Хуулиас дээгүүр гишгэсэн хувийн конторууд

- Барилгын компаниуд дутуу засвараа иргэдийн мөнгөөр хийлгэдэг зөрчил хавтгайрчээ –

Орон сууцын конторууд ус, дулаан, цахилгааны улсын дүрэм, журмыг дураар өөрчилдөг жишиг бүр тогтчихсон. Тэгвэл засвар, үйлчилгээний үнэ тарифыг бас хүссэнээрээ тогтоодог болжээ. Ажилчид нь үйлчилгээ үзүүлээгүй хэрнээ дуудлагын хөлс нэхэх нь энүүхэнд. Өгөхгүй бол байрны төлбөр дээр нь биччихнэ. Алчуур хатаагч сольсон ч, гоожуур засуулсан ч, халаагуураас хий авхуулсан ч ялгаагүй, цахилгаанчин, сантехникчийнх нь хэлснээр л байхгүй бол дараа нь илүүг ч төлж мэднэ. Улсын ажлыг гүйцэтгэдэг хувийн конторынхон ажилчдаасаа өгсүүлээд үйлчилгээний болон харилцааны наад захын соёлгүй. Дарга нар нь оршин суугчдыг цахилгаан, дулаанаар хангаж буй мэтээр “пээдийдэг”. Орон сууцын конторууд дамжуулах буюу төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг байгууллага болохоос иргэдийг чирэгдүүлж, хохироох эрх тэдэнд байхгүй. Харамсалтай нь, тэд үүнийг эсрэгээр нь ашигладаг, нэгдсэн дүрэм, журам, хуульд ч захирагдалгүй өдий хүрсэн. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын халаасыг “тэмтэрч” амьдардаг, хуулиас дээгүүр гишгэсэн хувийн конторуудад хяналт тавих цаг болсныг бид өмнөх нийтлэлээрээ сануулсан билээ.

Манай нийтлэлийн дараа орон сууцын зарим хорооллын оршин суугчид бидэнд хандаж, санал, гомдлоо холбогдох газарт уламжлуулахыг хүссэн юм. Баянгол дүүргийн XX хороонд байрлах “Эрин” хорооллын оршин суугч Б “Би нөхөр, хоёр хүүхдийн хамт тус хороололд 2019 оны дөрөвдүгээр сард нүүж ирсэн. “Эрин” хорооллын 12 давхар, долоон барилга нь тус бүр гурван орцтой, нийт 1280 айлтай. Өнгөрсөн сарын 29-нд 53/9 дүгээр байрны III орцны цахилгааны шийт 12 давхар хүртэл шатаж, оршин суугчид хүнд байдалд орсон. Галын улмаас тухайн орцны айлууд халаалтгүй хоёр, усгүй тав, цахилгаангүй найм хоносон. Дээрээс нь хиншүү хярвас үнэртээд, ярих юм биш. Нялх хүүхэдтэй бид ч гэртээ амьдрах боломжгүй болж, айл бараадсан. Улс даяар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж байхад хүүхдүүдээ дагуулаад олон хүнтэй айлд амьдарна гэдэг эрсдэлтэй. Манай хороолол “Эрин” констракшных. Гал гарах үед ажилчид нь ирж, хэвийн байдалд тэр доор нь оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл засварын ажлыг дуусгаагүй. Оршин суугчид хогондоо дарагдаад л сууж байна. Гал гарах үед орцны дохиолол, дээд давхруудад байрлах зориулалтын усны хоолойнууд ч ажиллаагүй” хэмээн ярилаа.

Тус хорооллын оршин суугчдын ярьснаар, хэрэглээний халуун ус нь байнга шахам, ялангуяа амралтын өдрүүдэд зэвтэй гоождог. Орцоо бараг цэвэрлэдэггүй. Долоон байрны дунд хэдхэн үйлчлэгчтэй, ачаалал ихтэй учраас ажилчин тогтдоггүй. Цахилгаан шат нь байнга эвдэрдэг. Оршин суугчид цахилгаан шатандаа олонтоо гацсан, буух давхарт хүрээгүй байхад хаалга нь онгойх зэргээр аюултай, чанарын шаардлага хангахгүй байгааг иргэд шүүмжилсэн. Түүнчлэн барилгыг барьсан “Эрин” констракшныхан орон сууцын контор ажиллуулдаг, контор нь СӨХ-гоо хариуцдагийг иргэн Б хэлэв. Тэрбээр “СӨХ-ныхон сар бүрийн тайлангаа оршин суугчдад тавьж байгаагүй. Хотхоны хараа хяналт, зохион байгуулалт маш муу. Өөр хорооллынхны машинуудыг зогсоохгүй хэмээгээд гадаах хаалгаа цоожилж, оршин суугчдад 23 000 төгрөгийн чип “шахсан”. Гэсэн ч үр дүн гараагүй. Эдгээр мэдээлэл нь бүгд үнэн бөгөөд холбогдох байгууллагад шалгуулж, эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй байна. Барилгын компани нь орон сууцын контор байгуулж, СӨХ-гоо давхар хариуцаж болдог юм уу” хэмээв. Түүний ярьсан дээр нэмээд, оршин суугч Ш “Эрин” контсракшныхан эхэндээ цөөхөн айлтай гээд СӨХ байгуулаагүй. Бүх байраа зарсны дараа буюу 2016 онд Ашиглалтын албаны өрөөндөө иргэдтэй уулзсан боловч өдий хүртэл оршин суугчдын төлөөллөөс бүрдсэн СӨХ байгуулахыг зөвшөөрөөгүй. Орон сууцын контор нэртэй барилгын компанийн Ашиглалтын албаныхан өнгөрсөн хугацаанд иргэдийг үл ойшоосоор ирсэн. Халуун, хүйтэн ус, цахилгааны үнийг өөрсдийн хүссэнээр бичиж, авдаг. Оршин суугчид эдгээр асуудлаа шийдүүлэхээр гарын үсэг цуглуулан, хорооллынхоо захиргаанд хоёр удаа хандсан ч авч хэлэлцээгүй. Сар бүр байрны төлбөр дээр урсгал засварын мөнгө авдаг хэрнээ хагарсан, эвдэрснийгээ янзалдаггүй” гэсэн юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд “Орон сууцаа хувьчилж авсан дөрөв буюу түүнээс олон иргэн нэгдэж, СӨХ байгуулах эрхтэй” гэж заасан. Харин барилгын компанийг СӨХ байгуулахыг эл хуулиар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн компани барилгаа Улсын комисст хүлээлгэж өгснөөр тэдний иргэдэд үзүүлэх үйлчилгээ нэг талаар дуусгавар болох учиртай. Харин ч ашиглалтад оруулсан байрандаа гурав хүртэлх жилийн баталгаа өгч, засвар, үйлчилгээ, доголдлыг нь бүрэн хариуцах ёстой атал барилгын компаниуд орон сууцын контор байгуулж, СӨХ-гоо давхар хариуцдаг буруу жишиг тогтсоны бэлээхэн жишээ. Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд дутуу үлдээсэн засварын ажлаа өөрийн хөрөнгөөр бус, иргэдийн мөнгөөр хийлгэдэг зөрчил хавтгайрсныг мэргэжлийн байгууллагынхны шалгалтаар илрүүлсэн байдаг.

Өөр нэг жишээ дурдъя. Баянгол дүүрэгт байрлах орон сууцын хэд хэдэн хороолол, хотхон, СӨХ-г хариуцаж, төлбөр, тооцоог нь хураадаг “Таун комфорт” ХХК-ийнхан хогны мөнгө хураах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ улсаас мөрддөг тарифыг нэмж, олон жилийн турш иргэдийг хохироож ирснийг “Зуун мод” СӨХ-ны дарга Б.Оюунням хэлсэн. Тэрбээр “Манайх “Таун комфорт” орон сууцын контортой 2013 оноос хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус конторын нэхэмжлэлийн дагуу оршин суугчид ус, дулаан, цахилгаан, хог зэрэг хэрэглээнийхээ, СӨХ дундын өмч болох орц, хонгилын давхрын халаалтын төлбөрийг тушааж ирсэн. Гэтэл “Таун комфорт” конторынхон хог хаягдлын хураамж, цэвэр, бохир ус, орц, зоорийн давхрын халаалтын мөнгийг үндэслэлгүй нэмж, авч байсныг холбогдох байгууллага тогтоосон. Зөвхөн манай СӨХ-ны харьяа 205 өрхөөс зургаан жил гаруй хугацаанд хогны мөнгийг сар бүр 500 төгрөгөөр нэмж авсныг Эрчим хүчний зохицуулах хорооныхон баталж, дүгнэлт хүртэл гаргаж өгсөн. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийн 2006 оны 182 дугаар тогтоолоор нэг өрхийн хог хаягдлын хураамжийг 2000 төгрөгөөр тооцож, өдий хүртэл мөрдөж буй. Гэтэл “Таун комфорт”-ынхон уг төлбөрийг дураар нэмж, өнгөрсөн хугацаанд 7.8 сая төгрөг завшсан. Үүнээс гадна цэвэр, бохир усны тариф нэмэх сургаар шийдвэр батлагдаагүй байхад буюу 2018 оны дөрөвдүгээр сард оршин суугчдаас нэмэгдсэн өртгөөр тооцож, төлбөр хураасан. Үүний улмаас 205 өрх үнийн дүнгийн зөрүүнээс 820 мянган төгрөг залилуулсан” гэсэн юм.

Орон сууцын конторууд ус, дулаан, цахилгаан, засвар, үйлчилгээнийхээ төлбөрийг энэ мэт олон янзаар, дураараа тогтоосоор байхад хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газар манайд алга. Хэрэглэгчийн эрх ашгийг нэгдүгээрт хамгаалах ёстой ШӨХТГ-ынхнаас энэ талаар тодруулахад уг асуудлыг мэддэг хүн нь нэг бол хөдөө явчихдаг, эсвэл мэдээлэл өгөхгүй гэх юм билээ.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-ынхны “Орон сууцын улсын болон хувийн конторуудын айл өрхүүдээс авах ус, дулаан, цахилгааны болон засвар, үйлчилгээний нэгдсэн тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг” гэсний дагуу тус хорооныхонтой холбогдсон юм. Гэвч “Манайх засвар, үйлчилгээний үнэ тарифыг баталдаггүй. Ус, дулаантай холбоотой дүрэм, журмаа л зохицуулдаг. Засвар, үйлчилгээний тарифыг ОСНААУГ-аас баталж, мөрддөг” гэх нь тэр. Үүний дагуу буцаад л ОСНААУГ-ынханд хандаж, учир явдлаа ойлгуулснаар ямартай ч улс, хувийн конторын одоо мөрдөж буй засвар, үйлчилгээний нэгдсэн тарифыг олж авлаа. Уг гарын авлагыг бүх контор ашигладаг бөгөөд олон хувилж, айл өрхүүдэд тараах нь тэдний үүрэг аж. Гэхдээ олонх нь эл үүргээ биелүүлдэггүй учраас иргэд залилуулсаар байна. Тиймээс энэхүү гарын авлагыг олж авах нь контортоо мадлуулахгүй байх гарц юм. Хэрвээ айл өрхүүдэд тарааж хүрэхгүй гэвэл ядаж төлбөртэй засвар, үйлчилгээ хийлгэсэн үедээ тухайн ажилчнаас нь тарифаа харуулахыг шаардах, төлбөр тооцоог байрны мөнгөний баримт дээр бичүүлэн, төлөх, тэгэхдээ үнэ, тарифт заавал үндэслэхийг мэргэжлийнхэн зөвлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)