Хууль боловсруулах “ханш”

Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы өнгөрөгч пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч 58.8 хувийн саналаар дэмжээгүй бөгөөд санаачлагчид нь буцаасан. Төрийн үйл хэрэгт оролцох, иргэний улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг тусгасан гэх уг төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх санал хураалтад оролцсон гишүүдээс 30 хүн эсрэг санал өгсөн нь дэлгэц дээр харагдаж байсан ч танхимд ердөө 17 хүн л сууж байв.

Өөрөөр хэлбэл, уг төслийг 17 гишүүн “унагачихаж”. УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс боловсруулсан төсөлд иргэд ч саналаа уламжлах боломж, процедурыг хуульчлах зорилготой энэхүү төслийн талаар харилцан адилгүй байр суурь хэлэлцүүлгийн явцад хөвөрч байсан.

Гишүүдийн зүгээс бидний хууль санаачлах эрхэд халдлаа гэх өнгө аяс цухалзуулж байсан бол санаачлагч иргэдийн оролцоог дээшлүүлэх, улмаар шийдвэр гаргагчдыг илүү хариуцлагатай болгох ач холбогдолтой хэмээн сурталчилсан. Энд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн агуулга, ач холбогдлыг хөндөж, аль нэг талыг нь дэмжих гэсэнгүй.

Гагцхүү уг төслийг боловсруулахад нийт 400-500 сая төгрөг (Үүнийг улсын төсвөөс бус, Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс гаргасан) зарцуулсан болохыг онцлох гэсэн юм.

Олон улсын байгууллага, гадаадын аль нэг төсөл, хөтөлбөрөөс манайд хууль боловсруулж байна гэж эмзэглэж, шүүмжлэх гэж буй бол түүнийгээ ч бас түр хойш тавихыг хүсье. Учир нь энд зөвхөн Монголын хуулийн ханш хэд буйг хөндөхийг зорив.

Хуулийн төсөл боловсруулах зардал талаас нь харвал манай нөхцөлд 400-500 сая төгрөг бол тэнгэрт хадсан үнэ гэлтэй. Энэ оны эхнээс үйлчилж буй Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу үндэсний хэмжээнд болон салбарын байгууллагын дунд олон удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, санал цуглуулан, түүн дээрээ мэргэжлийн судлаачдын баг ажиллуулсан буюу бараг хоёр жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгө нь энэ аж.

Үнэхээр ч дээрх төслийг боловсруулахын тулд 2016 онд хийсэн “Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, холбогдох захиргааны хэм хэмжээний актад тусгасан төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах аливаа зохицуулалтын өнөөгийн хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээ”-г үндэсний хэмжээний судалгаанд гэхэд л гаргахад л 50 орчим сая төгрөг зарцуулсан байх жишээтэй.

Гэвч хууль болгон ийм өртгөөр бүтдэг гэвэл өрөөсгөл. Монгол Улсыг ардчилалд хөл тавьсан цагаас үйл ажиллагаа явуулсан олон улсын байгууллага, бие даасан төсөл, хөтөлбөрүүдээс хийсэн суурь судалгаанууд хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг, хөшүүрэг болох нь олонтаа гэнэ. Үүнээс гадна төсвөөс санхүүждэг судалгааны байгууллагууд байх ч тэдгээр нь аливаа асуудлаар тасралтгүй, багц судалгаа явуулж, цогц бааз суурь бүрдүүлдэг нь тун цөөн болохыг албаны хүн өгүүлнэ лээ.

Тиймээс л гурав, дөрвүүлээ нэгдсэн судалгааны багт хандахад хүрдэг байна. Хэр хэмжээний ажил ундрахаас шалтгаалан тухайн төсөл дээр судалгаа хийх нэг хүний ажлын хөлс хоёр сая төгрөгөөс эхэлдэг юм байна. Юутай ч хувь хүн болон хуулийн товчооны төсөл боловсруулах ханш харилцан адилгүй юм билээ.

Томоохон хэмжээний судалгаа, шинжилгээ шаардагдах, эсэх болон гүйцэтгэгчийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэргээс шалтгаалан тэнгэр, газар шиг ялгаатай байх нь бий. Улмаар тус судалгаан дээр дүн шилжилгээ хийж, хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулж, бичих багийн эрэлд гарна. Үзэл баримтлал боловсруулж, хууль бичнэ гэдэг цэг, таслал бүрт хариуцлага үүрэх няхуур ажил учраас өмнөх үе шатаас дутуугүй өртөгтэй байдаг гэнэ.

Ийм ажлыг хамгийн багадаа гурван хүн багаар гүйцэтгэх бөгөөд хүн тус бүрийн ажлын хөлс аанай л хоёр сая төгрөгөөс эхэлдэг жишиг тогтжээ. Ингээд боловсруулсан төслөө үндэсний хэмжээнд биш юм гэхэд зорилтот бүлгийн хүрээнд танилцуулан хэлэлцүүлэхэд гарын авлага бэлтгэх, хэвлэл мэдээлэл, цай, кофеноос эхлээд хөөрхөн зардал гардаг аж. Энэ нь хуулийн төсөл боловсруулах нийт зардлын нэлээд хэсгийг эзэлдэг гэсэн шүү.

Үнэндээ Монгол Улсад хууль санаачлах эрх бүхий субъект бүр энэхүү шат дамжлагаар явж, төсөл боловсруулж байна уу гэвэл эргэлзээтэй. Хуулийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс урьтаж, оны өмнөхөн хэдэн арван төслийг нэгэн зэрэг УИХ-д өргөн барьсныг санаж буй биз ээ. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан аргачлал, дэс дарааг дээрх хуулиар заагаад өгчсөн учраас урьтаж төслүүдээ өргөн барьсан хэрэг. Голдуу УИХ-ын гишүүд гомдоллож, Ерөнхийлөгч, Засгийн газрыг бодвол шинэ хуулийн дагуу төсөл боловсруулахад шаардлагатай төсөв, мөнгө хангалттай бус, улмаар энэ нь бидний хууль санаачлах эрхэд халдаж буй хэрэг гэж шүүмжилж буй нь ортой байж мэднэ.

Үнэхээр ч Ерөнхийлөгч, Засгийн газарт хууль боловсруулахад нь туслах Тамгын газар, Хуулийн хэлтэс, бүхэл бүтэн яам бий. Харин УИХ-ын 76 гишүүн хууль боловсруулахад УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн болон Судалгаа, шинжилгээний хэлтсийн хэдэн ажилтан хангалтгүй. “УИХ-ын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах, журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолын дагуу нэг гишүүнд хууль, шийдвэрийн төсөл боловсруулахад нь зориулж жилд 10 сая төгрөг төсөвлөдөг аж.

Мөн хуулийн төсөл боловсруулахтай нь холбогдуулан бусад орны хууль, тогтоомж, туршлагатай танилц, судал гэж гадаадад ажиллах томилолтын зардал болгон гишүүн тус бүрт таван сая төгрөг хуваарилдаг юм байна. Энэ төсвөөрөө тэд мэргэжлийн хуульчдын баг, товчоо бүр хувь хүнд хандаж, автораа тавих хуулийн төсөл боловсруулах захиалга өгдөг нь УИХ-ын Тамгын газрын шилэн дансны мэдээллээс харагддаг.

Аль Манжийн ноёрхлын үеэс биднийг дагалдах болсон “Монголын хууль гурав хоног” гэх хэлц өнөө ч манай улсыг тодорхойлсон хэвээр. Хууль тогтоогчид нь амьдралд нийцэхгүй “бүтээгдэхүүн” үйлдвэрлээд байна уу, хэрэгжүүлэгчид хайнга, хяналтгүй байна уу. Гэвч тухайн хуулийн амьдралд нийцсэн, эсэх, агуулга, үзэл баримтлал байтугай наад захын шаардлага болох үг, үсэг, утга найруулга, бүтэц, хэлбэр, дэс дарааллаас авахуулаад авах юмгүй байгаа талаар УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд туршлагатай парламентчид толгой сэгсрэх нь энгийн үзэгдэл болсон.

Цаашлаад тухайн хууль батлагдсанаар гарах санхүү, төсвийн үр нөлөөг урьдчилан тооцоолж, үр дагаврыг нь үнэлээгүйгээс нэгэнт батлагдсан хуульд хэрэгжихээс нь өмнө нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг хүчингүй болгох тохиолдол ч гарч байгаа. Хууль боловсруулж буй өнөөгийн ханш гарах үр дүнтэйгээ хэр нийцэж байна даа?


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)