Хуулийн байгууллагад гаргасан гомдлоо цахимаар хянах боломжтой

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцох нэгдсэн сан байгуулсан билээ. УЕПГ-ынхан уг мэдээллийн нэгдсэн санг түшиглэн иргэдэд зориулсан e-justice.mn цахим хуудас ашиглалтад оруулжээ. Тодруулбал, тус газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаныхан хуулийн байгууллагад гаргасан гомдлоо иргэд өөрсдөө хянах боломж бүрдүүлсэн гэнэ. Үүнээс гадна хэрэгт холбогдсон этгээд ч хэргийг шалгах явц, шийдвэрлэлтийн мэдээллийн өөрт хамааралтай хэсгийг интернэт ашиглан дурын газраас авах боломж бүрдүүлсэн аж. Энэ e-justice.mn системд 2017 оноос хойших эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна. Иргэд системд хандахдаа төрийн үйлчилгээний ДАН нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээрх гар утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч холбогдох юм. Улмаар хэргийг нь хэн мөрдөж, ямар прокурор хянаж, аль шүүх рүү шилжүүлсэн зэрэг бүх мэдээллийг авч болох нь.