Хуучин сэдэв, шинэ сануулга

Гашилдаг сүү ууж, ялзардаг алим идмээр байна гэж 50 жилийн өмнө бичсэн бол “Энэ хүн галзуурсан юм болов уу” гэх байсан биз. Харин өнөө цагт органик хүнс үнэхээр л мөрөөдөл болж хувирлаа. Эрүүл хөрсөнд, элдэв бордоогүйгээр ургуулсан ногоо, жимс, эм тариагаар “бөмбөгдүүлээгүй” бэлчээрийн малын мах, сүү хэрэглэмээр байна. Хоолойгоор давж байгаа хоол хүнс болгоны нэгээхэн хэсэг нь бидний биед шингэж, генд хүртэл нөлөөлдөг. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортолж байгаа нь ч монголчуудын эмгэнэл, бас аюулын харанга дэлдэх мэдээлэл. Гэсэн ч бид их мэдэгчийн дүр эсгэж, транс тос аюулгүй, генийн инженерчлэлийн арга бол шинжлэх ухааны дэвшил юм гэж зөвхөн “эерэг” байр сууринаас харсаар л явна.

Хамгийн ойрын жишээ бол зика вирус. Генийн инженерчлэлийн судалгааг шумуул дээр туршиж байгаад вирус тархсан гэж үздэг. 60 улсад тархсан энэ вирусийг санаатай тараасан биологийн зэвсэг байх магадлалтай ч гэдэг. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай ч аюул нь ач холбогдлоосоо давж байгаа бол муу талынх байж таарна.

Анх бүтээгдэхүүний ашигтай шинж чанарыг сайжруулахын тулд ген шилжүүлэн суулгах болсон. Ийм төрлийн бактер, ургамал, амьтныг хувиргасан амьд организм гэж тодорхойлдог юм билээ. Биотехнологийн аргаар гаргаж авсан эрлийз буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар баримтлах зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байдаг. Эрүүл хүнс сонгох уу, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн авах уу гэдгээ та өөрөө шийдэх эрхтэй ч ийм бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэгчид шошгондоо GMO гэсэн тэмдэглэгээг заавал бичсэн байх учиртай. Манай улс ч гэсэн 2007 оны зургадугаар сарын 28-нд Хувиргасан амьд организмын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу Био аюулгүй байдлыг хангах орон тооны бус Үндэсний хороо байгуулсан хэдий ч өнгөрсөн оны эхээр татан буулгах шийдвэр гаргаж, өдгөө нэр төдий хурал жилдээ нэг зохион байгуулахаас өөр ажил хийж амжаагүй л байна.

Дэлхийн хэмжээнд өдгөө генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тариалангийн талбайн хэмжээ нэмэгдсээр 170 сая га-д хүрчээ. Энэ нь нийт тариалангийн талбайн 11 хувь юм. 27 улсад ийм газар тариалан эрчимтэй хөгжиж байгаагийн дотор АНУ, Бразил, Аргентин, Канад, Энэтхэг, Хятад багтаж буй. Генийн өөрчлөлттэй хүнсний хүний эрүүл мэндэд учруулж болзошгүй аюулыг эрдэмтэд сануулсаар байгаа ч хямд үнэ, өнгө үзэмж хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр л байна. Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний шошгонд тэмдэглэгээ бичихийг шаардахаас гадна Европын холбооны улсууд л гэхэд нийт уургийнх нь 0.9 хувь генийн өөрчлөлттэй байж болно гэсэн босго тавьдаг. ОХУ 2007 оноос уургийн агууламжийн таваас ихгүй хувь нь генийн өөрчлөлттэй байхыг зөвшөөрсөн шалгуураа 0.9 хувь болгож бууруулжээ.

Лабораторийн шинжилгээгээр л тогтоохгүй бол генийн өөрчлөлттэй хүнсийг жирийн хэрэглэгч ялгах бараг боломжгүй. Зарим улс ийм бүтээгдэхүүний шошгонд тэмдэглэгээ бичдэг бол нэг хэсэг нь бичдэггүй учраас бүр ч ярвигтай. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтнуудын хийсэн судалгаанд оролцсон иргэдийн 56.1 хувь нь бүтээгдэхүүний шошгыг хааяа, гурван хүний нэг нь үргэлж, 8.2 хувь нь огт хардаггүй гэж хариулжээ. Шошгыг нэр төдий зүйл гэж боддог сэтгэлгээ, дадал маань өөрчлөгдөхгүй л бол бид гэр бүлдээ эрүүл хүнс хэзээ ч сонгож чадахгүй. Энэ судалгаанд жирийн иргэн, аж ахуй эрхлэгч, худалдаачин болон төрийн ажилтнуудыг хамруулсан юм билээ. Судалгаанд оролцогчдын 69.7 хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй хүнсний тухай мэдлэггүй байжээ. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний эрүүл мэндэд нөлөөлөх байдал, хэрэглээ, манай орны баримталж буй бодлого зэргийн талаар ч мэдэхгүй гэж хариулжээ. Мөн энэ тухай анх удаа сонсож байгаа хүмүүс нэмэлт мэдээлэл авахыг хүсэж буйгаа ч илэрхийлсэн байна.

Монголчууд генийн өөрчлөлттэй хүнсийг судлах гэхээс илүүтэй дэлхий нийтэд судалж, шинжлээд тогтоосон үр дүнгийн талаар мэдээлэл авч, аюулаас сэрэмжлэх нь илүү хялбар юм. Генийн өөрчлөлттэй хүнсний аюул заналын тухай эрдэмтэд, сэтгүүлчид XX зууны сүүлчээс идэвхтэй нийтэлж, мэдээлж байгаа бөгөөд 2012 онд Францын Каен их сургуулийн эрдэмтэд хоёр жилийн турш хувиргасан амьд организмаас гаралтай улаан буудайгаар хулгана хооллож туршилт хийхэд эм хулганы 70, эр хулганы 50 хувь нь хавдраар өвчилж үхжээ. Анх эр, эм тус бүр 100 хулгана сонгон туршилтад оруулсан юм билээ. Генийн өөрчлөлттэй улаан буудай идсэнээр хулганууд бөөр, элэгний архаг өвчтэй болсныг ч тогтоосон байна.

Дэлхий даяар хамгийн анх генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг АНУ-ын “Монсанто” корпорац 1988 онд гаргаж иржээ. Тус корпорац нь арвайг хувирган тариалж 1993 оноос генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн юм.

Хүний идсэн зүйлс хоол боловсруулах эрхтэнээр дамжин задарч, ген болон амин хүчил болдог. Амин хүчил нь биед хүч чадал өгөхөд, ген нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Тэгвэл аалз эсвэл өөр нэгэн шавьжны ген таны биед нэвчин орно гэхээр ямар сонсогдож байна вэ. Өмнө нь биед байгаагүй танил биш генийг ходоод ялган таньж, боловсруулж чадахгүй учраас мутац үүсдэг. Ийнхүү бие дотор “харь гариг”-ийнхан зорчиж, тархаж, шингэнэ.

Албан бус мэдээллээр Монгол Улсын хилээр нэвтэрч буй импортын хүнсний 80 орчим хувь нь генийн өөрчлөлттэй. Чипс, эрдэнэшиш, ундаа, жүүс, шоколадны крем, өглөөний хатаамал хоол гэх мэт монгол хүүхдүүдийн байнгын хэрэглээ болоод байгаа ихэнх бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй болохыг судалгааны байгууллагууд тайландаа дурдсан байдаг. Химийн тогтворжуулагч орсон, тэр нь таваас олон төрлийнх л бол хүүхдэд өгөх нь маш их аюултай. Нас биед хүрсэн хүнээс илүү хүүхдийн бие организм хэт мэдрэг байдаг. Хүүхдүүд идэх хоолоо анхнаасаа өөрсдөө сонгодоггүй. Харин эцэг, эхчүүд нь буруу сонголт хийснээр тэд амт, үнэрт нь хууртан хортой хүнсэнд дурлаж, эрхэлж, туньж, уйлж, айлгасаар дэлгүүрээс авахуулж дөнгөдөг. Гэхдээ эрхэлж уйлах, өвдөж уйлах хоёрын хооронд асар их ялгаа байдгийг бүү мартаасай.

Genetically modified organism (GMO) эсвэл genetically engineered organism (GEO) гэсэн англи нэршил бүх хэлэнд хурдтай тархсан. Өөр сурвалжаас гаралтай ДНХ-ийн молекулыг организмд суулган шинэ шинж тэмдэг гаргаж авах энэ процесс 1973 онд нээгдсэн ба улмаар хөгжсөөр биотехнологи хэмээх шинжлэх ухаан үйлдвэрлэлийн цоо шинэ салбар буй болсон юм. Өсөлтийн дааврын генийг суулгаснаар бяруу шиг том хонь, өөхгүй гахай ч гарган авч амжсан. Нефть иддэг бичил биетэн гаргаж авсан нь шуугиан тарьж байсан удаатай. Халдварт өвчин тархаж, үй олноороо үхэх аюулаас энэ шинжлэх ухааны дэвшил хүн төрөлхтнийг аварсныг үгүйсгэхгүй ч хэтийдсэн хэрэглээ, эко хүнсэнд зарласан “дайн” нь үүнээс татгалзах шалтгаан болж буй юм. Сүүлийн үед генийн инженерчлэлийн аргыг малын мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх, махыг шүүслэг зөөлөн болгох, мах, өөхний харьцааг тэнцвэржүүлэх, үнээний сүүний тослогийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж байгаа. Бүтээж бий болгосон бүхэн маань бидний “дайсан” болж, эзнээ устгахаар довтлон яваа мэт мэдрэмж төрөх юм.

Энэ тухай эрдэмтэд ч нэлээд эрт сануулж байсан удаатай. Тухайлбал, өнгөрсөн зууны 70-аад оны эхээр ДНХ-ийн хэсгийг салгаж, нийлүүлсэн туршилтын үеэр Ватсон тэргүүтэй 15 генетикч ДНХ-ийн кодыг тайлахдаа генээр хамаагүй оролдох нь хожим төсөөлөөгүй аюулд хүргэж болохыг сануулж байсан гэдэг.

Өргөн уудам нутаг дэвсгэр, эх газрын эрс тэс уур амьсгалтай, экологийн хувьд харьцангуй цэвэр, цөөн хүн амтай манай орны хувьд генийн өөрчлөлттэй ургамал, хүнсийг дотооддоо тариалж үйлдвэрлэхгүй байх боломж бий. Харин гадаадаас импортолж байгаа бүтээгдэхүүнийг нарийн хянаж шалгадаг байх ёстой.

Хүнсний ногоо, жимснийхээ ихэнхийг монголчууд БНХАУ-аас авдаг. Тэгвэл тус улсад хоёрхон төрлийн шилмэл гентэй ургамлыг дотоодын хэрэглээндээ зориулан тарьж, худалдахыг зөвшөөрдөг юм билээ. Түүнчлэн 41 зүйлийн хувиргасан амьд организмыг зөвхөн боловсруулах зорилгоор л улсынхаа хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг аж. Тэд ч бас генийн өөрчлөлттэй хүнснээс ард иргэдээ хамгаалахын тулд хатуу чанд хууль мөрдүүлж буй нь энэ. Харин бид яадаг билээ. Эрээн яваад ирэх бүртээ хайрцагтай жимс “чирэн”, хэн дуртай аж ахуйн нэгж, хувь хүн хэмжээ хязгааргүйгээр хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа. Энэ аюул биш үү. Мэддэг л сэдэв гэж бүү эндүүрээрэй. Энэ бол эдүгээ бидэнд тулгараад байгаа аюул. XXI зуунд буу зэвсгээр тулалдах шаардлагагүй, харин биотехнологи л гол зэвсэг нь байх болно гэсэн учир мэдэх хүний үг ч оргүй биш бололтой.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)