласаар ирлээ.  Хоршоог хөгжүүлэх нь манай орон шиг хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай хөгжиж байгаа орны хувьд богино хугацаанд боломжийн зардлаар олон ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашигтай сонгомол арга юм. Иймд Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хоршоо хөгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, хоршоодын үйл ажиллагааны давуу талыг ашиглан жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг боловсруулж, батлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоршооллын салбарын эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдэж, ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж, хоршооны гишүүдийн орлого, амьдралын түвшин дээшилнэ. Мөн хоршооны хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр хоршоод болон гишүүдийн тоо өсч, хоршоодын салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалт нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өснө гэж бид үзэж байна” гэдгийг онцоллоо.

Хоршоодын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хамтран хэлэлцсэн уг чуулганд “ЖДҮ, хоршооны талаар төрөөс баримтлах бодлого 2016-2020 он”, “Хоршооллын хөдөлгөөний хөгжлийн чиг хандлага”, “Хоршооны удирдлагын манлайлал”,  “Мах сүүний анхдугаар аян”-ы зорилго, чиглэл үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр итгэл тавигдлаа.

УИХ-ын гишүүн,  МХҮНХ-ын тэргүүн Н.Энхболд

-Манай улсад 4200 гаруй хоршоо байна. Бид хоршооны зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл тийм ч дутагдалтай зүйл биш. Гэхдээ хоршоо ямар байх ёстой, зарчим, үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл дутмаг байгаа нь үнэн. Хоршооллын Нэгдсэн холбооны дэргэд сургалт мэдээллийн төв  сүүлийн 10 жил нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. Өөрсдийн хүчин чадлаараа сургалт зохион байгуулдаг ч хоршоод бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Гэхдээ бидний сургалт мэдээлэл хийж ажилласан хоршоод, зарчимаа ойлгож одоо  үйл ажиллагаагаа нь хэвийн явагдаж байна. 1990 онд хоршоодыг татан буулгаснаас хойш ерөнхийдөө 10 гаруй жил хөвж явсан. Харин сүүлийн 10 гаруй жил чадлынхаа хэрээр хоршооны давуу талыг ойлгуулж, ярьж хүмүүст хүргэж байна. Нэгэнт бүгдэд нь хүрч ажиллаж чадахгүй учраас төлөөлөл болгон хоршоодыг сайн ажлуулж бусад хоршоодод үлгэр дууриалал болгох журмаар ажиллаж байна. Үүнд төр засгийн баримталж байгаа зарчим их чухал юм. 2008-2012 онд хоршоог дэмжих зорилгоор нэлээд бодитой арга хэмжээг авч, тодорхой хэмжээнд  хөрөнгө санхүүг туслалцаа болгож өгсөн, сургалтуудыг сайн зохион байгуулсан. Тэр үед үр дүн гарч эхэлж байсан. Тэгээд Засгийн газар солигдох үед хаана харьяалагдах нь мэдэгдэхгүй хоёр гурван газар нэртэй явж байсан. Одоо харин Засгийн газар, ХХААХҮЯ хоршоодын асуудлыг хариуцаж нэлээд цэгцтэй болж байна. Нэг талаас Засгийн газар ХХААХҮЯ, нөгөө талаас хоршоодын холбоод хамтарч ажиллаад эхлэхэд нэлээд сайн үр дүн үзүүлэх байх гэж бодож байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сум “Хөв дэлгэр” хоршооны тэргүүн  Ч.Мөнхдалай

-Төрөөс хоршоодын талаар янз бүрийн бодлого авч хэрэгжүүлж байна. 2008-2012 оны хооронд Засгийн газар бодлогыг хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2012 оноос хойш суларсан байдал ажиглагдсан. Хоршоогоор дамжуулан малын ноос арьс ширний урамшууллыг өгч байсан нь их үр дүнтэй ажил болсон. Цаашид хоршоод биржийн худалдаанд орох болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)