Хуулиа шинэчлэхгүй л бол төр хохирсоор байна

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол хохирсон гэх үндэслэлээр прокурорын байгууллага улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 1012 удаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүх 712-ыг нь шийдвэрлэжээ. Үүнээс өөрсдөө шүүхэд хандаж 63 удаа нэхэмжлэл бичсэн байна. Шүүхээс прокурорын байгууллагын нэхэмжлэлийн 50 гаруй хувийг хангаж шийдсэн бол үлдсэнийг нь хүлээн авахаас татгалзжээ. Шалтгааныг доорх баримтад тулгуурлан тайлбарлавал илүү ойлгомжтой болов уу.

Шүүх ихэнхдээ прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй, эсхүл хохирогч төрийн байгууллагын хүсэлт байхгүй гэх шалтгаанаар төр хохирсон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг аж. Прокурорын байгууллага төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн нэг хэргийг жишээ болгон бичье. Уг хэргийн хариуцагч нь Архивын ерөнхий газрын дарга асан Д.Өлзийбаатар. Тэрбээр Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд байгууллагынхаа Үнэлгээний хорооны дарга М.Э, гишүүн Ц.Ч, Ө.Э, Б.О нараар тендерт шалгарсан мэтээр хурлын тэмдэглэл, зөвлөмж, худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдүүлсэн гэнэ. Улмаар охин, хүргэн нараасаа компьютер болон дагалдах хэрэгслийг 153 491 500 төгрөгөөр худалдаж авсан юм байна. Дээрх ханш нь зах зээлийн үнээс дээгүүр бөгөөд үнийн дүнгийн зөрүүнээс 49 551 500 төгрөгийг хувьдаа завшсан гэж АТГ-ынхан шалгажээ. Харин Д.Өлзийбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр өгсөн тайлбартаа “21 аймгийн архивын хэлтэст компьютер, техник хэрэгсэл авсан.

Архив, албан бичиг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Худалдан авсан тухайн компьютер, техник хэрэгслийн авсан үнэ, байгууллагад өгсөн орлогын баримт таарч буй. Өдгөө компьютер, техникүүдийн ажиллагаа хэвийн. Байгууллага болон төсөвт бодит хохирол учруулаагүй. Д.Өлзийбаатарын хуулийн мэдлэггүйг мөрдөн байцаагч далимдуулан өргөдлийг үгчлэн хэлж бичүүлэн, гарын үсэг зуруулсан” гэсэн байна. Прокуророос Д.Өлзийбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгожээ. Тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан байна.

Хохирлыг Архивын ерөнхий газар нэхэмжлээгүй тул прокурор хуульд заасан эрхийн дагуу завшсан хөрөнгийг улсын орлого болгохоор 2017 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна. Тодруулбал, Д.Өлзийбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Архивын ерөнхий газарт 49 551 500 төгрөгийн хохирол учирсан гэж үзээд энэ мөнгийг гаргуулж, улсын орлого болгуулахаар нэхэмжлэл бичсэн аж. Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Архивын ерөнхий газар нь улсын төсвөөс санхүүждэг тул төр хохирсон гэж үзнэ. Прокурорын байгууллага нь хуулийн дагуу төр, нийтийн зөрчигдсөн эрхийг өөрийн санаачилгаар хамгаалах эрхтэй тул улсад учруулсан хохирлыг буруутай этгээдээс шаардаж болно гэсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд “Прокурорын 2016 оны 151 дүгээр тогтоолд Д.Өлзийбаатар нь улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Тэрбээр гэм буруугийн талаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй” гэжээ. Харин Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлын үеэр эл хэргийн хувь заяа 180 градус эргэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дэх зүйл, заалтад нийцээгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов. Ингэхдээ төрийн байгууллагын хүсэлт байхгүйг дурдаад, энэ хүсэлттэй бол дахин шүүхэд хандаж болно гэсэн тогтоол гаргасан байдаг.

Прокурорын тухай хуулийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн заалтад нийцүүлэн прокурорын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Харин Дээд шүүх хэргийг эсрэгээр шийдсэнийг дээр дурдсан. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага хүсэлт гаргаагүй бол төрийг хохиролгүй болгохоор прокурор нэхэмжлэл бичих боломжгүй байх нь. Эндээс процессын хууль болон салбар хууль зөрчилдөж буйг харж болно. Үүнээс шалтгаалаад төрийг хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэг асуудал үүсэж байх шиг. Тиймээс ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан Ерөнхий сайдад хандаж санал хүргүүлжээ. Уг саналд “Төр, нийтийн ашиг сонирхлыг хохироосон бүх төрлийн хэрэгт хохирол төлүүлэх, энэ талаар төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах нь прокурорын байгууллагын үүрэг. Гэвч хуулийн зөрчил, хийдлээс гадна төрийн байгууллагуудын үйл ажиллагаа уялдаагүйгээс хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа хангалтгүй байна. Шүүхийн болон холбогдох төрийн байгууллагын статистик мэдээллээс үзвэл, төрийн байгууллагууд төрд учирсан бодит хохиролтой хэрэг, маргаан, зөрчлийг прокурорт мэдээлээгүйгээс хохирол төлөгдөхгүй байна. Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг төлүүлэх ажлын үр дүн тодорхой хэмжээгээр өсөж байгаа ч хохирол төлүүлэх ажил прокурорын санаачилгаар хязгаарлагдаж буй нь төрийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцохгүй байгаатай шууд холбоотой.

Түүнчлэн хууль хоорондын зөрчил, хийдэл нь прокурорын байгууллагаас дээрх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг. Тиймээс төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгуулахаар танд хандаж байна” гэжээ. Гэхдээ Засгийн газар дээрх саналд одоогоор хариу өгөөгүй байна. Түүнчлэн прокурорын байгууллага 2018-2019 оны зорилтдоо төр, нийтийн эрх ашиг хохирсон бол прокурор нэхэмжлэл бичиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд оролцох ажлыг эрчимжүүлэх, шүүхийн практик тогтоохоор тусгажээ. Энэ дагуу сүүлийн хоёр жил багагүй ажил хийсэн аж. Энэ ажлаа илүү үр дүнд хүргэхийн тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард УЕПГ-ын Шүүхэд төрийн төлөөлөх хэлтсийн харьяанд Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах алба байгуулсан. Улмаар орон нутаг, нийслэлийн прокурорын газруудыг удирдлагаар хангаж, төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлуудыг судалж, тайлагнадаг болжээ. Мөн хууль судалж, гаргалгаа хайж байна. Судалгаанд хамрагдсан шүүхийн шийдвэрүүдийн талаарх жишээ баримтыг Засгийн газарт хүргүүлсэн аж.

Үүнээс гадна МХЕГ-аас энэ онд хууль бус үйл ажиллагаа явуулж, төрийг хохироосон зарим байгууллагад 6.6 тэрбум төгрөгийн акт тавьсан ч энэ нь хуулийн хугацаанд төлөгдөөгүй байгаа гэнэ.

Төрийн албаны зөвлөлийнхөн ч зүгээр суугаагүй, 21 албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан шүүхийн шийдвэртэй, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байна. Тус байгууллага шүүхэд хандан, хэд хэдэн нэхэмжлэл бичиж, иргэний хэрэг үүсгүүлсэн ч эцэслэн шийдвэрлэсэн нь одоогоор алга. Зарим тохиолдолд хуулбар үнэн гэсэн материалыг нотлох баримт гэж үзэхгүй гэх шалтгаанаар шүүх байгууллага хурлыг хойшлуулсан тохиолдол ч гарчээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийнхөн “Шүүх төрийг хохиролгүй болгох сонирхолгүй байна” гэж шүүмжилсэн удаатай.

ХЗДХЯ-наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлын хэсэг томилжээ. Гэхдээ эл ажлын хэсэгт прокурорын төлөөлөл үгүй гэнэ. Тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг энэ талаар “Төрийн байгууллагуудад прокурорын дэмжлэг авахыг зөвлөж буй. Хуулийн төслийн ажлын хэсэгт прокурорын төлөөлөл мэдээж оролцуулж, санал авна” гэв.

Төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо муу байгаа талаар ерөнхий прокурор саналдаа дурдсан байсан. Мөн төрийн байгууллагад мэргэшсэн өмгөөлөгч байдаггүй. Гэхдээ бүх төрийн байгууллага хуулийн хэлтэстэй. Энд хэр дадлага туршлагатай эрхзүйч ажилладаг вэ. Тэд яагаад албан байгууллагаа хохирч байгааг мэддэггүй, энэ талаар судалгаа хийдэггүй юм бол. Тэд энэ ажлыг хийх эрх зүйн мэдлэг дутмаг юм болов уу, эсвэл мэдээлэхийг хүсдэггүй юү гэдэг нь ойлгомжгүй. Архивын ерөнхий газартай холбоотой мэдээлэлд эргэн анхаарлаа хандуулна уу. Прокурорын байгууллага шүүхэд хандаад хуулийн зөрүүтэй байдлын улмаас заргаа алдсан талаар өмнө нь дурдсан. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсны дараа буюу энэ онд тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард НПГ-аас, долдугаар сард УЕПГ-аас Архивын ерөнхий газарт хандаж “Төрийн байгууллага буюу Архивын ерөнхий газар нь хохирсон тухай хүсэлтээ өгөөч” хэмээн албан бичиг хүргүүлжээ. Архивын ерөнхий газраас хариу өгөөгүй тул арга ядахдаа прокурорууд өнгөрсөн сард ХЗДХЯ-нд хандсан байна. Салбарын яаманд нь хандсаны хүчинд Архивын ерөнхий газраас “Хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа, хэргийн материалтай танилцах боломж олгон, холбогдох материалыг хуулбарлаж өгнө үү” гэх утгатай албан бичгийг УЕПГ-т ирүүлсэн байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэргийн материалтай танилцаагүй, хүсэлтээ албан ёсоор гаргаагүй хэвээр.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн долдугаар сард прокурорын байгууллагаас төрийг хохиролгүй болгохоор Р.Ононд холбогдох хэрэгт иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж анхны ялалтаа байгуулж байсан. Хэргийг эргэн сануулахад, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Р.Ононд холбогдох хохирогчгүй эрүүгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл прокурор түүний 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг төрийн мэдэлд авах шийдвэрийг долдугаар сард шүүхээр гаргуулж чадсан юм. Харамсалтай нь, саяхан нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй гэж үзжээ. Ямар шалтгаанаар гэж үү. Шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу гурван шүүгч гарын үсгээ зуржээ. Гэхдээ шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч нь гарын үсэг зураагүйгээс прокуроруудын хүчин зүтгэл талаар болж, энэ хэргийг дахин шийдвэрлэхэд хүргээд байгаа аж. Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл аль алинд нь гарын үсэг зурж, баталгаажуулах ёстой аж. Ямартай ч прокурорын байгууллага өмнө нь хийснээ дахин давтаж анхан шатны шүүхээр төрийг хохиролгүй болгох нэхэмжлэлээ хоёр дахь удаагаа хэлэлцүүлэх болж байна.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол хохирсон хэрэгт прокурорын байгууллага оролцож, төрийг хохиролгүй болгоход энэ мэтээр бэрхшээл учирч буй. Дахин хэлэхэд, салбарын хууль тогтоомж нь процессын хуультай зөрчилдөж, уялдахгүй байгаа тул зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Эс бөгөөс дээрх баримт жишээнд дурдсаны адил төр хохирсон хэвээр үлдэх магадлал өндөр байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулж, мэдээлэл солилцож, тухайн байгууллагад учирсан хохирлыг арилгахыг удирдах албан тушаалтанд даалгаж, үүрэгжүүлсэн заалт бүхий тогтоол, дүрэм, журам гаргаж мөрдүүлэх шаардлагатай гэж үзэх хуульч ч байна.

Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашиг хохирсон 1000 гаруй хуралд оролцоход шүүх хэдийг нь хүлээн авч шийдэв, хэчнээн нь үр дүнд хүрэв гэдэгт хариу өгөхөөр холбогдох төрийн байгууллагуудыг зорьсон нь энэ билээ.

Ямартай ч УЕПГ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газраас төрийг хохиролгүй болгох талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтарч эхэлжээ. Гэхдээ тэдний ажлыг үр дүнд хүргэхийн тулд хууль санаачлагчдаас хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ямар шаардлага хэрэгцээ байгааг бас баримтаар дэлгэлээ. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг худлаа. Төр мөнхийн хохирогч байх албагүй. Төрийн мөнгө гэдэг ачир дээрээ та бидний татварын мөнгө. Тиймээс та, би, бид бүгдийн эрх ашгийг хамгаалахаар төрийг төлөөлөн сууж байгаа эрхэм түшээд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсье. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт барагтай л бол хохирогч байдаггүй гэх. Үнэн хэрэгтээ жинхэнэ хохирогч нь ард түмэн гэдэгтэй хэн ч маргахгүй.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)