Хуурамч баталгаа хийсэн ажилтнуудаа шалгуулаагүй Г.Гантөмөрт хариуцлага тооцох уу

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд үнэт цаас хуурамчаар үйлдэж улсад хохирол учруулсан ажилтнуудаа хууль сахиулах байгууллагынхнаар шалгуулалгүй өнгөрөөсөн хэргийн мөрөөр бид сурвалжиллаа.

Барилга барьж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд ус, цахилгааны тоолууртаа СХЗГ-аар заавал баталгаажуулалт хийлгэдэг. Сүүлийн үеийн байр болгон хэрэглээний халуун, хүйтэн усны болон цахилгааны тоолууртай. Тэр болгоныг нь тус газраас баталгаажуулдаг гэсэн үг. Орон сууц барихдаа компаниуд олноор нь дээрх гурван төрлийн тоолуур авч буй.

Баталгаажуулалтыг нь үнэт цаасан дээр хэвлэдэг болохоор хувилах болон хуурамчаар үйлдвэл гэмт хэрэг болно. Гэтэл СХЗГ-ын улсын шалгагч нар 2012-2015 онд үнэт цаас хуурамчаар үйлдэж, хуурамч тамга дарж улсад хохирол учруулсан ч тус газрын дарга Г.Гантөмөр нь тэр хүмүүсийг цагдаад өгч шалгуулалгүй ажлаас халсан болоод гэмт хэргийг нуун дарагдуулжээ.

ОЛОН ХОРООЛЛЫН ТООЛУУР ХУУРАМЧ БАТАЛГААЖУУЛАЛТТАЙ БАЙВ

СХЗГ-ын хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийдэг улсын шалгагч Д, Х, Л нарын олгосон баталгаажуулалтын гэрчилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2015 оны дөрөвдүгээр сард шинжилсэн байна. Үүнээс өмнө тус газрынхан дотоод хяналт шалгалтаараа энэ үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад хандахаар болсон аж. СХЗГ-аас гаргасан дүгнэлтэд “Энержи тех прогресс”, АГББГ, “Инженеринг сервис”, “Мон ватер”, “Тепломонтаж”, “Укрэлектрон монтаж” компанид олгосон хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, лабораторийн тэмдэг, түүний ашиглалт, СХЗГ-ын санхүүгийн тайланд тусгасан орлогын гүйцэтгэлийг нягтлаад олон зөрчил илрүүлжээ.

Тэгэхэд зөвхөн Х л гэхэд 95 ширхэг гэрчилгээ бичсэн нь хуурамч байсан” хэмээн дурджээ. ШШҮХ-гийн шинжээчийн дүгнэлтэд “Цаас болон түмэн насан хээ, Соёмбоны өнгө бүдэг, билгэ тэмдгийн дүрслэл ялгаатай, холограммын нууцлалын бичгийн хэмжээ том, лабораторийн эрхлэгчийн гэх дардасны бичгийн хэмжээ нь өөр зэрэг шинж тэмдгээрээ хуурамч” гэдгийг тогтоожээ. Харин дээр нэр дурдагдсан хүмүүсийн гарын үсэг өөрсдийнх гэдэг нь батлагдсан байна.

Тэдний баталгаажуулсан гэх тоолууруудыг “Хүннү”, “Буянт-Ухаа-2”, “Дэлгэр” хотхон, “Санни хаус”, “Ривер гарден” зэрэг орон сууцны хороололд суурилуулсан байгаа юм. Нэг хороолол нь 150-иас дээш тооны айл өрхтэй байсан бөгөөд түүврийн аргаар судалгаа хийхэд 8-10 ширхэг баталгаажуулалтын хуурамч гэрчилгээ илэрч байж. Нэг гэрчилгээг 4-6 жилийн баталгаатайгаар олгодог юм байна. СХЗГ-ын тайланд нэг баталгаажуулалтыг 6000 төгрөгөөр тооцож мөнгө тушаасан атлаа, цаад байгууллагаасаа 28 000 төгрөг хураан авсан гэх мэт жишээ олон байжээ.

Тиймээс тус газрынхан тайлангийн хурлаараа хуурамч гэрчилгээг хураан авч, залруулга хийх, хуурамч гэрчилгээ, үнэт цаас, лабораторийн тэмдгийг холбогдох баримтын хамт цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ. Гэтэл СХЗГ-ын дарга Г.Гантөмөр дээрх хүмүүсийн улсад учруулсан хохирлыг нь огт тогтоолголгүй, ажлаас нь халаад л өнгөрсөн байна. Тухайн үед СХЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан Дарь.Сүхбаатар “Улсад учруулсан хохирлыг тогтоохгүй халдаг нь ямар учиртай юм бэ. Цагдаа, шүүхэд хандах ёстой шүү дээ” хэмээн нэг бус удаа хэлсэн ч үл ойшоосон гэдгийг тус газрын нэрээ хэлэхийг хүсээгүй хэд хэдэн эх сурвалж хэлэв.

Өөрөөр хэлбэл, СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй гэдгийг сануулсаар байхад ийнхүү явуулсан нь тухайн хүмүүстэй ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн хардлага ажилтнуудынх нь дунд байгаа аж. Тус газрын дарга Г.Гантөмөртэй уулзаж, энэ талаар тодруулахыг зорьсон боловч утсаа авсангүй, ажил руу нь очиход харуул нь “Дарга Төрийн ордонд хуралтай” гээд дотогш нэвтрүүлсэнгүй.

Уг нь гэмт хэргийг үл мэдээлсэн хүмүүст хариуцлага тооцох заалт өмнө мөрдөж байсан Эрүүгийн хуульд бий. Харин долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд ч санаатай, хүнд гэмт хэргийг лавтай мэдсэн атлаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй бол торгож хариуцлага тооцохоор заасан байгаа. Ийм үндэслэлээр СХЗГ-ын даргад хариуцлага тооцох үндэслэл байна.

Үүнээс гадна тус газрын даргыг АТГ-т шалгуулахаар хандсан байгаа юм. СХЗГ-аас стандарттай холбоотой “Чанарын менежементийн тогтолцоо-шаардлага”, “Менежементийн тогтолцоонд аудит явуулах заавар” гэсэн номыг 2016 онд 300 ширхгийг хэвлүүлсэн аж. Түүнийгээ албан байгууллагуудад 200 000 төгрөгөөр зарж, хувьдаа ашиг олдог байх магадлалтай гэсэн гомдол АТГ-т очсон гэдгийг тус газрын эх сурвалжууд баталж буй.

Уг номыг бэлэн мөнгөний баримтаар авахдаа өөрсдийн албан ёсны баримтад бус, гадуур зардаг орлогын баримтад 200 000 төгрөг гэж бичээд мөнгийг нь авдаг юм байна. Харин Г.Гантөмөр дээрх хоёр стандартыг зарсан талаараа “Бид стандарт зарах эрхтэй. Түүнээс олсон орлогоос хувьдаа нэг ч төгрөг завшсан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээгээд буй.

Б.АРИУНАА: ХУУРАМЧ ГЭРЧИЛГЭЭ БАТАЛГААЖУУЛСАН ГУРВАН АЖИЛТАН АЖЛААСАА ХАЛАГДСАН Ч ШАЛГУУЛААГҮЙ

СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нар хэвлэлийн хурал хийхдээ “Б.Ариунаа нь өөрийн шууд удирдлагад ажилладаг албан хаагчидтай эелдэг, тэгш бус харилцдаг нь тогтоогдож, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул арванхоёрдугаар сарын 1-нд ажлаас халах шийдвэр гаргасан. Гэтэл тэрбээр биднийг илт гүжирдсэн мэдээлэл цацаж байна” хэмээн мэдэгдсэн.

Харин Б.Ариунаа нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хэмээн Төрийн албаны зөвлөл, захиргааны хэргийн шүүхэд хандсан гэнэ. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс иргэн Б.Ариунаад хүргүүлсэн албан бичгийг Г.Гантөмөр дундаас аваад зохих эзэнд нь хүргүүлээгүй гэх мэдээллийг биднийг СХЗГ-т очиход нэг бус эх сурвалж хэлэв.

Нэр дурдагдаад байгаа Б.Ариунаатай нь уулзаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэмт хэргийг яагаад үл мэдээлсэн талаар тодрууллаа.

-“Чанарын менежементийн тогтолцоо-шаардлага”, “Менежементийн тогтолцоонд аудит явуулах заавар” гэсэн ном зарсан мөнгө нь СХЗГ-ын дансанд ордоггүй гэх мэдээлэл хэвлэлээр гараад, АТГ-ынхан ч үүнийг нь шалгахаар болоод буй гэсэн. Та энэ талаар мэдэж байсан уу?

-Стандарт зарж буй асуудлыг манай хэд хэдэн ажилтан надад хэлж, мөнгө нь хувийн данс руу ордог, бэлэн мөнгийг нь хувьдаа авч байгаа талаар ярьж байсан. Би үүнийг тодруулахын тулд СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт хэлж байсан боловч тэрбээр үгүйсгээд “Чи юу яриад байгаа юм бэ. Би мэдэхгүй” хэмээсэн. Харин хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийхдээ надад хэлж байснаасаа тэс өөр зүйл ярьж байна лээ.

СХЗГ дахь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг би хийдэг байсан болохоор манай шударга ажилтнууд надад энэ тухай хэлж байсан. Намайг ажлаас халсан үйлдэл нь магадгүй Г.Гантөмөр даргын өмнөөс үг сөрсөн хэн нэгэнд надтай адил арга хэмжээ авна шүү гэж сануулж байгаа жишээ болов уу.

Би ажлаас халагдлаа гэж айхгүй. Өмнө нь Энхтайван даргын үед болохгүй, бүтэхгүй байгааг нь шударгаар хэлсний төлөө тэр хүн намайг халж байсан. Тухайн үед шүүхэд хандаж, шударга зүйлийн төлөө тэмцэж байсан болохоор, байгууллагынхаа нэр төрийг цэвэр байлгахын төлөө зүтгэсэн болохоор би айх зүйлгүй байж, хууль бусаар халагдсанаа тогтоолгон ажилдаа орсон.

-Стандарт зарж байгаа асуудлыг санхүүжүүлэгч Европын холбоо мэддэг үү?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор Европын холбоо уг стандартыг санхүүжүүлсэн бол манай байгууллага үүнээс ашиг олох бус, харин ч хэрэгцээт газарт нь үнэ төлбөргүй ч юм уу, эсвэл өөрийнх нь өртгөөр олгох ёстой байх. Хувийн дансаар мөнгө нь орж гарч, нууцаар гүйлгээ хийгдээд байгаа болохоор төсөл санхүүжүүлэгчид мэдэхгүй л байгаа болов уу. Үүнийг нарийвчлан шалгах л ёстой. АТГ шалгаж тогтоох биз ээ.

-Танай хэд хэдэн албан тушаалтан стандартын гэрчилгээ хуурамчаар үйлдсэнийг ШШҮХ-гийнхэн шинжилгээ хийгээд баталсан байсан. Та шалгалтын комисст нь ч байсныг танайд ажилладаг хүмүүс хэлж байна лээ. Тэдэнд яагаад хуулийн хариуцлага тооцоогүй юм бэ?

-Тийм ээ. Ажлын хэсэгт нь би байсан. Яах аргагүй хуурамчаар үйлдсэн асуудал илэрсэн. Таны хэлсэнчлэн ШШҮХ-гийнхэн ч нарийвчлан шинжлээд дүгнэлтдээ гэрчилгээ, тамга, дардсыг хуурамчаар хийснийг баталсан юм. Улсад маш их хэмжээний хохирол учруулсан ноцтой асуудал байж болзошгүй, цагдаагийн байгууллагад шилжүүлэн, хохирлын хэмжээг нь тогтоох ёстой гэсэн дүгнэлт ажлын хэсгийн гишүүд гаргаад саналаа СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт танилцуулсан.

Дарга, хуулийн зөвлөхөөр тухайн үед ажиллаж байсан Г.Өнөржаргал нар бүх баримтыг өөрсөд дээрээ авсан. Хуурамч гэрчилгээ хийж баталгаажуулсан гурван ажилтан ажлаасаа халагдсан ч хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй өнгөрсөн. Үүнтэй холбоотойгоор зарим дарга яагаад цагдаагийн байгууллагаар шалгуулалгүй өнгөрснийг сөхөж байсан ч ямар нэг тайлбар өгдөггүй гэв.

Б.Ариунаагаас гадна өөр хэд хэдэн эх сурвалжтай уулзахад ямар нэг зүйл ярихаас цааргалж байснаа “нэрийг нь нууцална” гэдгийг хэлсний дараа “Г.Гантөмөр дарга өөрийн хүмүүсээ албан тушаалд томилохын тулд зохион байгуулалттайгаар Б.Ариунааг ажлаас халсан. Уг нь Б.Ариунаа даргад бид хуурамч гэрчилгээ хийсэн хүмүүсийг яагаад хуулийн байгууллагад шалгуулж, төр, байгууллагыг хохиролгүй болгодоггүй юм бэ, Стандарт зарж буй мөнгө байгууллагын дансад бус, хувь хүний халаасанд орж буй талаар ч хэлсэн юм.

Б.Ариунаа манай байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болохоор л энэ асуудлыг бид хэлж байсан. Харамсалтай нь түүнийг гэнэт л ажлаас нь чөлөөлсөн. Уг нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд “Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно” гэж заасан байхад Г.Гантөмөр дарга хууль зөрчсөн.

Мөн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг ч бас үл ойшоосон. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлыг түүний гар, хөл болсон хүмүүс хууль зөрчин, дур мэдэн зарласан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. За тэгээд биднийг хавчиж хяхах асуудал бол байнга гаргадаг.

Таны сонирхоод байгаа хэрэгт холбогдон зөрчил гаргаж байсан хүнийг албан тушаалд томилсон, найзынхаа хүүхдэд хүрээлэнгийн захирлын албан тушаал өгсөн гээд тоочвол өчнөөн л хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдаж байна. АТГ-т манай даргыг шалгахаар болсон тухай хэвлэлээс уншсан. Үнэн мөнийг нь шударгаар тогтоогоосой доо” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)