Хууль сахиулахын их сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож байна

Хууль сахиулахын Их сургууль нь 1934 онд “Төв сургууль” нэртэйгээр байгуулагдснаас хойш өдгөө түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн  хүрээнд “Хууль сахиулахын инноваци” сэдэвт олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор аравдугаар сарын 8-нд Төрийн ордны Их танхимд зохиох юм. Хурлыг Хууль зүйн яам, ХБНГУ-ын Хайннс-Зайделын сан, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохиох аж. Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын төрийн байгууллага, яам, хууль сахиулах байгууллага, Их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, Түрк, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 30 гаруй орны 50 орчим  төлөөлөгч эрдэмтэд оролцох юм.

Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг Их сургуулийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохиож буйгаараа онцлог бөгөөд хууль сахиулах салбарт шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, хурлын төгсгөлд шинэ санаачилга, зөвлөмж гаргахыг Хууль Сахиулахын Их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Борбаатар онцоллоо. Хурал дөрвөн хэсэг болон өрнөх бөгөөд уг хурал Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, Улсын хил хамгаалах, гамшгаас авран хамгаалах болон хууль сахиулах салбарын практик сургалтанд шинжлэх ухааны ололт, инноваци нэвтрүүлэхэд чиглэгдэх аж. Цаашид Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохиох юм.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)