Хуурамч дүгнэлт гаргасан шинжээчдийг шалгаж дуусав

Д.Гантулга УИХ-ын гишүүн байхдаа Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдон цагдаа, АТГ-ын мөрдөгчдөд шалгуулсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн асан тэр эр Хан-Уул дүүрэгт дахин ийм хэрэгт холбогдон тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэнд шалгуулж байна.

Н-гийн гомдлын дагуу Д.Гантулгад холбогдох, бусдыг хүчирхийлсэн гэх хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд тэр үед “Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хааж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст ШШҮХ-гийн гурван эмчийг шалгаад шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй гэж үзсэн юм. 

Харин Н-гийн өмгөөлөгч нь “УИХ-ын гишүүн Д.Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэрэг нэмж хийлээ. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэгт хуурамч дүгнэлт оруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн мэдэгдэж байв. Ингээд дээрх хэргийг сэргээлгэх хүсэлтийг хохирогч, түүний өмгөөлөгч нар УЕПГ-т тавьснаар дахин шалгаж, ШШҮХ-гийн шинжээч эмч нарыг яллагдагчаар тооцсон юм.

АТГ-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр “ШШҮХ-гийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал бий болгож, хуурамч дүгнэлт гаргасан гэх хэргийг шалгаж дуусан шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтад хүргүүлсэн” хэмээсэн юм. Тэр нь өгүүлэн буй дээрх хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар юм.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэрэгт шинжээчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэн ШШҮХ-гийн шинжээч М.Золжаргал, тус хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын дарга Х.Түвшин-Эрдэнэ, ахлах шинжээч Ж.Оюунаа нарыг яллагдагчаар тооцсон аж. Тэд 2017 оны зургадугаар сарын 19-нд дээрх хүрээлэнгийн байранд “иргэн Н-гаас үтрээний арчдас, наалдац, дэр, ор хөнжлийн даавуунд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй” гэж дүгнэлт хуурамчаар үйлдсэн хэмээн буруутгагдаж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)