Хуумгай хандсаныхаа балгийг хууль тогтоогчид хүртэх нь

“Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэгчлэн хууль тогтоохдоо хөнгөн хуумгай ханддаг хүмүүс “балгийг” нь өнөөдөр өөрсдөө хүртэж, сонгуулийн их ажлын хажуугаар Цэцийн дүгнэлттэй зууралдаж таарах нь.

Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын энэ удаагийн сонгуульд оролцох, эсэхээ өнөөдрийн дотор илэрхийлж, хүсэлт, холбогдох бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Харин чухам хэзээ Дээд шүүхэд бүртгүүлж, улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхээ албан ёсоор баталгаажуулсан нам Сонгуулийн ерөнхий хороог зорих вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод буй юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуулийг товлон зарласан нэгдүгээр сарын 30, эсвэл нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх сүүлчийн хугацаа болох энэ сарын 25-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлснийг нь сонгуульд оролцуулах уу гэдгээ УИХ тодорхой болгох ёстой гэж Үндсэн хуулийн цэц үзээд, эл харилцааг зохицуулж байсан холбогдох заалтуудыг нь түдгэлзүүлчихэв.

Үнэхээр ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-т “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт бий. Парламент энэ оны нэгдүгээр сарын 30-нд 13 тоот тогтоол баталснаар 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарласан бөгөөд санал авах өдрийг зургадугаар сарын 24 байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сарын 30-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам энэ удаагийн сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх нэг давааны ард гарлаа гэсэн үг. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-т “Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ болон холбогдох бусад хууль, тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ” хэмээн заасан байх аж. Уг хуулийг баримтлан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь ёсоор энэ сарын 25-наас өмнө буюу өнөөдрийн дотор нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.3-т нь “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ” гээд 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн” гэж хуульчилжээ. Тиймээс Цэц хугацаа заасан дээрх хоёр заалтын аль аль нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд, түдгэлзүүлчихлээ.

Үндсэн хуулийн цэцийн эл шийдвэрийг УИХ хэлэлцэх ёстой. Цэц дүгнэлтээ өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Өөр хоорондоо зөрчилдөж байна гэж Цэц дүгнэсэн дээрх хоёр хугацааны чухам алийг нь баримтлахаа хууль тогтоогчид олонхоороо шийднэ гэсэн үг. Ер нь бол нэгдүгээр сарын 30-наас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам энэ удаагийн сонгуульд оролцох ёстой гэж УИХ үзэж буй болов уу. Учир нь дээрх дүгнэлтийг гаргасан Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Л.Энх-Амгалан гишүүн “Төрийн үйл хэргийг удирдах, бодлогыг нь тодорхойлохын тулд өрсөлдөх гэж байгаа улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь гэнэтийн, тохиолдлын зүйл байх нь зохимжгүй” хэмээн энэ сонгуулийг товлон зарлахаас өмнө бүртгүүлсэн намыг зөвшөөрөх нь тэдгээрийг илүү хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалт болохыг тайлбарласан байгаа юм. Хэдийгээр Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд, олонхоороо шийдвэр гаргах ч Л.Энх-Амгалангийн тайлбар хувь гишүүнийх бус, хууль тогтоох байгууллагыг Үндсэн хуулийн шүүхийн өмнө бүрэн төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үг юм.

Н.АЛТАНХУЯГ АН-ААС Ч, АШН-ААС Ч НЭР ДЭВШИХГҮЙ

Тэгээд ч УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынханд өрсөлдөгч намууд нь нэгээр ч болов цөөрөх нь ашигтай. Тухайлбал, нэгдүгээр сарын 30-наас өмнө бүртгүүлсэн нам л оролцох эрхтэй гэсэн заалтыг баримталбал, өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын хамгийн отгон нь буюу Цагаан сарын өмнөхөн бүртгүүлсэн Ардчилал, шинэчлэлийн нам (АШН) улс төрийн уралдаанд хүч үзэх боломжгүй. Тиймээс ч тус намын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эдгээр зөрчил болон Цэцийн эл хуралдааны шийдвэрээс шалтгаалан 2020 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьт ажилд оролцох боломж бүрдэхгүй байгаа тухайгаа Үндсэн хуулийн шүүхэд албан бичгээр уламжлаад байсан юм билээ. АШН-ын “ард” Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бий гэх яриа гарсан. Монголын улс төрийн “том” хүчин АН-ын нөлөө бүхий лидер, нэгэн цагт Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуяг АШН гэсэн “хаягтай” болж, тус нам сонгуульд оролцох болбол анхаарал татах нь гарцаагүй. Гэхдээ тэрбээр өчигдөр пэйж хуудсаараа дамжуулан бие даан нэр дэвшихээ мэдэгдсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэд хоногийн өмнө АН-ын даргад хандаж, өөрийг нь намаас хассанаа энэ сарын 21-ний дотор нотлохыг шаардаад байсан. Тэрбээр “АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг дахин нотоллоо. С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. АН-аа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө зүтгэнэ ээ” хэмээсэн юм.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо нэгдүгээр сарын 30-наас өмнө буюу товлон зарлахаас өмнө бүртгүүлсэн намыг сонгуульд оролцуулах нь зүйтэй гэх байр суурьтай байх болов уу. Учир нь үүний өмнө үйлчилж байсан Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй байв. УИХ-ын ээлжит сонгуулиудын санал хураалтыг зургадугаар сарын сүүлийн хагаст зохион байгуулж ирснийг тооцвол хамгийн цаад тал нь зургаан сарын өмнө буюу 2020 он гарав уу, үгүй юү Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн байхыг шаардаж байлаа. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй байхаар хуульчилсан нь энэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийг улс орон даяар зохион байгуулж, бэлтгэл ажлыг нь хангаж ирсэн Сонгуулийн ерөнхий хороонд дээрх хугацаа аль болох тавиу, басхүү өмнө нь баримталж ирсэн жишгээ баримтлах нь дөхөм байх биз. Тэгээд ч хэрэв энэ сарын 25-наас өмнө бүртгүүлсэн нам оролцох эрхтэй болбол Сонгуулийн ерөнхий хорооныхонд баахан “төвөг” удна. Жишээ нь, АШН сонгуульд оролцох эрхтэй болох бөгөөд тэднийг аудитын дүгнэлтгүйгээр бүртгэх үү. Эсвэл мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлээгүй гээд сонгуульд оролцуулахгүй юу. Энэ мэт хариулт нэхсэн, толгой эргүүлсэн, талцал дуудаж, улстөржилтийг өрдөх олон үйл явдал өрнөнө. Улмаар сонгуулийг хойшлуулж ч болзошгүй.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД “ГАР ХҮРНЭ”

Гэвч УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хугацаа заасан дээрх хоёр зохицуулалтын аль нэгийг нь “сонгож”, тодорхой болгочихвол тэгтлээ асуудал үүсэхгүй биз ээ. Тэр тусмаа нэгдүгээр сарын 30-наас бүртгүүлсэн намыг оролцох эрхтэй байх заалтыг “үлдээж”, хуулийн зохицуулалтуудыг хоёрдмол утгагүй болгочихвол илүү хялбар шийдэгдэнэ. Учир нь Цэцийн зүгээс өөр хоорондоо зөрчилдсөн заалтуудаа засаж, тодорхой болгохыг л гол чиглэл болгож буй. Өөрөөр хэлбэл, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа дахин хэлэлцэж Үндсэн хуультай зөрчилдөж буй заалтуудаа өөрчилнө гэсэн үг. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд уг хуульд гар хүрэхийг хориглодог ч Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хөндөхөд асуудал үүсэхгүй. Түүх сөхвөл, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд Цэц дунд суудлын хуралдаанаараа дүгнэлт гаргаснаар тухайн жилийн УИХ-ын ээлжит сонгуулийг холимог хувилбараар буюу мажоритар 48, пропорциональ (хувь тэнцүүлсэн) хэлбэрээр 28 гишүүн сонгох “төлөвлөгөө”-г тасалж орхисон. Тодорхой хэлбэл, УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай (“нэгдсэн” гэгддэг, өдгөө УИХ, Ерөнхийлөгчийн, “Орон нутгийн” гэж салгаж буй) хуулийн 7.1.1-т “хувь тэнцүүлсэн”, 120.3-т “УИХ-ын 48- аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн нь Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно”, 21.3-т “УИХ-ын гишүүнээр 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн Цэц шийдвэрлэсэн билээ. Ийнхүү Цэц “Баталсан хууль чинь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна” гээд УИХ руу Сонгуулийн тухай хуулийг нь “шидэхэд” хууль тогтоогчид олон юм ярилгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, тойрог, мандатын хуваарилалтаа хүчингүй болгож, тавдугаар сарын 12 гэхэд шинээр 76 тойрог байгуулчихсан байв. Өөрөөр хэлбэл, санал хураалт болохоос ердөө хоёр сар хүрэхгүйн өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрч, 45 хоногийн дотор хамаг “юмаа” амжуулсан түүхтэй.

УИХ одоо ч дээрх асуудлын талаар маш шуурхай шийдвэр гаргах шаардлага тулгарах нь. Учир нь нам, эвслүүдээс хүсэлт, бичиг баримтыг нь хүлээн авч буй Сонгуулийн ерөнхий хороо тэднийг бүртгэх, эсэх тухай шийдвэрээ энэ сарын 29 буюу ирэх лхагва гаргийн дотор гаргах ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн төв байгууллага нам, эвслүүдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан бүртгэх, эсэхээ шийдвэрлэх юм. Хэрэв тухайн үед УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцээгүй, хугацаа заасан аль заалтыг нь баримтлахаа тодорхой болгоогүй байвал Сонгуулийн ерөнхий хороо “хэцүүднэ”. Яагаад гэвэл тэд зөвхөн хуулийг хэрэгжүүлж, сонгууль зохион байгуулах л үүрэгтэй. УИХ хойрго байвал сонгууль зохион байгуулах цаашдын бүх үйл ажиллагаа гацна гэсэн үг. Цэцийн дүгнэлтийг хуулийн хугацаанд хэлэлцдэггүй, хойш нь тавьж, хэдэн сараар хав дардаг муу жишгийг урьдын парламентууд үлдээсэн учраас зориуд дурдаж буй нь энэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)