Хуулиа яаралтай өөрчилж, бөхөө маргаангүй болгоё

Түмний наадмын түрүү бөхчүүд

Энэ жилийн наадам үзэгчгүй ч гэсэн сайхан болсон. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойн их наадамд 1024 бөх барилдуулахыг бөхчүүд, наадамчид хүсэж байгаа нь лавтай. Түүхэн ойн жилээр дээрх тооны бөх барилдуулах болбол цол олгох, бөхийн эрэмбийн талаар үзэл бодлоо илэрхийлье.

Наадмын есийн даваа нь арслангийн даваа тул 512 бөхийн барилдаанд түрүүлбэл эл цолыг олгодог. Манай үндэсний бөхөд аварга цолыг улсын баяр наадамд түрүүлсэн бөхөд олгодог. Иймд аварга цолтон нэгдүгээрт, улсын наадамд түрүүлсэн, хоёрт, наадамд ес давж, арсланцолоос дээш амжилт гаргасан байх шалгууртай. Үүний дагуу 512 бөхтөй наадамд хоёр дахь удаагаа түрүүлж арслан цолны амжилтаа ахиулж байж аварга болдог. Тэгвэл 1024 бөх барилдахад 10 даван түрүүлж, байгаа бөх аварга цолны шалгуур болох улсад түрүүлсэн, арслан цолтны амжилтыг ахиулсан байх хоёр болзлыг нэг дор биелүүлж байгаа юм. Гэтэл 2001 онд А.Сүхбатын 10 давсан амжилтыг үнэлэхгүй хохироож байснаас гадна 2006 онд Д.Сумъяабазарт энэ цолыг наадамчин олны шаардлагаар олгож, сүүлд нь хуульд өөрчлөлт оруулсан түүх бий. Наадамд ес, 10 давж түрүүлэхийн ялгаа нь хоёр юм уу, гурван залуу бөх буюу цэрэгтэй барилдах уу л гэдэгт байгаа юм. Иймд 512 бөх барилдсан үед ес давж түрүүлэх, 1024 бөх барилдах үед 10 даван түрүүлэхийн хооронд чанарын ямар ч ялгаагүй гэж өдөр тутмын нэг сонинд бичсэн байсан. Тэр материалд ес, 10 давж түрүүлсэн бөхийн барилдаан гэдэг бол нэгэн цогц зүйл учраас эхний хоёр, гурвын давааг санаагаараа салган авч үзэж болохгүй. Тэгээд 10 давж түрүүлсэн Ч.Санжаадамба, С.Мөнхбат нараас хоёр удаа ес давж түрүүлсэн Н.Батсуурь аварга илүү чансаатай, 2014, 2018 онд нийлбэрээр 18 давсан Н.Батсуурь аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба аварга нарын дээр эрэмбэлэгдэх нь шударга ёсонд нийцэхээр байна гэжээ. Эндээс хүссэн ч, эс хүссэн ч 1024 бөх барилдсан наадмаар цол хүртсэн бөхчүүд нь 512 бөх барилдсан наадмын цолтнуудаас чансааны хувьд сул гэсэн логик өөрийн эрхгүй гарч байгаа бөгөөд энэ үзэл баримтлал маш буруу, 1024 бөх барилдах болсон нь бөхчүүдээс үл хамаарах асуудал бөгөөд цол хүртэгсдийн буруу биш тул тэднийг эмзэглүүлэх, хагаралдуулах, талцуулах аюултай. Түүнээс гадна нэг удаа 10 давж түрүүлэхээс хоёр удаа ес давах нь хэцүү гээд байгаа бөхчүүд амар хялбараар нь нэг удаа 10 даван түрүүлж, аварга болох боломж өөрт нь бүрэн байсныг санахад илүүдэхгүй байх.

Бөхчүүдийг амжилтаар нь яагаад эрэмбэлэх болсон талаар бяцхан түүх ярья. Монгол бөх дэлхийн бусад улс түмний барилдаанаас өөр, бөхчүүдэд цол олгодог. Том цолтой нь ам авч барилддаг өвөрмөц онцлогтой. Иймд барилдаанд маш их нөлөөтөй ам авах эрх гэдэг бол монгол бөхийн хувьд амин сүнс нь. ХХ зуун дуусаж, ХХI зууны эх хүртэл монгол бөхийн ам авах эрх, эрэмбэ нь хоёр үндсэн зарчим, шалгуураар тогтоогддог байжээ. Тэр нь нэгдүгээрт, тодорхой амжилтуудыг үнэлж ам авах эрх. Өөрөөр хэлбэл, тав, долоо, есийн давааны босго давж начин, заан, арслан цол хүртэн ам авах эрх нь тодорхойлогддог. Хоёрдугаарт, ижил цолтой боловч өөр өөр амжилттай бөхчүүдийн хувьд тэр амжилтыг огт харгалзалгүй зөвхөн цаг хугацааны хүчин зүйл буюу цол хүртсэн оноороо эрэмбэлэгддэг. Иймд ам авах эрх, эрэмбэ гэдэг нэг зүйл маань хоёр өөр шалгуураар тогтоогдож байгааг нэг болгож, хэн хөлс хүчээ шавхан өндөр амжилт гаргана тэр бөхийн ам авах эрх, эрэмбэ дээшилнэ гэсэн туйлын шударга зарчмыг бөхийн дүрэмд оруулах нь чухал байлаа. Харин амжилт нь ижилхэн тохиолдолд түрүүлж цол хүртсэн нь ам авдаг тэр хүндэтгэлийн тогтолцоо уламжлал хэвээр мөрдөгдөх нь зүйтэй байв. Манай үндэсний бөхийн цол олгох систем нь гажигтай, ойлгомжгүй. Ямар ч хүн, тэр байтугай бага насны хүүхэд ч гэсэн арифметикийн хувьдтав, зургаа (тав давсан начин, зургаа давсан начин) гэдэг тооны аль нь их, нэг, хоёр (нэг удаа долоо давах, хоёр удаа долоо давж цолоо батлах) гэсэн цифрийн их, багыг хэлж чадна. Гэтэл тооны энгийн логик манай бөхийн дүрмийн хувьд алдагдаж тав давсан начин, зургаа давсан начин цолтноо түрүүлж цол хүртсэн оноороо, нэг удаа долоо давсан заан хоёр удаа долоо давсан заанаас түрүүлж ам авдаг тогтолцоотой байлаа. Энэ нь шударга бус тогтолцоо байсан нь 1996 онд долоо давсан, 1998, 1999 онд дараалан найм давж үзүүрлэсэн зааныг 1994 онд нэг удаа долоо давсан бөх, заан болсон оноороо эрэмбэлж, өмнө нь ам авдаг байсан жишээгээр ойлгогдоно.

Үүнийг бичигч 1999 оны арваннэгдүгээр сард өөрөөр хэлбэл, XX зуунд үндэсний бөхийн дүрмийн тогтолцооны алдаа мадгийг засах, бөхчүүдийг амжилтаар нь үнэлж эрэмбэлэх ёстой гэсэн үзэл баримтлалаар хийсэн дүрмийн төслөө МҮБХ-ны удирдлага, бөхийн бүх цолтны төлөөлөлд үзүүлж, “Бөх” сонины 2000 оны ¹ 04, “Цэнхэр гариг” сонины 2001 оны ¹ 08, 09 дүгээрт хэвлүүлсэн. Уг дүрмийн өөрчлөлтийн төсөлдөө дархан аварга цолтон бол монгол бөхийн ноён оргил бөгөөд аварга бөх улсад дөрвөн удаа түрүүлбэл дархан аварга болж аварга цолыг эцэст хүртэл баталж байгаа тул “дархлагдаж” түүнээс хойш дархан аварга болсон бөх дөрвөөс дээш хэдэн ч удаа түрүүлсэн өмнөх дархан аварга өөрөөс нь түрүүлж цолоо дархалсан тул хүндэтгэж эрэмбэд өөрчлөлт орохгүй гэсэн санаа дэвшүүлж байлаа. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл 2001 оны дөрөвдүгээр сард хуралдаж, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх, зургаа, наймын даваанд цол олгох, дөрвийн давааг оноолтоор барилдуулах шийдвэр гаргаж улмаар 2003 онд Үндэсний баяр наадмын тухай хууль баталж, барилдааны дүрэмд дээрх өөрчлөлт тусгалаа олж, барилдаан улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байгаа билээ. Бөх хүний урсгасан хөлс бүрийг үнэлдэг энэ эрэмбийн өөрчлөлтийн үр шимийг хамгийн их хүртсэн нь аварга цолтнууд. Өнгөрсөн 2019 оны наадмаар Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат нарыг эрэмбэлэхэд эхний гурав нь бүгд найм давсан тул амжилт тэнцээд, Ч.Санжаадамба гурван удаа долоо давснаараа эхэнд нь, Г.Эрхэмбаяр нэг удаа долоо давснаараа хоёрт, Н.Батсуурь долоо даваагүй тул гуравт, С.Мөнхбат найм даваагүй тул дөрөвт эрэмбэлэгдэж байсан нь хаанаас ч харсан шударга болно. Хэрэв амжилтаар нь эрэмбэлэх шударга өөрчлөлтийг оруулаагүй бол эхний гурван аваргын хэн нь ч түрүүлж даян аварга болдоггүй л юм бол хэдэн ч удаа найм, долоо давсан ч амжилт нь үнэлэгдэхгүй тогтмол С.Мөнхбатын дараа эрэмбэлэгдэх бөгөөд 2018 онд аварга болсон Н.Батсуурь 2019 оны наадамд С.Мөнхбат аваргыг амлах биш Э.Оюунболд, Ц.Содномдорж арслантай тунах байлаа. Харин хоёр удаа ес давж түрүүлсэн аварга, нэг удаа 10 давсан аварга хоёрын аль нь чанартай вэ гэх маргаанаас гарах гарц бол жил бүр наадамд 1024 бөх барилдуулах гэж бодогдож байна.

512 болон 1024 бөх сөөлжин барилдах үед үндэсний баяр наадмын цол олгохтой холбоотойгоор ард иргэдийн дунд бол хуулийн цоорхой гэдэг, хуульчид бол эрх зүйн хийдэл гэдэг зүйл байгаа тул 2021 оноос өмнө амжиж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Эрх зүйн хийдлийг тодруулахын тулд 2021 онд 100 жилээр 1024 бөхөөс арслан Ц.Содномдорж, арслан Р.Пүрэвдагва нар ес даван үзүүр, түрүүнд хүрчээ гэж бодож жишээ үзүүлье. Энэ хоёр бөхийн есийн давааг үнэлж ямар цол олгох вэ.

Үндэсний баяр наадмын тухай хуульд аварга цол олгохыг хэрхэн тусгасныг харуулъя.

7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан

7.1. Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд доор дурдсан цол олгоно:

7.1.5. ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;

7.1.6. улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;

7.1.7. улсын аварга түрүүлсэн бол улсын далай аварга;

(Энэ заалтыг 2014 оны зургадугаар сарын 13-нд хүчингүй болсонд тооцсон)

7.1.8. улсын далай аварга түрүүлсэн бол улсын даян аварга;

(Энэ заалтад 2014 оны зургадугаар сарын 13-нд өөрчлөлт оруулсан)

7.1.9. улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга

7.2. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх ес давсан бол үзүүр, түрүүний барилдааны өмнө түүнд улсын арслан цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно.

1024 бөх барилдахтай холбоотой ганц зохицуулалт болох 7.2 нь зөвхөн арслангаас доош цолтой бөхөд зориулагдсан байна. Арслан цолтой бөх ес даван үзүүрт хүрвэл ямар цол олгох нь тодорхойгүй байна. АНУ-д эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ өмнө шийдвэрлэсэн хэргийг харьцуулж жишиг маягаар шийддэг зарчим байдаг. Хуулийн 7.1.6-д арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга цол олгоно гэж заасан боловч манайд өмнө нь 1991 онд 512 бөхөөс улсад түрүүлсэн О.Балжинням арслан 1994 онд 768 бөхөөс ес даван үзүүрлэхэд сүүлд нь аварга цол олгосон жишиг байдаг. Энэ жишгийн дагуу 2017 онд 512 бөхөөс түрүүлсэн арслан Ц.Содномдоржид аварга цол олгоё гэж бодъё. Харин Р.Пүрэвдагва арсланд ямар цол олгох вэ. Р.Пүрэвдагва 2016 онд 1024 бөхөөс ес даван үзүүрлэж, арслан цол хүртсэн улсын наадамд түрүүлж үзээгүй арслан. Улсад түрүүлээгүй бөхөд аварга цол олгодоггүй бичигдээгүй хууль байдаг. Тэгэхээр аварга цол олгож болохгүй нь. Гэхдээ бөхийн дүрэмд амжилтаар нь эрэмбэлж амлах эрх дээшилдэг зарчим байгаа. Үүний дагуу хоёр удаа ес давсан арслан маань бүх арслан цолтны дээр гарч, ам авах эрэмбэ нь аваргуудын дараа очиж, гаргасан амжилт нь үнэлэгдэж хохирохгүй байх талтай. Ц.Содномдорж аварга цолоо хүртсэн учир түрүүлбэл даян аварга болно. Харин Р.Пүрэвдагва түрүүлбэл аварга болж нэг удаа 10, нэг удаа ес давсан амжилтаараа бүх аварга цолтнуудын магнайд даян аваргын дараа ам авах эрхтэй болно гэсэн гаргалгаа байна.

Иймд хуульд 512, 1024 бөх сөөлжин барилдаж байгаа үед дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах санал дэвшүүлж байна.

1. Улсын баяр наадамд түрүүлээгүй бөхөд аварга цол олгохгүй. 1024 бөх барилдах үед арслангаас дээш цолтой бөх үзүүрлэсэн, түрүүлсэн тохиолдолд ямар цол олгохыг тов тодорхой зааж өгөх хэрэгтэй.

2. Улсад түрүүлээгүй арслан цолтой бөх ес давбал цол олгохгүй чимэг олгоно.

3. Улсад түрүүлээгүй арслан цолтой бөх 10 даван түрүүлбэл аварга цол олгоно.

4. Улсад түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал аварга цол олгоно

5. Аварга цол олгосны дараа 10 даван түрүүлбэл даян аварга цол олгоно.

6. Аварга цолтой бөх ес давбал даян аварга цол олгоно.

7. Даян аварга цол олгосны дараа 10 даван түрүүлбэл дархан аварга цол олгоно. Даян аварга бөх ес давбал дархан аварга цол олгоно.

МҮБХ “Их эе”-э яаралтай хуралдуулж, хуульд оруулах өөрчлөлтөө нэгтгэн 100 жилийн ойн баяр наадмаас өмнө УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах бодит шаардлага бий болжээ.

Бэлтгэсэн: Д.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)