Хууль бусаар олсон орлогынх нь хүүг Г.Солтанаас албадан гаргуулна

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сарын 29-нд хэлэлцээд Г.Солтаныг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд тооцсон билээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ялаар шийтгэсэн юм. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлсөн. Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлэн тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгүүлж, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсоныг, мөн мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж зугтаж байсныг бид цаг тухайд нь мэдээлсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр уг хэргийг хэлэлцээд хэргийн зүйлчлэл, анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг нь хүндрүүлэхгүйгээр бага зэргийн өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, Г.Солтанд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, төслийн мөнгөө хүүлж олсон 7.5 сая төгрөгийн орлогыг албадан гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)