ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫХОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭВ

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын даргад албан тоот хүргүүлжээ. Уг албан бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тул Авлигын эсрэг хуулийн заалтыг үндэслэж, тэдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн хугацаа өнгөрч байхад шийдвэр гаргахгүй байгаа тул хуулийг хэрэгжүүлэхийг хүссэн аж.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болдоос тодруулахад “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий хүмүүс хуулийг зориуд буруу тайлбарлан “Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг үндэс лэж байж Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асууд лыг шийдвэрлэнэ гэж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг. Хууль зүйн байнгын хорооныхон шийдвэр гаргахгүй байсаар Улсын Их Хурлын чуулган завсарлах гэж байна.

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдож, Улсын ерөнхий прокурор УИХ-д санал оруулсан бол 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх заалттай. Улсын ерөнхий прокурор саналаа зургадугаар сарын 28-нд УИХ-д өргөн барьсан. Асуудлыг ингэж хойшлуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон хуулиа зөрчиж байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор дахин албан тоот УИХ-ын даргад хүргүүлсэн” гэв.

Уг албан тоотод дээр дурдсанаас гадна “Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг зогсонги байдалд оруулж байгаа Байнгын хорооны удирдлагын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, УИХ завсарлахаас өмнө хуулийн дагуу зохих шийдвэр гаргуулж, төрийн хуулийн ажил алба алдаа гажиггүй хэрэгжих нөхцөлөөр ханган өгөхийг танаас дахин хүсэж байна. Тусгай хяналтын дэд хороонд уг асуудлыг шилжүүлж шийдвэрлэх болсон тухай Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн мэдээлэл УИХ-ын дотоод ажил
бөгөөд УИХ хуулийн байгууллагын өмнөөс мөрдөн байцаах ажиллагаа явуулдаггүй болохыг уламжилж байна” гэжээ.

Г.ЦОЛМОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)