“Хууль батлах босгыг өндөрсгөлөө”

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнгөрсөн пүрэв гарагт эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Гавьяат хуульч Н.Лувсанжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, доктор А.Бямбажаргал, улс төр судлаач О.Машбат, АИХ-ын депутат асан Д.Ламжав нар хэвлэлийн бага хурал хийв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, эцэслэн баталсныг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд дурдав.

Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтыг нь өөрчилжээ. Тухайлбал, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүйд ард түмэндээ хүртээх, өвлүүлж үлдээх томоохон зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсныг тэрбээр онцоллоо.

Тодруулбал, эл хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зарчмын шинжтэй заалт оруулсан.

Улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй бол нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулжээ. Тодруулбал, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулах тухай заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар тусгайлан зохицуулж өгсөн байна. Намын санхүүжилт ил тод байх, үйл ажиллагаа нь үндсэн чиглэл, үзэл баримтлалтайгаа нийцсэн байхаар тусгасан бөгөөд үүнд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах гэнэ. Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Үндсэн хуулиар хориглов.

Мөн хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна хэмээн зааж өгснөөр ямар ч улс төрийн хүчин сонгогдсон ч үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлснийг албаныхан онцоллоо. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно, ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж болохгүйг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байна.

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоохоор зохицуулжээ. Түүнчлэн УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 75 болгож нэмэгдүүлсэн, чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанд гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах болжээ.

Мөн УИХ-ын гишүүдийг хариуцлагатай, хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байхтай холбоотой чухал заалтуудыг Үндсэн хуульд тусгасан гэв.

Түүнчлэн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байхаар хязгаарлалт тогтоож, УИХ-аас томилогдсон Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлэн, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсныг байнгын хорооны дарга онцоллоо.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, ажлын дэд хэсгийн гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юү”, “Иргэн Цэцэд мэдээлэл гаргах эрхтэй юү” гэсэн асуултуудад хуульч О.Мөнхсайхан “Үндсэн хууль болон бусад хуульд хориг тавих бүрэн эрх Ерөнхийлөгчид бий. Хэрвээ энэ удаагийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч хориг тавивал 1999 болон 2010 оных шиг аль хууль зүйн үндэслэлтэй заалтаар болон одоогийн Үндсэн хуульд тусгасан заалтуудыг харгалзан асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа.

Цэцэд гомдол, өргөдөл гаргах, эсэх тухай заалтыг өөрчлөөгүй учраас ямар нэг асуудал гарахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах журам Үндсэн хуулийн адил хүчинтэй” гэж хариулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хуралдаанд гишүүдийн олонх нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. “Олонх гэдэг нь хэдэн хувь бэ” гэсэн асуултад хуульч Н.Лувсанжав “Нийт гишүүний олонх гэдэг нь 39-өөс доошгүй гишүүний саналаар тухайн төслийг дэмжинэ гэсэн үг. Энэ нь аливаа хуулийг батлах босгыг өндөрсгөж байгаа хэрэг. Ард түмний амьдралд нөлөөлөхүйц хуулийг батлах, эсэхийг хэдхэн хүн шийдвэрлэдэг буруу тогтолцоог ингэж засаж байгаа юм” гэсэн тайлбар өглөө.

“Давхар дээл” болон Ерөнхийлөгчтэй холбоотой заалтууд 2020 оноос сонгогдох нэр дэвшигчид үйлчилнэ гэдгийг байнгын хорооны дарга С.Бямбацогт нэмж тодотгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)