Хуулийн хэрэгжилт 88 хувьтай байна гэв

УИХ-ын гишүүд Банкны тухай шинэ хууль батлаад даруй найман сар улирчээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс бүрэн хэрэгжиж эхэлсэн энэхүү хуулийн 38 дугаар зүйлд банк нь санхүүгийн тайлан болоод бусад мэдээллээ нийтэд ил тод байлгах тухай заалт байдаг аж.

Үүний хэрэгжилтийг Монголбанкны Хяналт шалгалтын газраас шалгасан тухайгаа өчигдөр хэвлэлийн хурал хийж мэдээллээ. Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн хэрэгжилт 88 хувьтай байгааг хурал зохион байгуулагчид хэлэв.

Өөрөөр хэлбэл, мэдээлийг нээлттэй болгох үүргээ банкууд богино хугацаанд хангалттай хэрэгжүүлж ажилласан гэж Төвбанкны мэргэжилтнүүд үзэж буй аж. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг нийт 14 банкийг шалгахад энэ сарын 1-ний байдлаар зарим банк өөрийн холбогдох этгээдэд олгосон зээлийн тухай мэдээллээ нээлттэй болгоогүй байна.

Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй банкуудад захиргааны хариуцлага тооцож, хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50-150 дахин нугалж торгох мөн түр хугацааны үүрэг өгөх зэрэг арга хэмжээг авчээ.

 

Х.ОДОНЧИМЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)