Хур тунадас хүн төрөлхтний хүслэн болох арванд бэлэн үү

Хуурайшилт ихтэй арван жил айсуй, хохирол багатай туулах хар хайрцагны бодлого манай төр, засагт байна уу гэж асуух цаг тулав. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бороо, хур ихтэй байлаа. Үер хаа сайгүй гамшиг тарив. Манай улсын тариаланчид гэхэд л бороонд ногооруулан нялхруулсан буудайгаа хураах өдрөө товлож ядан, тэнгэр ширтэн өдөр, хоног тоолж сууна. Энэ нь өнөөдөр зовлон мэт. Харин ирэх арван жилд, нарийвчилбал 11 жилд бороо гээч нь хүн төрөлхтний хүслэн болох аж.

Уур амьсгал судлаачид дэлхийн цаг агаарын урьдчилсан төлвийг ийнхүү гаргаад байгаа юм. Одон орон судлаачдын дүгнэлтээр, 2020-2030 он хэт халуун, харин 2030-2040 онд эсрэгээрээ хэт хүйтэн байх юм байна. Энэ нь нарны идэвхжилийн 11 жилийн тойрогтой хамаатай.

Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас өнгөрсөн жил улс орнуудын Засгийн газруудад хандсан илгээлтдээ “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, цаг агаарын аюул гамшигт бэлэн байх чадвараа дээшлүүлэн, усныхаа нөөцөд улам илүү анхаарал хандуулахыг уриалж байна” хэмээн онцолсон. Тус илгээлтийг манай улсын Засгийн газар ч хүлээж авсан. Харин хүлээж аваад юу хийсэн бэ. Төрийн байгууллагууд болон хүн ардынхаа цаг агаарын аюул, гамшигт бэлэн байх чадварыг дээшлүүлэв үү. Хэрэгтэй үед гаргах ус нөөцөлж чадав уу, ядаж ажил эхлүүлэв үү.

Манай редакц энэ тухай сэдэв хөндөж эхний нийтлэлээ өнгөрсөн хавар бичсэн. Ус сувгийн удирдах газрын захиалгаар Туул гол дээр усан сан, ус дамжуулах шугам хоолой болон ус цэвэршүүлэх байгууламж барьснаар голын урсцын тохируулга хийж, гадаргын болон газрын доорх усыг хослуулснаар Улаанбаатар хотын ундны болон үйлдвэрийн ус хангамжийг шийдвэрлэх Туул усан цогцолбор барьж, байгуулахаар хүчтэй ярьж эхэлснээ таг болсноос өөр энэ чиглэлд анхаарч байгаа нь одоогоор харагдахгүй байна. Усан цогцолбор барихад шаардагдах 6.8 тэрбум төгрөг олдохгүй байна уу, эсвэл ийм төслөөр ТЭЗҮ-ийн мөнгө завшаад өнгөрсөн үү, эс бөгөөс ерөөс энд ийм цогцолбор барих боломжгүй юм уу. Эдгээр асуултад хот суурин газрын ус, хангамжтай холбоотой асуудлыг хариуцдаг БХБЯ-наас хариу нэхсэн, одоо хэр нь өгөхгүй, санаа тавихгүй л байна.

Мөн 20 гаруй, бараг 30-аад жил ярьж, хэн, хэзээ барихаа шийдэж ядан, улстөржүүлэн булаацалддаг Эгийн голын усан цахилгаан станцын хүрээнд 5.7 тэрбум шоо метр эзэлхүүнтэй усан сан барьж байгуулна гэсэн төсөл, төлөвлөгөө байдаг. Энэ нь бас явдаггүй ээ.

Өнөөдөр бороо хур элбэг, үер, усны аюулыг яая гэж байхад юун усан сан, хэт халуун, ган гачиг яриад байгаа юм бэ гэж эгдүүцэх хүн байж болох юм. Гэтэл дэлхий нийтийн өмнө ирэх 10 жилийн хуурайшилт, хэт халууныг хэрхэн давж туулах, бага зүдрэх тухай анхаарч, дор бүрнээ арга хэмжээ төлөвлөж байгаа аж. Ядаж л Дэлхийн цаг уурын байгууллагын удирдлага “Уур амьсгалын өөрчлөлтийг мэдэрч, цаг агаарын аюул гамшигт бэлэн байх чадвараа дээшлүүлэн, усныхаа нөөцөд улам илүү анхаарлаа хандуулахыг уриалж байна” гэж сануулсан нь хэрэг болж л байна.

Ердөө ирэх жил, тодруулбал түүний дараагийн оноос дэлхий даяар 2030 он хүртэл хэт хална. Харин 2030 оноос 2040 он хүртэл сүүлчийн 300 жилд тохиогоогүй хүйтэн болно. Нарны идэвхжилийн 26 дахь үе буюу тойрог гээч нь тийм аюул дагуулах ажээ. Агаарын температур сүүлчийн удаа 1645 онд их хэмжээгээр унаж хүйтэрсэн бөгөөд тэр байдал 1715 он хүртэл үргэлжилсэн юм байна. Энэ үзэгдлийг нарны идэвхжил судлаач, Английн одон оронч Эдвард Уолтер Маундерын нэрээр түүхэнд тэмдэглэжээ. Уур амьсгалын өөрчлөлт хэт халах тийш огцом эргэхэд юу болох вэ.

Манайхан өмнөд Хятад, Тайланд, Сингапурт амарч, зугаалж дадсан. Сүүлийн жилүүдэд Дубай, Хавай явлаа гэх болов. Европын аль гоё амралтын газарт тухалж, далайн эргийн наран шарлагын газарт алжаал тайлж хэвтдэг хүмүүс ч бий. Хоёр жилийн дараа буюу 2021 онд дулаан, байгалийн үзэсгэлэнт, нам гүм газар, магадгүй Туркийн Аланьи, Испанийн Коста-Дорада, Египет дэх Улаан тэнгисийн эргийн Хургада хэмээх, дэлхийн баячууд амарч зугаалдаг газруудад ээлжийн амралтаа өнгөрөөхөөр одооноос захиалга өгөх гэж байгаа бол азнах нь зүйтэй юм. Түүний оронд Их Британи, Герман, Балтын тэнгис орчмын орнууд, Дани, Скандинавын зэрэг улсыг онилох нь хожих бололтой. Яагаад гэвэл Египет, Тунис, Турк, Испани зэрэг улс хоёр жилийн дараагаас хэт халуунаас болж жуулчдын хувьд диваажингийн орон байхаа больж эхлэх гэнэ. Энэ тухай бичиж буй эх сурвалжууд хоёр жилийн дараа зүгээр ч нэг халуун болно гэхгүй, “зэрлэг” халуун айсуй хэмээж буй.

Өнөө ч халуун байдаг хэрнээ жуулчдын хөл тасардаггүй хотуудын тоонд ордог Дубайн аялал жуулчлалын компаниуд л бизнесээ авч үлдэхийн тулд, мөн юу чаддагаа харуулахын төлөө наран шарлагын газруудынхаа температурыг элсэн доогуур хүйтэн сэнс үлээлгэж зохист хэмжээнд барьж чадах болов уу. Гэхдээ л элсийг хүйтэн байлгаж болох авч, агаарын хэмийг хэнбугуай ч буулгаж чадахгүй шүү дээ, Тиймээс жуулчид ийм үйлчилгээг төдийлөн таашаахгүй байх хэмээн ёжлонгуй хэлсэн нь ч байна.

Уур амьсгал судлаачдын гаргасан урьдчилсан мэдээллүүдээр, дэлхий даяар цаашид өвөл бүр тэсгим хүйтэн, зун болгон тэсэхийн аргагүй халуун байх бололтой. Төсөөлөхөд цусны дээд, доод даралтын хэмжээ хэт холдсон өвчтөн мэт. Халуун, хүйтний үелзлээр дагнасан судлаачид энэ хоёр үзүүлэлт 2020 он гэхэд 1951-1999 он хүртэлх хугацаатай харьцуулахад тав дахин нэмэгдсэн бөгөөд энэ байдал 2030 он хүртэл хадгалагдана гэж үзэж буй аж. Ирэх арван жилийн цаг уурын төлөв ямар байхыг товчоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст дулаан байх бус, харин ган гачгийн байдалтай болно ч гэжээ. Стэнфордын их сургуулийн доктор Ноэль Диффенбаух “Уур амьсгал өдрөөс өдөрт, жилээс жилд, арван жилээс арван жилд өөрчлөгдөж байна. Цаг агаар хуурай, халуун байх нь хэвийн үзэгдэл болно” гэжээ. Хуурай, халуун байх гэдэг нь улс орнууд ган, халуун салхи, түймэр, ургац алдах гэх зэрэг давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч, чадлын хэрээр тэмцэнэ гэсэн үг. Үр тариа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж, хураахад хүндрэлтэй болно. Тэр үед хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байх болно. Амьдрал хүндэрнэ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ирэх арван жилд цагаачдын тоо 600 саяар нэмэгдэх аж. Энэ бол өдгөө далайн түвшнээс дээш 10 метрт оршдог газар нутгийн оршин суугчдын тоо юм. Далайн ус халж, түвшин нь эрс нэмэгдэхэл эрэг орчимд нь амьдрах аргагүй болно. Тэр үед орон гэр, хот, суурингүй болох иргэд бусад улс орныг зорьж амьдрал хайх болно. Улс орнуудын ачаалал нэмэгдэнэ.

Дэлхийн дулаарал жам ёсных, тойрч гарах аргагүй гэж үзэх эрдэмтэд бий ч олонх нь хүн төрөлхтөн эх дэлхийнхээ уур амьсгалыг өөрийн гараар өөрчилж, дулааруулж байна гэдэг. Энэ тухай хаана хаанаа ярьж, хэлэлцэж, асуудал дэвшүүлэн хуралдсаар буй билээ. НҮБ-ын индэр дээрээс байсхийгээд улс орон бүрийн Засгийн газарт хандаж, агаар мандалд нөлөөлж буй хүлэмжийн хийг бууруулах талаар үндэсний хэмжээнд арга хэмжээ авахыг зөвлөдөг. Дэлхийн температурыг ойрын 50 жилд хурдацтай бууруулахын тулд нүүрсхүчлээс бусад хүлэмжийн хийг багасгая гэдэг.

Хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй глобал асуудалд анхаарлаа хандуулж, зохих түвшинд оролцоотой байхын зэрэгцээ өөрийн оронд тулгарч буй, тухайлбал хоёр, гурван жилийн дараа орон даяар хэт халж, ургамал ногоо гандан, ургац алдаж, улаан шороо хийсээд ирэхийн цагт яаж амьдрах тухайгаа өнөөдөр төлөвлөх хэрэгтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)