Хууль биелүүлдэггүй хууль тогтоогчид

УИХ-ын чуулганыг өнөөдөр хаах нь. Гарцаагүй хэлэлцэх ёстой асуудлуудаа ч дуусгалгүй, гэнэт түр завсарлуулсан хамгийн сүүлчийн чуулган ийнхүү бүрмөсөн өндөрлөх аж. Энэ өдөр хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй Эрүүгийн байцаан шийтгэх, Прокурорын байгууллагын болон Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг сонсоод л хаахаар төлөвлөжээ. Ингэснээр эдгээр хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Харин хугацаа заан хэлэлцэх, хаврын ээлжит чуулганаар батлах ёстой хэд хэдэн асуудлыг хэдийнэ орхигдуулаад байна. Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл болон өнгөрөгч оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын ээлжит чуулганаар, Нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Энэ нь ирэх оны төсвийн төсөл боловсруулах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг бөгөөд ирэх сарын 1-нээс анхан шатны байгууллагаасаа эхлэн 2017 оны төсвийг “зурж” эхлэх учиртай.

Харамсалтай нь өнгөрсөн сарын 24 буюу УИХ-ын дарга чуулганыг түр завсарлуулах тухай захирамж гаргах үед дээрх төслүүд дөнгөж хэлэлцэх, эсэх болон анхны хэлэлцүүлгийн шатанд байлаа. Түр завсарлага дууссанаас хойш ч тэдгээрийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй төдийгүй Засгийн газар өнөө хүртэл 2015 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн бариагүй байгаа талаар Төсвийн байнгын хорооны дарга хэлнэ лээ. Сонгуулийн өмнөх жилийн төсвийн тайлан гэдэг утгаар нь харвал харин ч нэлээд ул суурьтай хэлэлцэх байсан санагдана.

Ер нь энэ удаагийн парламентад энэчлэн хэлэлцэх хугацааг нь хуулиар тусгайлан зааж өгсөн асуудлуудад “хамгийн хойрго” хандсан гэсэн “өргөмжлөл” хүртээвэл буруудахгүй болов уу. Энэ сарын 17-нд болсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан бол үүний ойрын бөгөөд тод жишээ юм. Тус хуралдаанаар хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг хоёрдугаар сарын 15-нд буюу бүтэн дөрвөн сарын өмнө дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж, 03 дугаартай дүгнэлт гаргасан байдаг.

Уг дүгнэлтийг ч тун адармаатай гаргасныг эргэн сануулъя. УИХ, Цэц хоёрын зөрчлийн дээд илрэл болсон эдгээр хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцсэн тус хуралдаанд парламент итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй юм. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй анхны тохиолдол болсныг тухайн үед онцолж байв. Итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ огт хэлэлцэлгүй, гурван сарын турш нүдэн балай, чихэн дүлий явсан тул Цэц ийнхүү дунд суудлын хуралдааны шийдвэрээ их суудлаараа шууд оруулж, эцсийн цэгийг хатгасан нь энэ.

Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авснаас хойш 15, УИХ-ын чуулган завсарласан буюу тэр нь онц болон дайны байдал зарласнаас бусад асуудлаар гарсан бол дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Мөн Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах нь УИХ-ын даргын захирамжаар албажуулдаг, асар хариуцлагатай ажил юм.

Асуудал үүгээр дуусахгүй. АТГ-ын даргыг томилох “хугацааны лимит” хэдийнэ хэтэрчихсэн, хууль зөрчигдчихсөн яваа. АТГ-ын дарга Н.Ганболдыг УИХ энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлж, оронд нь Х.Энхжаргалыг томилуулах саналаа Ерөнхийлөгч тавдугаар сарын 4-нд хүргүүлсэн. Үүнээс хойш даруй 55 хоног өнгөрчихөж. Уг нь УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Харамсалтай нь уг асуудлыг Байнгын хороогоор ч хэлэлцээгүй байна.

Энэ тухайд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Манай Байнгын хороо АТГ-ын даргыг томилох саналыг хэлэлцэх шийдвэрээ гаргасан ч АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан ч АН-ын бүлэг хуралдаагүй байна. АН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ гаргаад, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын даргаас чиг ирэх байлгүй дээ. Тэр цагт Хууль зүйн байнгын хороо хуралдах боломжтой” гэснээс өөрөөр хэн ч, ямар ч тайлбар хийлгүй өнөөдрийг хүргэлээ, нэгэн парламентын бүрэн эрхийн хугацаа дууслаа.

Албан тушаалтныг томилох, чөлөөлөхөд ихэвчлэн хуулийн хугацаа заасан байдаг. Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайдыг томилоход ч хуулийн хугацааг үл тоосон. Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь С.Ламбааг томилсон УИХ-ын шийдвэр сарын өмнө гарсан ч тус салбар эзэнгүйдээд найман сарын нүүр үзэж байж сая нэг юм сайдтай болсон нь тэр. Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан сайдынхаа өргөдлийг хүлээн авч, үүрэг гүйцэтгэгч томилчихоод, орных нь хүний нэрийг УИХ-д оруулалгүй хагас жил илүү хэнэггүйтсэн хэрэг. Хэдийгээр сайн дураараа ажлаа өгөх гэж байгаа сайдын хүсэлтийг хүлээн авснаас хойш төд хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн хуулийн заалт үгүй ч тус салбарыг эзэнтэй байлгах нь аминд тулсан, цаг хугацаатай шууд хамааралтай ажил юм.

Ийнхүү хугацаа зааж хэлэлцэхээр хуульчилсан цөөнгүй асуудалд энэ парламент хойрго хандаж ирлээ. Хугацаанд нь батлах гэж хүмүүс амарч байх цагаар, шөнө дөлөөр хууль баталлаа гэж шүүмжлүүлээд ч болов хуулиа мөрдөх ёстой байсан бус уу. Хууль тогтоогчид арай “Буцах эхнэрт үнээ, тугал нийлэх хамаагүй” гэж бодоогүй байлтай. Энэ удаагийн парламентын ажил ингээд дуусаж болох ч тэдний үйлдэл дараагийн УИХ-д муу жишиг тогтоож байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Хуулиар “айлгаж”, хугацаа заасан асуудалд ийн хойрго хандаж байгаа юм чинь бусдад нь ямар салан назгай загнасан бол гэх бодол төрж байна. Өнөөдөр УИХ-ын дарга энэ удаагийн парламентын хамгийн сүүлчийн чуулганыг хааж, дүгнэж, юу хийснээ тайлагнаж ямар үг хэлэх бол гэдэг нь сонирхолтой байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)