Хуулийн байгууллагууд нэгдэж, төрд хохирол учруулсан албан хаагчдыг шахна

Хэн нэг улстөрч, авлигачдын төрд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргагүй. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж буй Төрийн албаны тухай хуулиар зарим асуудлыг хазаарлах боломж нээгдсэн. Эл хуулийн 50.1, 50.2-т зааснаар төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар Хан-Уул, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн албаны зөвлөлийнхөн нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд 2016 оны нөхөн сонгуулийн дараа тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан нарын найман хүнийг ажлаас нь халсан аж. Тэд шүүхэд хандаж, дээрх тушаал хууль бус гэдгийг тогтоолгожээ. Гэвч Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас тэднийг ажилд аваагүй хэвээр байна. Энэ хугацаанд дээрх найман албан хаагчийн нэг нь ажилгүй байсан хугацааны цалин 700 000 төгрөгийг улсын төсвөөс авсан гэнэ. Төрийн албаны зөвлөл буруутай албан хаагчаас эл мөнгийг нэхэмжилж буй. Өчигдөр эл хэргийг хэлэлцэх байсан ч даргалагч шүүгч Т.Ганчимэг эмнэлэгт хэвтсэн шалтгаанаар хурлыг хойшлууллаа. Энэ шүүх хурлыг өмнө нь нэг удаа хойшлуулж байжээ.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Батсайхан энэ талаар “Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд найман ажилтнаа нэг дор халсан зөрчил гаргасан. Албан хаагчид шүүхэд гомдол гаргаж, буцаад ажилд нь томилох шийдвэр гаргуулсан ч томилоогүй байна. Төрийн албаны зөвлөлөөс тус дүүргийн ЗДТГ-т хандаж “Хуулиа дээдэлж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана уу” хэмээн анхааруулсан. Гэвч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан” хэмээн өгүүлэв.

Ирэх баасан гарагт бас нэгэн хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх нь. Эл хэргийг шүүх хурлыг өмнө нь гурван удаа хойшлуулж байсан. Хамгийн сүүлд энэ сарын 1-нд хэргийг хэлэлцсэн аж. Улмаар шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг бодитоор үнэлэх боломжгүй гэх шалтгаанаар хурлыг хойшлуулжээ. Харин Төрийн албаны зөвлөлөөс “Хуулбар нь үнэн гэх материал нотлох баримт мөн” хэмээн дараагийн шатны шүүхэд гомдол гаргасныг хүлээн авч, ийнхүү хэлэлцэхээр болсон гэнэ.

2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа захирамж, ЗДТГ-ын дарга Н.Энхболд тушаал гаргаж, нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлжээ. Захирамж, тушаалыг хуульд нийцэхгүй гэж үзсэн тус дүүргийн Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Алтансувд, Дотоод аудитын албаны дарга Д.Ганзориг нар шүүхэд хандсан байна. Гурван шатны шүүхээс тэднийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Дотоод аудитын албаны дарга асан Д.Ганзориг “Надаас гадна олон хүнийг ажлаас нь халсан. Тэднээс таван хүн шүүхэд хандаж, ажилдаа эргэж орохоор болсон юм. Би ажилгүй байсан хугацааны цалин гэж 2018 онд найман сая төгрөг авсан. Үүнээс хойших хугацааны цалин 17 сая төгрөг олгох шүүхийн шийдвэр гарсан ч одоо болтол өгөөгүй. 2019 оны гуравдугаар сараас хойших цалин болох 10 сая төгрөгөө нэмж нэхэмжилнэ” гэв.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга асан Б.Ганбаатар ажилгүй байсан хугацааны цалин 8.9 сая төгрөг авсан бол Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга асан Ц.Алтансувд 23 сая төгрөг авсан гэх. Энэ мэтээр төрд хохирол учруулж, давхар цалин олгосоор байтал Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа албан хаагчдаа ажилд нь эргүүлэн томилохгүй гүрийсээр. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийн нэг жишээ энэ.

Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газар он гарсаар энэ төрлийн 600 орчим гомдол хүлээн авч, нягталсан байна.

Түүнчлэн АТГ-аас орон нутагт ажиллахдаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Орон нутгийн удирдлага хууль бус шийдвэр гаргаж, албан хаагчдыг халж, солих нь элбэг. Ажилгүй байх хугацааных нь цалинг бас л төрөөс гаргана. Энэ нь улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэдэг. Жишээ нь, Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргасан төрийн албан хаагчдыг хуучин ажилд нь эргүүлэн томилох 12 шийдвэрийг нэг жилд гаргажээ. Үүнээс гадна Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн шүүх дээрхтэй адил 18 хэргийг хэлэлцсэн байна. Тэдний цалинг нөхөн олгоход улсын төсвөөс 96.9 сая төгрөг гаргажээ. Мөн Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016-2017 онд ажилд нь эргэн томилсон нөхөн олговорт 27.9, бүтцийн өөрчлөлтөөр ажлаас нь чөлөөлсөн тэтгэмжид 76.2 сая төгрөгийг улсын төсвөөс олгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд гуравхан сумд албан тушаалтны буруутай тушаал, захирамжаас үүдэн ийм хэмжээний хохирол учирчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зардал туссан байдаг. Тодруулбал, шүүхийн шийдвэр гарсан л бол ажилгүй байх хугацааны цалинг улсын төсвөөс олгох хуультай. Хуульд нийцээгүй тушаал шийдвэр гаргасан албан тушаалтны буруутай үйлдлээс болж, нийтийн албан хаагчийн ажиллаагүй хугацааны цалинг эхний ээлжид төрөөс гаргана гэсэн үг.

Хуулийг хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд Төрийн албаны зөвлөлийнхөн Аудитын ерөнхий газраас дэмжлэг хүсжээ. Улмаар хэдэнтээ уулзаж, хийх ажлаа тодорхойлсон байна. Дээрээс нь Авлигатай тэмцэх газрынхантай ч хамтрахаар болж.

Хууль бус тушаалыг ихэвчлэн төрийн өндөр, дээд албан тушаалтан гаргадаг. Мөн улс төр орсон учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл учирдгийг ШШГЕГ-ын эх сурвалж онцолж байсан.

Энэ онд Төрийн албаны зөвлөл, шүүхийн гаргасан шийдвэрийг үндэслэн цөөн хэдэн хүн ажилдаа эргэн оржээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын Тамгын газрын болон БСШУСЯ-ны Хуулийн хэлтсийн дарга, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хоёр мэргэжилтнийг ажилд нь буцаан томилсон аж. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлөөс авсан мэдээллээр энэ оны эхний гурван улиралд төрийн албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсан гэх 417 шийдвэрийг Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд гаргасан бол Захиргааний хэргийн анхан шатны шүүх дээрхтэй адил шийдвэр 128-ыг баталжээ. Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний комисст өчигдөр Баянхонгор аймгийн иргэн хандан, ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэх өргөдөл ирүүлсэн байна. Тус газраас өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлсэн гэнэ. Ер нь ХЭҮК-т ирүүлсэн өргөдлийн багагүй хэсгийг хөдөлмөрийн маргаан, ажлаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн гэх гомдол эзэлдэг аж.

Төрийн өндөр, дээд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд УЕПГ чухал үүрэгтэй. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс УЕПГ-тай хамтарч ажиллахаар төлөвлөгөө гаргасан гэнэ. Төлөвлөгөөг 2020 оноос эрчимжүүлэн ажиллах юм байна.

Ш.ОДОНСҮРЭН: ТӨРД ХОХИРОЛ УЧРУУЛСАН 21 ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Одонсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Прокурорын байгууллага төрд учирсан хохирлыг барагдуулахад ямар үүрэгтэй оролцдог вэ?

-Төрийн байгууллага нь төсвийнх тул мэргэжлийн өмгөөлөгч авахад хүндрэлтэй. Түүнчлэн байгууллагыг төлөөлдөг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн хуульчтай мэтгэлцэж чаддаггүйгээс ихэнхдээ шүүх хуралдаанд ялагддаг. Улмаар төрд ашиггүй шийдвэр гардгаас үүдэлтэйгээр төрийн эрх ашгийг төлөөлөх мэргэжлийн хуульч нь прокурор тул төрийн эрх ашгийг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хуулийн зохицуулалтыг 2002 онд хийсэн. Прокурорын байгууллага төрийн байгууллагуудтай хамтран, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцдог. Үүний нэг жишээ нь Төрийн албаны зөвлөл, Захиргааны байгууллагын дотоод аудитын нэгжүүдтэй хамтран ажиллаж буй явдал. Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан, чөлөөлснийг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоон, халагдсан албан тушаалтанд олгосон цалин, нөхөн олговрыг хууль бус шийдвэр гаргасан буруутай даргаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Төрийн албаны зөвлөлийн хүсэлтээр прокурор төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа.

-Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хэчнээн хэрэг шийдвэрлэв?

-Хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр 21 хэрэг дээр ажиллаж байна. Одоогоор хоёр нэхэмжлэлийг шүүхэд гарган иргэний хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

-Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд бэрхшээл гардаг уу?

-Хууль, эрх зүйн зохицуулалтаас хамаарч, прокурор нэхэмжлэл гаргахад зарим хүндрэл учирдаг. Тухайлбал, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж, тухайн хохирол төлөгдөөгүй асуудлыг судалж, шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлт байхгүй, эсхүл хохирол учирсан байгууллага өөрсдөө нэхэмжлэл гаргаагүй бол прокурорын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Тухайн төрийн байгууллага хүсэлт гаргаагүй тохиолдолд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх нь тодорхойгүй гэсэн үг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, удирдах албан тушаалтан төрд учирсан хохирлыг арилгуулахаар санаачилгатай ажиллах, үүрэг хариуцлагыг нь дээшлүүлэх шаардлагатай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)