Хуурамч дэвсгэртээр үсний боолт гэх мэтийг худалдан авах замаар жинхэнэ мөнгөтэй болдог

Сүүлийн гурван жилийн хугацаанд 40 орчим сая төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэн, гүйлгээ хийсэн байдаг. 2013 онд Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар хуурамч мөнгөн дэвсгэртийн хэргийг шалгах журам батлагдсан.

Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийж эхэлжээ. Одоогийн байдлаар гурван бүлэг, долоон этгээдийг саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд заримд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Гэсэн хэдий ч хуурамч мөнгөн тэмдэгт үйлдэх хэрэг гарсаар байгаа аж.

Тухайлбал, хамгийн сүүлд 25-30 орчим насны эмэгтэй 20 мянгатын дэвсгэртийг хуурамчаар үйлдэн, гүйлгээнд оруулжээ. Түүнийг 5-6 удаа хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийснийг шалгалтын явцад тогтоосон аж.

20 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийхдээ хотын зах орчмын дэлгүүрийг сонгон, 1000-2000 төгрөгийн үнэтэй зүйлс худалдан авч, хуурамч дэвсгэртээ жинхэнэ мөнгөөр сольж авдаг гэнэ. Тиймээс 10, 20 мянгатын дэвсгэртээр үсний боолт гэх мэт зүйлсийг худалдан авч буй иргэдийн өгсөн мөнгийг жинхэнэ эсэхийг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуурамч дэвсгэртийн цаас нь даргар, дэвсгэрт дээрх соёмбо, тоо нь товгор бус байдаг аж. Мөн цагдаагийн байгууллага хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн эмэгтэйн талаарх мэдээллийг 96102102 дугаар утсаар авч байгаа юм.

Мэдээлэгчийн нууцыг хадгалах бөгөөд мэдээллийг төлбөртэй авч байгаа ажээ. Үүнээс гадна хуурамч мөнгө хийж, автобусаар зорчих тохиолдол мөн нэмэгдэж байгаа аж. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкнаас “Улаанбаатар смарт карт” ХХК-д албан тоот явуулсан аж.

Тодруулж хэлбэл, урагдаж тасарсан хоёр өөр серийн дугаартай дэвсгэртийг залгаж наасан, 500, 1000 төгрөгийн дэвсгэртийг өнгөт хувилагчаар хувилан, автобусан доторх мөнгөний хайрцагт хийх зөрчил ихсэж байгаа гэнэ.

Тиймээс автобусанд мөнгө хянагч ажиллуулах шаардлагатай байгааг тус банкнаас анхааруулжээ. Мөн уг зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон аж.

Г.БАЯРЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)