ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтнийг “Дархан гурил тэжээл”-ийн элеватортой холбоотой хэрэгт шалгаж байна

ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 30-ны үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулжээ. Албан тасалгаанд нь нэгжлэг хийсний дараа тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн гэнэ. АТГ-ынхан “ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтнийг тендертэй холбоотой хэрэгт саатуулан шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй. 

Прокурорын байгууллагынхан ч тэднийг цагдан хорьсныг батлаад шүүх өнөөдөр ямар нэг шийдвэр гаргах байх гэсэн юм. Тэгвэл хэрэгт холбогдсон хоёр мэргэжилтний өмгөөлөгч нар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар үйлчлүүлэгч нараа өчигдөр гаргаж авсан тухай мэдээлэл дугаар шилжих мөчид бидэнд ирлээ. Дээрх хоёр мэргэжилтэнд холбогдох хэрэгт “Дархан гурил тэжээл” ХК-ийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав буюу УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирын эхнэрийг шалгаж буй гэх мэдээлэл байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүдийг “Дархан гурил тэжээл” компанийн элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй сурагтай.

Бэлтгэсэн: Г.Равжааа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)