“Хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал “Тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянга хүртэлх, 50 гаруй хувь нь доод хэмжээний буюу 350 мянган төгрөг авч байна. Энэ бол харамсалтай явдал. Улсынхаа хөгжлийн төлөө насаараа ажилласан хэрнээ амьжиргаагаа ч залгуулж чадахгүй амьдарч буй өнөөгийн нөхцөл нь тэтгэврийн системийг өөрчлөх хэрэгтэйг харуулж байна. Тиймээс өөрчлөлтийг эхлүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийг баталснаар өнөөдөр ажил хийж буй иргэд улсаас төдийгүй хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Тодруулбал, иргэн сар бүр төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээсээ дөрвөн хувийг нь Хувийн тэтгэврийн санд шилжүүлж эхэлнэ” гэдгийг танилцуулгадаа онцоллоо. Нэг удаа орон сууц худалдан авах, мөн эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд иргэн уг хуримтлалаасаа төлбөр гаргуулах боломжтой бөгөөд үр хүүхдэдээ хөрөнгийг нь өвлүүлж болохоор зохицуулалт оруулсан аж. Хувийн тэтгэврийн санг тусдаа хуулийн этгээд байгуулж, хариуцуулахаар төсөлд тусгасан гэнэ.

Өмнөх Засгийн газрын үед ХНХЯ-ныхны боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг С.Чинзориг сайд өргөн барьсан. Тэгвэл үүнд тусгасан гол зарчмуудыг дээрх хуулийн төсөлд нэгтгэх саналаа Н.Учрал гишүүн хэлсэн юм. Гишүүд Хувийн тэтгэврийн сангийн үүсгэн байгуулагч нь сангийнхаа 10-аас ихгүй хувийг эзэмшинэ гэхээр тогтвортой ажиллаж чадах, эсэхийг хөндөж, байр сууриа илэрхийлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)